Монголчууд Тавантолгойн гортигны гадна үлдэх нь үү!

Хуучирсан мэдээ: 2010.04.16-нд нийтлэгдсэн

Монголчууд Тавантолгойн гортигны гадна үлдэх нь үү!

Засгийн газрын ээлжит бус хуралдааныг 2010.04.14-ний өдөр зарлаж Тавантолгойн асуудлыг хэлэлцэж магадгүй гэсэн зар бүдгэрэв. Албаны хүмүүс тийм тов тогтоогоогүй гэж тайлбарлаж байгаа юм. Өмнөх өдрийн Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэнэ гэж байсан ч бэлтгэл ажил хангалттай бус хэмээн хойшлуулсан.
Ихэнх сайдууд гадаад томилолтоос дөнгөж өглөө нь дөрөө мултлаад байснаас гадна хэлэлцэх асуудлын бэлтгэл хангалттай бус байсан бололтой юм. Олон нийтийн хувьд ч яг ямар асуудлыг хэлэлцэх нь тодорхой бус байсаар байна, Тавантолгой л гэсэн ерөнхий том “гарчиг” байснаас биш. Тавантолгойн орд газрын ашиглалтыг Засгийн газар түргэвчлүүлнэ гэж тунхагласан болохоос оператор компаниудыг хэрхэн тодруулах талаар ч “чиг” авчихмаар мэдээлэл байхгүй. Сангийн сайд С.Баярцогтын төсөрхөн хэвлэлд өгсөн ярилцлагаас хоёр консорциумд оператор компанийн эрхийг олгох юм байна гэсэн ерөнхий ойлголт л байгаа. Мэдээлэлд ойр эх сурвалжийн хэлснээр бол эдүгээ хоёр бус гурван консорциумд эрх олгох тухай яригдаж байгаа аж. Мэдээж хэн гээч аваргууд барианд ойрхон байгаа бол гэсэн асуулт сонирхол татаж байгаа биз дээ. Өнгөрсөн 2008 оноос хойш 11 консориум хөрөнгө оруулалт хийхээ илэрхийлсэн санал “өлгий”-дөө байж л байгаа. Гэтэл эдгээр аваргуудаас шалгаруулья гэтэл монголчууд хэрхэх билээ гэсэн том асуудал гарч ирээд байна. Албаны хүмүүс “Монгол компаниудынхаа оролцоог хэрхэн хангах талаар бид асуудал боловсруулж байна” гэж хэлэх нь үндэсний компаниудаа “харж” үзэж байгаа бодлого мэт боловч үнэндээ анхнаасаа монголчуудаа гортигны ард орхичихоод хэрхэхээ мэдэхгүй сандарч байгаа аж.
Анх монголчууд өөрсдөө олборлолтоо хийн хөрөнгө оруулалт хийх хамтрагчаа сонгоно гэсэн байдлаар саналыг авсан болохоор дээр дурдсан эхний шатны шалгаруулалтад тэнцсэн 11 консорциум дотор ганц ч Монголын “үнэр”-тэй компани байхгүй бололтой. Дэлхийн хэмжээний нөөцийн, Монголдоо бол хоёр дахь том төсөл эхлэх гэж байхад монголчуудынхаа оролцоог тодорхойлоогүй байх нь ёстой л иргэний дайн дэгдээм хэрэг болох биз. Тиймээс Засгийн газар Монголын компаниудийг хэрхэн оролцуулах талаар концепци боловсруулах том ажил ундраад байгаа аж. Засгийн газар сүүлийн хэдэн жил яригдаж байгаа том асуудал гэхэд гэнэтийн гэмээр байдлаар оператор компани ажиллуулна гээд зарлачихсан. Анхны тендерт нь дан гадаадын консорциумуудын саналыг авчихсан. Ийм л ацан шалаанд Засгийн газар орчихов. Стратегийн ордоо ийнхүү монголчуудаас оролцох ямар ч боломжгүйгээр гадныхны дунд явуулсан тендерээр үргэлжлүүлэх юм бол юу болохыг тааж ядах юмгүй.
Одоо  тогтоод байгаагаар бол оператор компани болохын тулд чамгүй их хэмжээний урьдчилгаа төлж, түүгээрээ Засгийн газар 1,5 саяын амлалтаа биелүүлэх ёстой. Монголын компаниудыг оролцуулья гэвч, дангаараа бол урьдчилгаа төлбөрийг ч төлөх бяд дутаад байгаа болохоор дотооддоо өөрсдөө нийлээд эсвэл гадаадынхантай консорциум болох буюу гадны хөрөнгө оруулагчдаа олж олборлолтод оролцуулах маягийн зүйл одоо ярьж хэлэлцэж байгаа аж.
Энэ бол “Харийнханд боломж олгож, үндэстний компаниудаа гортигны гадаа үлдээсэн Засгийн газар, УИХ тар” гэхэд хангалттай шалтгаан. Монголын компаниудын хувьд ч үнэхээр гомдолтой байх нь тодорхой. Хэдийгээр тэд маань дэлхийн хэмжээний акулуудтай өрсөлдөх бяр бага, балчир байгаа ч гэсэн. Энд бас Монголын арав гаруй том компани эзэмшиж байсан Тавантолгойн ордын лицензийг хатуухан хэлэхэд төр дээрэмдэх шахам авсан. Дээр нь бас ах-хөршийнхөн Тавантолгой руу ямар нэгэн байдлаар орох хатуу шахаа хийж байгаа. Монголын компаниуд дангаараа бол урьдчилгаа төлбөрийг ч төлөх бяд дутаад байгаа болохоор дотооддоо өөрсдөө нийлээд эсвэл гадаадынхантай консорциум болох буюу гадны хөрөнгө оруулагчдаа олж олборлолтод оролцуулах маягийн зүйл одоо ярьж хэлэлцэж байгаа аж.
 Хатуу шахаанд орсон Засгийн газар уржигдар үнэндээ бол журам, төслөө бэлтгээ ч үгүй байсан мөртлөө хүнд байдлаас түр ч гэсэн ангижрахын тулд хэлэлцэх асуудлын жагсаалтад ёс төдий оруулаад , хойшлуулсан гэсэн яриа байна. Яагаад гэвэл УИХ тэдэнд Тавантолгойн бэлтгэл ажлыг яаравчлан хангаад хаврын чуулганы эхээр оруулж ир гэсэн үүрэг өгчихсөн. УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Шаравдорж “Засгийн газар УИХ-ын өгсөн хоёр, гурван ч асуудлыг биелүүлээгүй л байгаа” гэж зуунги хэлж байсныг санаж буй биз ээ. Саяхан МАХН-ын дарга болсон Ерөнхий сайд нь иргэдэд өгнө гэсэн 1,5 сая төгрөгөө Тавантолгойгоос олж ирнэ гээд зарлачихсан байдаг.
Ийн шахаанд орж байгаа Засгийн газар ямар ч гэсэн ойрын хугацаанд Тавантолгойн асуудлыг танхимаараа хэлэлцээд УИХ-д оруулахаар бачимдаж байна.

А.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж