Төрийн ой санамжийг сайжруулах шаардлага байна гэв

Хуучирсан мэдээ: 2011.05.25-нд нийтлэгдсэн

Төрийн ой санамжийг сайжруулах шаардлага байна гэв

Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо хамтран Төрийн ордны Их танхимд улсын зөвлөгөөн зохион байгуулж байна. Зөвлөгөөнд гадаад, дотоодын 600 гаруй төлөөлөгч оролцож буй бөгөөд салбарын өмнө тулгамдаж буй асуудал, ирэх жилүүдэд гүйцэтгэх ажлынхаа зорилгыг тодорхойлох учиртай. Ингэхдээ салбарын хүрээнд төрөөс баримтлах бодлогын баримт бичгийн тоймыг гаргахад энэ удаагийн зөвлөгөөний зорилго оршиж байна.

Энэхүү зөвлөгөөнд Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газрын дарга Ж.Бат-Эрдэнэ илтгэл тавилаа. Түүнд дурдсанаар төр, бизнес эрхлэгчдийг холбосон цахим үйлчилгээг шинэ шатанд гаргах, төрийн цахим ой санамжийг сайжруулах, тэр дундаа мэдээллийн аюулгүй байдлыг хангах асуудал салбарынхны нэн тэргүүний хийх ажил болохыг илтгэлдээ онцоллоо. Төр, бизнес эрхлэгчдийг холбосон цахим сүлжээг бий болгосноор төрийн үйлчилгээний хүнд суртал багасах учиртай. Нөгөө талаасаа нийгмийг хэрээд байгаа авлига хээл хахууль ч тодорхой хэмжээгээр хязгаарлагдах бололцоо бий аж.

Мөн тоон судалгааг авч үзвэл сүүлийн жилүүдэд энэ салбар бусдаасаа хамгийн тэргүүлэх зэрэгтэйгээр хөгжжээ.  Интернэт хэрэглэгчдийн тоо жилээс жилд өсөн нэмэгдсээр 2010 онд 500 мянгад хүрсэн нь хөгжлөөрөө ижил төвшинд яваа бусад орнуудтай харьцуулахад чамлахааргүй амжилт гэнэ. Олон сувгийн хэрэглэгчийн тоо 210 мянгад хүрсэн, одоо гол нь энэ үйлчилгээг төв суурин газар, орон нутагт амьдарч байгаагаас үл хамааруулан хүргэх явдал чухал. Түүнчлэн энэ салбарынхан өнгөрсөн онд 470.9 тэрбум төгрөгийн орлого олж, улсын төсөвт 81.9 тэрбум төгрөгийг татварт төвлөрүүлсэн.  Мөн салбарынхаа хэмжээнд 90 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Гадаад төвшинд Монгол Улсын Мэдээлэл, шуудан харилцаа холбооны салбарынхны амжилт ахицтай гарсныг ч энэ үеэр онцоллоо.

Гэхдээ өнгөрсөн хугацаанд салбарын хэмжээнд гарсан амжилт чамгүй байгаа боловч анхаарах асуудал бий аж. Энэ нь команиудын дунд хэт өрсөлдөөн бий болсноос үр ашиггүй зардал ихээр гаргах болжээ. Тэр дундаа үүрэн холбооны оператор команиудын дунд сүлжээний давхардал ихээр гарах болсон аж. Тиймээс цаашид энэ чиглэлд  анхаарах шаардлага бий гэнэ. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 2.3 сая гаруй  иргэн гар утас идэвхитэй ашиглаж буй гэх мэдээлэл бас байна.
Зөвлөгөөн үргэлжилж байна.

Г.Дасрь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж