Хүн төрөлхтний амьдралд өөрчлөлт авчирсан гайхалтай содон нээлт болон бүтээлийг бий болгож, дэлхийн түүхэнд нэрээ үлдээсэн 10 хүүхдийн тухай сонирхолтой мэдээллийг хүргэе.
10. Олимпийн шинэ төрөл Trampoline ба Жорж Ниссен
Зуны олимпод ордог трамплины /Үсэрдэг тавцангийн/ төрлийг бүгд мэднэ. Тэгвэл энэ төрлийг 1930 онд Жорж Ниссен хэмээх 16 настай гимнастикч жаал анх сэджээ. Түүнд циркийн гимнастикчид тоглолтын үеэр хамгаалалтын торон дээр үсэрч буухыг хараад, өндөрт үсэргэдэг ямар нэгэн зүйл хийх санаа төржээ. 16 настай жаал гэртээ эргэж ирээд хатуу даавуун эдийг бэхэлж байгаад хамгийн анхны туршилтаа хийж, улмаар судалгаа тооцоо хийн, судалгаа болон өргөжүүлж, дээд сургуулийн бакалаврын дипломоо авахдаа патентжуулж авчээ. Жорж Ниссений шинэ санаа, трамплиныг спортын төрөл болгон хөгжүүлэхээр бүх л насаараа зүтгэсэн хөдөлмөр талаар болсонгүй. Энэ төрөл 2000 онд Сиднейн олимпийн наадамд багтаж орсон юм.
9. Телевизор ба 14 настай Фил Фарнсворт
Ирээдүйн алдартай зохион бүтээгч, инженер, физикч эрдэмтэн Фил Фарнсворт телевизорыг бусдаас түрүүнд санааг нь олж бүтээхдээ 14 настай жаалхүү байлаа. Тэрээр зайнаас дүрс дамжуулах схемийг анх удаа зохион бүтээж, улмаар физикийн биетүүдийг цахилгаан гүйдлийн тусламжтайгаар дүрс дамжуулагч болгон хувиргаж чадсан юм. Гайхалтай нь, энэ санаагаа Фило Фарнсворт хүү төмсний талбайд ажиллаж байгаад олсон гэдэг. Бидэнд телевиз үзэх боломж олгосон жаалхүү ирээдүйд радио, телевизийн 165 патентыг эзэмшигч болсон төдийгүй 32 настайдаа “Фарнсвортын телевиз радиогийн корпораци”-ийн эзэн болсон байлаа.
8. Анжис ба 15 настай Сайрус Маккормик
Сайрус Маккормик гэх 15 настай хүү 1824 онд нэгэн гайхалтай санааг сэджээ. АНУ-ын Виржина мужийн фермерийн хүү хар багаасаа л аав, ээжийгээ өдөржин тариан талбайд хүнд хөдөлмөр эрхлэхийг харж өсөхдөө туслахыг хичээдэг байсан гэнэ. Улмаар Сайрус Маккормик механик хадуур бүхий төхөөрөмж бүтээж, үүнийгээ моринд хөллөн, тариа ногоогоо хадах болсноор бүх дэлхийн тариачид, фермерүүдийн хөдөлмөрийг хөнгөвчилж чадсан юм. Хожим нь Сайрус Америкийн хөдөө аж ахуйн салбарын тэрбумтан болсон юм.
7. Цаснаа явагч ба Жозеф Арманд Бомбардьер /15 настай/
Цаснаа явагч хэмээх цасан дээгүүр айхтар хурдалдаг унаа байдаг. Үүнийг мөн л хүүхэд зохиосон юм. 1922 онд Жозеф Арманд Бомбардьер гэх хүү 15 настай байхдаа аавынхаа хуучин “Форд” машиныг засах дуртай байжээ.
Тэрээр нэг удаа машины урд дугуйг цанаар сольж, ар талын дугуйнд нь гинж хийж турштал их цасан дээгүүр маш хурдтай давхижээ. Энэ бол дэлхийн хамгийн анхны цаснаа явагч юм. 15 жилийн дараа энэ цаснаа явагчийг сайжруулан өөрчилж, бөөнөөр нь үйлдвэрлэн худалдаалж эхэлсэн юм.
6. Хорт хавдрыг оношлох тест: Жек Андрака /15 настай/
Жек Андрака гэх америк хүү 2012 онд 15 настайдаа ходоодны хорт хавдрыг эрт оношлох нэн мэдрэмтгий шинжилгээ авах аргыг нээжээ. Хүүгийн бүтээсэн тусгай мэдрэгч нь хорт хавдартай үед хүний цусанд үүсдэг мезотолин нэртэй уургийг маш сайн илрүүлсэн юм. Жекийн бүтээсэн арга уламжлалт аргаас 26 мянга дахин хямд гэдгээрээ онцлог. Ийм гайхалтай бүтээлийнхээ ачаар тэрээр олон зуун мянган ам.долларын тэтгэлэг сургуулиасаа авч, их хэмжээний шагналын сантай эрдэм шинжилгээний ажилтнуудад олгодог шагналуудын эзэн болжээ.
5. Чихэвч ба Честер Гринвуд /15 настай/
Хүүхэд залуусын өмсөх дуртай хүйтнээс хамгаалдаг чихэвчийг Честер Гринвуд 1873 онд 15 настай байхдаа бүтээжээ.
Тэрээр нэг өдөр мөсөн гулгуур дээр тоглож байгаад чихээ хөлдөөж орхисон гэнэ. Тэр тоглох бүртээ шахам чихээ хөлдөөчихдөг болж, энэ байдлаасаа залхаж эхэлсэн байна. Честер Гринвуд малгай өмсөх тун дургүй нэгэн байсан учраас гадаа даарахгүй тоглохын тулд малгай өмсөхгүй байх шинэ арга сэдэж олсон нь чих дааруулдаггүй шидэт “чихэвч” байжээ. Честер дөрвөн жилийн дараа өөрийнхөө бүтээлийг патенталж аван, үсэрхэг дулаалгатай чихэвчний үйлдвэр байгуулан, тун амжилттай борлуулж байжээ.
4. Далайн хог цэвэрлэгч ба Бояан Слат /19 настай/
Өнөө цагт далай тэнгисийн ус манай гаригийн хогийн сав болж орхисон гэхэд хилсдэхгүй. Тэгвэл хүн төрөлхтөний одоог хүртэл хог битгий хаяарай хэмээн санаа зовохоос цаашгүй байсан зүйлийг 19 настай оюутан шийдэж орхижээ. Бояан Слат хүү далай тэнгисийн усыг шүүрдэгч усны машин зохион бүтээсэн нь пластик эд зүйлсээс эхлээд элдэв хортой химийн бодис агуулсан бүхий л хог хаягдлыг шүүрдэн цэвэрлэх ид шидтэй байсан юм. Одоогоор түүний бүтээсэн төхөөрөмжөөр 20 тэрбум тонн хог хаягдлыг далай тэнгисээс шүүрдэн авч, хог хаягдал боловсруулах газарт тушаагаад байгаа аж.
3. Шүдэнзний хаан Чарльз Сауриа
Өнөөдөр бол шүдэнз гэдэг хамгийн энгийн зүйл мэт санагдаж байж болох. Гэвч 19 дүгээр зуун хүртэл хүн бүрийн халаасанд багтах гал гаргах ийм энгийн эд байгаагүй юм.
Шүдэнзийг 1830 онд Чарльз Сауриа гэгч дунд сургуулийн сурагч, франц хүү анх зохион бүтээжээ.
Чарльз Сауриа химийн хичээл дээр багшийнхаа хийсэн туршилтыг харж суухдаа өөрөө асдаг зүйл хийх боломжтой гэж анх боджээ. Зуны амралтаараа гэртээ уйгагүй туршилт хийсний эцэст калийн давс шингээсэн нарийхан модыг фосфор түрхсэн гадаргуу дээр үрэхээр асдаг болгосон нь анхны шүдэнз үүссэн түүх юм.
Харамсалтай нь Сауриа болон түүний гэрийнхэнд бүтээлээ патентлахад шаардлагатай 1500 франк байгаагүй аж. Тэднийг мөнгө цуглуулж байх хороонд Германд өөр нэгэн хүн Сауриатай адил аргаар шүдэнз хийсэн бөгөөд түрүүлж патентлан, худалдаанд гаргажээ. Гэсэн хэдий ч Чарльз Сауриа хожим нь Францын алдартай химичдийн нэг болсон юм.
2. Брайл үсэг ба Луи Брайль
Луи Брайль 1809 онд Францад төржээ. Тэрээр 3 настайдаа аавынхаа ажлын багажаар тоглож байгаад шөвгөөр нүдээ гэмтээсэн гэнэ. Хэдийгээгр анх түүний гэмтэл сүйдтэй зүйл биш байсан ч халдвар орсны улмаас харах чадвараа алдаж, улмаар нөгөө нүдэнд нь үсэрхийлснээр хараагүй болжээ. Брайль жирийн хүүхдүүд шиг ном уншихыг асар их хүсдэг байлаа.
Нэг удаа түүний гэрт цэрэг эр хоноглоод явжээ. Цэрэг эр армийнхан харанхуйд гэрэл гаргалгүйгээр мэдээлэл уншихдаа хэрэглэдэг нууц бичлэгийг хүүд сонирхуулсан байна. Үүнээс хойш Брайль хүү хараагүй хүний уншдаг ном бүтээхээр гурван жил уйгагүй оролдсоны эцэст зорьсондоо хүрч, 1924 онд зургаан цэгийн байрлалын хувилбаруудын туслажтайгаар үсэг тоог уншиж болох товгор бичиг үсгийн тогтолцоог бий болгосон байна.
1829-1879 онд Англи, Герман, Америкд түгэн дэлгэрч 1878 онд Ромд болсон бүх дэлхийн конгрессоос Брайлийн бичиг үсгийг хараагүй хүнд зориулсан албан ёсны бичиг хэмээн баталжээ. Брайлын ном болон үсэг бичгийн тогтолцоо өнөөг хүртэл хамгийн сайнд тооцогдсоор л байна.
Луи Брайль авьяаслаг хөгжимчин байсан бөгөөд Парисын сүм дугануудын орган хөгжмүүдийг тоглодог байсан юм. Тэрээр хараагүй хүмүүсийн бичиг үсгийг зохиосон төдийгүй нотыг зохиожээ. Өнөөдөр олон зуун мянган хүн харааны бэрхшээлтэй ч Брайлийн цагаан толгойн ачаар ном уншиж, захидал бичиж байна.
1.Тооны машин ба Блез Паскаль /18 настай/
Тооны машиныг зохион бүтээсэн хүн бол Францын математикч Блез Паскаль юм. Балчир наснаасаа эхлэн онцгой хүүхэд гэдэг нь тодорхой байжээ. Тэрээр 1642 онд буюу 18 настай байхдаа “Паскалина” тооны машинаа бүтээсэн. Паскаль аавдаа туслахын тулд үүнийг хийжээ. Учир нь түүний аав татвар хураагч байсан бөгөөд удаан хугацааны турш залхмаар их тоо боддог байсан аж. Хүү аавтайгаа хамт тоглохыг тэсэн ядан хүлээж тэсэлгүй унтаад өгдөг байжээ. Эцэг нь математикаар хичээллэхийг хориглосон боловч нууцаар геометр үзэж эхэлсэн бөгөөд найман оронтой тооны үйлдэл хийдэг механик тооны машин зохион бүтээжээ. Түүний бүтээсэн анхны тооны машин одоо Парисын музейд хадгалагдаж байдаг юм.
Бэлтгэсэн Т.АНУ