Будант Альбионы нийслэлд эрэгтэйчүүдийн арван жинд боксчид өрсөлдөх бол эмэгтэй нударган зодоочид анх удаа гурван жинд өрсөлдөнө. Бүсгүй боксчид ялааны буюу 48-51 кг, хөнгөн буюу 57-60 кг, хагас хүнд буюу 69-75 кг-ийн жинд хүч сорих юм. Тухайн улсаас арав хүртэл эрэгтэй, гурав хүртэл эмэгтэй тулаанчаа (жин бүрт нэг) олимпийн дэвжээнд илгээх хэрэг. Гэхдээ боксын тамирчид 1978 оны эхний өдрөөс 1995 оны сүүлчийн өдрийн хооронд мэндэлсэн, хамгийн багадаа 16 нас хүрсэн байх ёстой. Урьд өмнөх олимпийн наадмаас ялгаатай нь “Лондон-2012”-ын эрхийн тэмцээн “World Series of Boxing” тэмцээнээр эхэлсэн. Сонирхогчдын боксын хүрээнд хагас мэргэжлийн гэмээр энэхүү тулааныг Олон улсын боксын холбоо санаачилж, таван жингийн тэргүүн нударгачдад олимпийн эрхийг шууд өгөх билээ. Манай улсаас гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ, Н.Төгсцогт, олон улсын хэмжээний мастер З.Энхзориг нар тус лигт хүч үзсэн боловч олимпийн эрхийн төлөөх өрсөлдөөнд шалгарч амжаагүй. WSB-т хувийн дүнгээр түрүүлсэн боксчид олимпийн чухам аль жинд эрх авахыг өөрсдөө сонгох аж. Дараагийн уламжлалт гэхээр сорилт бол есдүгээр сард Азербайжаны нийслэл Бакуд болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээн юм. Тэндээс жин бүрийн эхний арван тулаанч (-91 кг болон +91 кг-д тус бүр зургаан), нийтдээ 92 боксчин “Лондон-2012” олимпийн “виз”-ээ өвөртөлнө. Үүний дараа буюу 2012 оны гурав, дөрөвдүгээр сард болох тив бүрийн сонгон шалгаруулах цорын ганц тэмцээнээс нийтдээ 140 тулаанчийн эрхийг баталгаажуулах юм. Ингэснээр дээрх гурван давааны дараа Европын 78, Азийн 56, Америк тивийн 54, Африкийн 52, Далайн орнуудын 10 боксчин Лондонд зорчих эрхтэй болсон байна. Тив бүрт хамаарах эрхийг дээрх тоон хуваарилалтын дагуу олгох ажээ. Өөрөөр хэлбэл, Азийн боксчид ДАШТ-ий дараа 56 эрхээ нэгэнт авчихсан байвал шар тивд дахиж эрхийн тэмцээн явагдахгүй бололтой.
Эмэгтэй боксчдын олимпийн эрхээ олж авах ганц боломж нь 2012 оны тавдугаар сард БНХАУ-ын Чуньчинд болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээн юм байна. Тэнд жин бүрийн шилдэг наймд олимпийн эрх хүртээх боловч тэдгээр 24 азтаны дунд Европын 12, Ази, Америкаас тус бүр найм, Африкаас тав, Далайн орнуудаас гурван бүсгүй боксчин багтаах заавартай. Энэхүү хязгаараас хэтэрвэл бусад тивийнхэнд огшооно гэсэн үг. Олимпийн наадмыг зохион байгуулах Британийн арлынхнаас таван эрэгтэй, ганц бүсгүй боксчинг урилгаар оролцуулна. Бүх сонгон шалгаруулалт дуусмагц 19 цагаан хуудасны (найман эрэгтэй, 11 эмэгтэй) эздийг Олон улсын олимпийн хороо сонгохоор заажээ.

Ц.Баатар
Зохиогчийн эрх: “Спортын шуудан”