Хуучирсан мэдээ: 2014.12.12-нд нийтлэгдсэн

НАМЭХ 20 нас хүрлээ

Монголын мянга мянган эмэгтэйчүүдийн оюун санаа, итгэл сэтгэлийн зангилаа болсон Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ой энэ сарын 15-нд буюу ирэх даваа гаригт Тусгаар Тогтнолын Ордонд болох гэж байна.

НАМЭХ-ны 20 жилийн ойн баярын Үндэсний чуулганд эх орны өнцөг булан бүрээс ирсэн 1000 эмэгтэй оролцож, “Эмэгтэйчүүд-Нийгмийн хөгжил”, “Эмэгтэйчүүд-Улс төр” зэрэг сэдвийн дор хэлэлцүүлэг өрнүүлж, бүтээсэн түүх ололт амжилтаа дүгнэн ярилцах юм.

Монголын эмэгтэйчүүдийн байгууллагуудын гол бүрэлдэхүүн болох НАМЭХ түрүү жилээс эхлэн шинэ бүтэц зохион байгуулалтаар ажиллаж буй. Тэрхүү шинэ бүтэц  “Монголын эмэгтэйчүүдийн амьдралын чанарын судалгаа”-г хийсэн ба дүнг нь ирэх долоо хоногт болох ойн баярын арга хэмжээнийхээ үеэр танилцуулах ажээ.

Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, жендерийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл, эмэгтэйчүүдийн өвчлөлийн тухай тодорхой нэг сэдэв, чиглэлээр хийсэн судалгаа цөөнгүй ч Монголын эмэгтэйчүүдийн амьдралын чанар, наад захын хэрэгцээгээ хангах нөхцөл бололцоог тусгайлан судалсан тодорхой баримт бичиг төдийлөн байдаггүй. Харин НАМЭХ-ны “Монголын эмэгтэйчүүдийн амьдралын чанарын судалгаа” нь урьд өмнө хийгдэж байгаагүй өргөн цар хүрээнд явагдсанаараа онцлог аж. Тодруулбал, 21 аймаг, 9 дүүргийн нийт 20  мянган эмэгтэйг хамруулжээ. Улсын хэмжээгээр хийсэн түүвэрлэлтээс харахад нийт 18 наснаас дээш эмэгтэйчүүдийн 56.4 хувь нь хөдөө орон нутагт үлдсэн 43.6 хувь нь Улаанбаатар хотод амьдардаг байна. Тиймээс судалгааг тухайн бүс нутгийн 100 эмэгтэй тутмын гурваас нь авсан гэж үзэж болох юм.

Түүнчлэн баярын чуулганаар МАН-ын 2016 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт эмэгтэйчүүдийн талаар оруулах бодлогын шинжтэй асуудлуудыг шүүн хэлцэх юм байна. Энэхүү арга хэмжээ нь үндэсний хэмжээнд зохион байгуулж байгаагаараа онцлог бөгөөд эмэгтэйчүүдийн нийгэм-улс төрийн идэвхийг дээшлүүлж, НАМЭХ-ны болон орон нутагт байгаа салбаруудынхаа үйл ажиллагааг сайжруулахад чухал ач холбогдолтой гэж үзэж байгаа ажээ. Чуулганаас Монголын нийт эмэгтэйчүүдэд хандаж Уриалга гаргах аж.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж