Виктор Ан: Би Орост Виктор Цой шиг алдаршихыг хүссэн
Шорт-трекийн өнөө цагийн хамгийн алдартай тамирчин бол Виктор Ан. БНСУ, улмаар ОХУ-ын шигшээ багт хүчин зүтгэх болсон тэрбээр олимп, дэлхийн тус бүр зургаан удаагийн аварга билээ. ОХУ-ын “Афиша” сэтгүүлд түүнтэй хийсэн сонирхолтой ярилцлага нийтлэгдсэнийг орчуулан хүргэж байна.
-Ан Хен Су та 2011 оноос хойш Виктор Ан нэртэй болсон. Тэр үеийг эргэн дурсахгүй юу?
-Би Турины өвлийн олимпоос БНСУ-д гурван алтан медаль авчирсан ч дараа нь хүнд бэртсэн. Тиймээс намайг Ванкуверийн олимпод явуулаагүй. Аав бид хоёр олимпийн дараа ямар орны өмнөөс уралдахаа судалж эхэлсэн. Тэр үед би Оросын шорт-трекийн холбооны дарга Андрей Минцевтэй уулзаж билээ. Хэдийгээр би олон орны тухай бодож байсан ч хамгийн түрүүнд Оростой шууд холбогдсон нь тэр. Тэгээд л бид жилийн дотор бүх зүйл дээр тохиролцож чадсан.
-Оросын иргэн болгох гэж танд асар их мөнгө төлсөн тухай яриа Сочигийн олимпийн үеэр гарсан. Яг юу болсон юм бэ?
-Юу, надад хэн ч ямар ч мөнгө төлөөгүй. Надад хэдийг өгсөн гэж ярьсан юм?
-Сая евро.
-Үгүй дээ. Хэн ч надад тийм их мөнгө өгөөгүй. Дасгал сургуулилалтаа үргэлжлүүлэх газар хайж байсан минь л үнэн. Би бусад тамирчны адил нөхцөлд бэлтгэлээ базааж, адилхан цалин авч байсан. Тэгээд ч Орост ирэхэд миний биеийн байдал сайнгүй байлаа. Бэртлээ дөнгөж эдгээж байсан юм шүү дээ. Өөрөөр хэлбэл Оросын шорт-трекийн холбоо надтай холбогдсоноор их эрсдэл хүлээсэн. Иймд мөнгөний тухай ямар нэг асуудал хөндөгдөөгүй.
-Та солонгос гаралтай алдарт рок дуучин Виктор Цойтой адилхан нэр авсан. Хэн тэгж шийдсэн бэ?
-Тэшүүрийн холбооны ерөнхийлөгч Алексей Кравцов, аав, бид гурав хамтдаа сууж байгаад ингэж шийдсэн юм. Виктор гэдэг “Ялан дийлэгч” гэсэн сайхан утгатай нэр болохыг дэлхий даяар мэднэ шүү дээ. Тэгээд ч би Орост Виктор Цой шиг алдаршихыг хүссэн юм.
-Та өмнө нь Виктор Цойн тухай дуулж байсан уу. Түүний уран бүтээлээс мэдэх үү?
-Надад хүмүүс хэлж өгсөн л дөө. Би түүний “Группа крови” (Цусны бүлэг) гэсэн ганцхан дууг л мэднэ. Янзын гоё дуу.
-Та одоог хүртэл өөрийгөө солонгос соёл дунд байлгадаг юм шиг санагддаг. “К-поп” хөгжим сонсч, Солонгосын телевиз үзсээр байгаа юу?
-Ер нь би хөгжим сонсох дуртай, дан ганц “К-поп” ч биш. Машин дотроо радио асааж танай хөгжмийг дуртайяа сонсдог.
-Олимпийн наадмын дараа та манай номер нэг тамирчин болсон. Телевизийн урилга, даллагад дарагдсан байх даа. Тэдгээрээс хаана очсон нь илүү таалагдав?
-Би Оросын телевизэд анх Иван Ургантын нэвтрүүлэгт оролцсон. Иван их хөгжилтэй, үргэлж хошигнодог сайн залуу юм билээ. Би инээдээ барьж дийлэхгүй байсаар нэвтрүүлгийг дуусгасан юм.
-Оросын телевиз Солонгосынхоос юугаар ялгаатай вэ?
-Солонгост “Од болохын хүслэн” маягийн нэвтрүүлэг олон. Ер нь телевиз шинэ оддыг төрүүлж шоу бизнесийг ихээр дэмждэг. Харин танайд би тийм зүйл олж хараагүй. Гэхдээ би тийм нэвтрүүлэг гарах үед нь унтдаг байж магадгүй.
-Тэгэхээр та Оросын телевизийг бас үздэг байх нь ээ. “Гэрлэе”, “Цагдаа нарын дайн” гээд л…
-Үгүй үгүй. Би үзэхээс илүү сонсч, ямар нэг үгийн утгыг ойлгохыг хичээдэг. Би чинь орос хэл сурч байгаа хүн шүү дээ. Үүнд маань телевиз их тус болдог. Би ихэнхдээ бэлтгэл хийнэ, эсвэл унтдаг. Бэлтгэл дээрээ маш их ядардаг.
-Манайхны бэлтгэл Солонгосынхоос ялгаатай юм уу?
-Солонгост илүү их бэлтгэл хийдэг. Оросын шигшээ багийн франц дасгалжуулагч бэлтгэлийн өөрийн гэсэн системтэй. Бид цаг хугацааны хувьд бага ч илүү эрчимжсэн бэлтгэл хийдэг. Би одоо солонгосуудтай хамт бэлтгэл хийж чадахгүй л болов уу. Бие маань ачааллыг нь дийлэхгүй байх аа.
-Яагаад тэр вэ. Та одоо дөнгөж 28 настай шүү дээ?
-Гэхдээ л шорт-трекийн хувьд би хэдийнэ “бабушка” (эмээ) болсон. Манай багт 32 настай Владимир Григорьев бий. Гэтэл тэр маань шорт-трекийн дэлхийн хамгийн настай тамирчин боллоо шүү дээ. Дараа жил Москвад болох ДАШТ-д оролцоод их спортод үлдэх эсэхээ шийдэх болов уу. Би ч мөн ялгаагүй. Олигтой амжилт үзүүлж чадахгүй ч байж болох шүү дээ. Гэхдээ л би спортыг орхихыг хүсдэггүй. Боломж олдвол 2018 оны Пёнчаны олимпод оролцоно.
-Тийшээ очвол ойр дотны хүмүүс тань угтана. Гэвч та Оросын нэрийн өмнөөс уралдана. Эвгүй санагдахгүй юу?
-Би Сөүлд Оросын нэрийн өмнөөс уралдахад гайгүй л байна билээ. Харин ч намайг маш дотно хүлээж авсан. Миний хөргийг барьсан хөгжөөн дэмжигч цөөнгүй байсан шүү.
-Уг нь тэд танд гомдож ч болох шүү дээ?
-Тийм л дээ. Гэхдээ Солонгос бол Оросын адил миний орон шүү дээ.
-Сочигийн олимпод Өмнөд Солонгосын шорт-трекчид ердөө гурван алтан медаль хүртсэн. Таныхыг нэмбэл зургаа болох байлаа. Солонгосуудаас уурлаж гомдсон захидал аваагүй юу?
-Үгүй ээ. Харин Сочигоос хойш Солонгост олимпод оролцох тамирчдаа шигшиж авах системдээ өөрчлөлт оруулсан байна билээ. Надаас л болсон болов уу гэж бодсон. Урьд нь олимпоос жилийн өмнө болсон тэмцээнээс шорт-трекийн шигшээ багийг бүрдүүлж байсан юм. Үүнээс болж л намайг 2010 оны Ванкуверийн наадамд аваагүй. Тэгвэл одоо шигшилтийн давхар системд шилжсэн. Эхний тэмцээн дөрөвдүгээр, удаах нь аравдугаар сард болдог болсон байна.
-Пёнчаны олимп Сочигийн цар хүрээнд хүрч чадах уу. Эсвэл олимпод тийм их хөрөнгө гаргахгүй юу?
-Тэнд үнэхээр олон зүйл барих шаардлагатай. Хүндрэлтэй асуудал ч их гарах бололтой. Оршин суугчид нь газрын унаган төрхийг өөрчилж, экологи хохирч буйг ч шүүмжилж байна. Гэхдээ хамгийн гол нь олимпийн дараа барьж босгосон объектуудыг ямар нэгэн байдлаар ашиглах нь чухал.
-Энэ тал дээр асуудал гарахгүй байлгүй дээ. Пёнчан алдартай амралтын газар шүү дээ?
-Пёнчан олимпийн наадмыг хүлээн авахыг ихэд эрмэлзсэн ч гурав дахь оролдлогоосоо л санасандаа хүрсэн. Энэ хооронд тус хотод их зүйл хийж, жуулчид ч ихээр ирэх болжээ. Харин миний хувьд дараагийн олимп Солонгос юм уу өөр хаа нэгтээ болох нь тийм ч чухал биш. Зүгээр л дахин нэг оролцож түрүүлэхийг л хүсч байна.
-Оросын олон тамирчин “Алтан медалийг эх орныхоо төлөө авдаг” гэж ярьдаг, үүндээ ч итгэдэг. Тэгвэл таны бодлоор тамирчин хүн алтан медалийг юуны түрүүнд өөртөө зориулж авдаг уу, эсвэл эх орондоо юу?
-Олимпоос алтан медаль авсан бүх тамирчин шууд түүхэнд нэрээ сийлдэг. Эх орон, өөрийнхөө төлөө зүтгэдэг нь тийм ч чухал биш. Энэ хоёр хүчин зүйл тэртэй тэргүй хоорондоо нягт уялдаа холбоотой. Сочи миний хувьд нутагтаа оролцсон анхны олимп байлаа. Хөгжөөн дэмжигчдийн дэмжлэгийг анх удаа ихээр авсан. 500 метрийн зайд түрүүлснийхээ дараа би “Баярлалаа” гэсэн бичигтэй Оросын далбааг намируулсан юм. Талархлаа илэрхийлэхийг үнэхээр их хүсч байсан учраас л тэр.
-Спортын яам Сочид алтан медаль хүртсэн тамирчин бүрийг дөрвөн сая рублиэр урамшуулсан. Дээр нь тамирчны бүс нутаг ч зохих шагнал гардуулсан. Виктор Ан Солонгосыг төлөөлж оролцсон бол хэдий хэмжээний шагнал авах байсан бол?
-Алтан медаль тус бүрт ойролцоогоор 60 мянган евро. Үүн дээр ивээн тэтгэгчдийн мөнгөн урамшуулал нэмэгдэнэ. Тэглээ гээд Оросынхоос бага л байх байсан. Ер нь энд мөнгө чухал биш шүү дээ. Норвег, Швед гээд олимпоос медаль хүртсэний төлөө шагналын мөнгө өгдөггүй орон ч бий. Гэтэл тэдгээр орны тамирчид алтан медалийн төлөө бусдаас дутуугүй тэмүүлдэг юм.
-Орост таныг “Витя” гэж өхөөрдөн дуудаж, бүгд л манай хүн гэж үздэг. Олимпийн дараа байшин, орон сууц бэлэглэсэн. Гэвч энэ бүхнээс өмнө танд тийм ч амар байгаагүй болов уу?
-Тийм шүү. Эхэндээ бүх юм хачин жигтэй санагдаж, би бэлтгэлээс өөр юм хийдэггүй байлаа. Шигшээ багийнхантай л харилцана. Тэд намайг анх ирэхэд хүчтэй тамирчин гэж бодсон юм билээ. Тэгээд намайг тааруухан амжилт үзүүлээд байхаар, “Яах гэж ирсэн юм бол доо” гээд гайхширдаг байсан гэсэн. Гэхдээ хүний хувьд надад сайн ханддаг байсан л даа. Эхнэр маань жилийн дараа над дээр ирснээр бүх юм аажмаар зүгширсэн дээ.
-Эхний жилд танд чухам юу хамгийн ихээр дутагдсан бэ?
-Ойр дотно харилцаа. Надтай ярих ч хүн олддоггүй байлаа. Бэлтгэлийн үеэр эргэн тойрны хүмүүстэй ямар нэгэн байдлаар харилцана. Бэлтгэл дуусахад хажууд ойр дотны найз нөхөд, садан төрөл, эхнэр гээд нэг ч хүн байхгүй нь хэцүү санагдсан.
-Оросууд хүний хувьд солонгосуудаас нэлээд өөр биз?
-Үнэндээ их төстэй юм билээ. Эхэндээ ч оросууд их хүйтэн, найрсаг биш санагддаг байлаа. Ялангуяа зоогийн газруудад. Хэрэв Солонгост ямар нэг кафед орвол бүгд л инээмсэглэн дотно харилцдаг юм. Танайд тийм юм үгүй. Оросууд хоорондоо үргэлж хэрэлдэж маргалддаг юм шиг санагддаг байсан нь орос хэл мэддэггүй байсантай холбоотой л доо. Харин орос хэл бага зэрэг хахир болоод л надад тэгж санагддаг байсныг сүүлд ойлгосон. Үнэндээ бол та нар их зөөлөн сэтгэлтэй хүмүүс шүү.
-Москвагийн солонгос зоогийн газрууд таалагддаг уу?
-Таалагддаг. Би “Кимчи”, “Сөүл” зоогийн газарт хооллох дуртай. Би Орост ирснээр талханд дуртай болсон. Өмнө нь иддэггүй байсан ч орос талх үнэхээр амттайг мэдсэн. Бас нэг зүйл хэлэхэд оросууд нэг нэгэндээ чөлөөтэй хүрч харилцдаг. Мэндлэхдээ хүртэл гар барьж, тэврэлдэн үнсэлцдэг. Манайд ингэх нь цээртэй гэх үү дээ.
-Танд орчуулагч хааяа л туслах юм. Оросоор сайн ойлгодог болжээ. Та ирээд шууд л орос хэл сурахаар шийдсэн үү?
-Тэгэлгүй яах вэ. Би чинь Орост амьдрахаар шийсэн хүн шүү дээ. Үүнд хэлнээс чухал зүйл гэж үгүй. Эхний жил хэл мэдэхгүй үнэхээр эвгүй байсан.
-Та “Их спортыг орхисныхоо дараа ч Орост амьдрах болно” гэсэн. Энэ сонголтдоо харамсдаг уу. Украин дахь үйл явдлаас болоод хүмүүсийн манай оронд хандах хандлага сайн тал руу эргээгүй шүү дээ…
-Үгүй дээ. Би улс төртэй холбоогүй хүн. “Макдональдс”-ийн зарим газар хаагдаж байгаа тухай л сонссон. Өөр мэдэх зүйл үнэндээ алга. Би танай орны ач тусаар олимпийн гурван алтан медаль хүртсэн хүн. Иймд Орос бол миний эх орон болсон.
-Манай Спортын сайд Виталий Мутко амжилт гаргах гадаадын тамирчин болох таныг, сноубордчин Вик Уайлд зэргийг улсынхаа иргэн болгосноосоо ичдэггүй. Тэгвэл медалийн төлөө үхэн хатан тэмцдэг Солонгос, Хятад яагаад энэ замаар явдаггүй юм бэ?
-Солонгост ч ийм зүйл бий. Жишээ нь ширээний теннисний шигшээ багт хятад тамирчин хүчин зүтгэдэг. Солонгосын сагсан бөмбөгийн шигшээ багт ч хятадууд тоглодог. Харин Америкийн бейсболын лигт солонгос тамирчин цөөнгүй шүү.
-Тийм үү. Та бас бейсболд дуртай юу?
-Маш дуртай. Миний төрж өссөн Сөүлд бейсболын талбай олон байдаг. Би өмнө нь тоглодог байлаа. Солонгосын бейсболын лиг хүчтэй. Ер нь Солонгосын хамгийн түгээмэл спортын төрөл гэвэл бейсбол, сагсан бөмбөг, хөлбөмбөг, волейбол юм.
-Та ямар багуудыг хөгжөөн дэмждэг вэ?
-Бейсболд бол “Лос-Анжелес Дожерс”. Энэ багт мөн солонгос тамирчин бий. Орост ирээд сагсан бөмбөг үзэхээ больсон ч Английн хөлбөмбөгийг хардаг.
-“Манчестер Юнайтед”-ыг хөгжөөн дэмждэг үү. Тэнд Пак Жи Сүн тоглодог байсан шүү дээ…
-Мэдээж. Солонгос даяар л түүнийг хэрхэн тоглохыг ажигладаг байлаа. Пак Жи Сүн “Манчестер Юнайтед”-ыг хоёр жилийн өмнө орхисон ч би энэ багийн хөгжөөн дэмжигч хэвээрээ.
-Хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр Орос, Өмнөд Солонгос хоорондоо тоглосон. Та аль багийг дэмжиж байв?
-Тэнцээсэй, хэсгээсээ хоёулаа шалгараасай гэж хүсч байсан. Харамсалтай нь хоёулаа хэсгээсээ гарч чадаагүй.
-Хятад, Солонгос хоёр яагаад жилээс жилд улам их медаль аваад байна вэ. Ази спортын ертөнцийг юуны учир эзлэх болов оо?
-Дотоодын өрсөлдөөн их болоод л тэр болов уу. Дасгалжуулагчид үй олон тамирчнаас шилдгийн шилдгүүдийг л сонгон авч байна шүү дээ.
Б.БАРС
Эх сурвалж: "СПОРТЫН ӨНГӨ" сонин