Доллар 1800-2000 төгрөгт хэлбэлзэж, өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдсээр, бидний халаасыг хоосолж байна. Хямрал хаана байна вэ?
Худалдан авагчдад хямрал хэрхэн нөлөөлж байна вэ?
Энэ асуудалд анхаарал хандуулахаар хотын төвийн том супермаркет, гэр хорооллын дэлгүүр дэх худалдах авалт, үйлчлүүлэгчдийн талаар харьцуулан сурвалжиллаа.
“Шинэ жилийн огцом хямдрал зарлалаа” гээд буй “Sky” их дэлгүүр…
Энэ дэлгүүрээр арай бийлэгжүү хэсэг нь үйлчлүүлдэг. Дэлгүүрийн гадаа арав, хорь, бүр сарынхаа хүнсээ нөөцлөө юу гэлтэй тэрэг дүүрэн улаан алаг тортой, багтаагүйг нь гартаа давхарлан барьж, дааж ядан машин руугаа алхах хүмүүс харагдана. Харин дэлгүүрт ороход шинэ жилийн уур амьсгал нэгэнт орж, чимэглэлээр гоёсон лангуу бүр бараагаар дүүрэн тохилог орчин угтах.
Лангуу бүрийн дундуур тэргээр дүүрэн хүнс цуглуулан түрж яваа үйлчлүүлэгчид цөөнгүй. Кассын ажилтан ч “Манай үйлчлүүлэгчид дандаа шинэ хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх хүсэлтэй байдаг. Тиймээс өдөр бүр, хамгийн удлаа гэхэд л долоо хоног болгон хүнсний бүтээгдэхүүнээ цуглуулдаг. Ер нь дунджаар нэг үйлчлүүлэгч 100-300 мянган төгрөгийн гүйлгээ хийдэг” гэж тэднийг тодотгов. Харин бусад супермаркетуудын үйлчлүүлэгчид хэр чадвартай байна вэ гэж эрхгүй бодлоо.
32-ийн тойрогт байрлах “Сансар”, “Номин” зэрэг дэлгүүдээр ороод гарлаа. Үйлчлүүлэгчдийн худалдан авалт, дэлгүүрийн орчин нь “Sky” их дэлгүүртэй бараг л ижил юм. Багадаа л гэхэд гурван касс зэрэг ажиллаж, багагүй зүйл авсан үйлчлүүлэгчид дугаарлах бөгөөд ихэнх нь кредит карт атгасан харагдлаа.
Мөн эдгээр дэлгүүрийн ханш хүнсний дэлгүүр, захын үнээс хавьгүй илүү үнэтэй гэдэг нь тодорхой харагдана. Килограмм алим 8000-13000, усан үзэм 25 мянга, хонины мах 8900-10500, адууны мах 8500 гээд л захын ханшаас даруй 2000-5000 төгрөгөөр илүү үнэтэй байх аж.
Тор дүүрэн хүнсний бүтээгдэхүүн цуглуулж, дунджаар 150 мянга орчим төгрөг зарцуулж, байгаа иргэдийг хараад эдийн засаг хямарсан гэдэг нь худлаа юм бишүү гэсэн бодол төрнө.
Гэхдээ захын хорооллын дэлгүүрийн орлого, иргэдийн худалдан авалт арай өөр.
Долоон буудлын зүг хөдөлж, 17 дугаар сургууль орчмын хэдэн хүнсний дэлгүүрээр орвол үүнийг та анзаарах болно. Эндхийн орчин болоод худалдаалж байгаа бүтээгдэхүүн нь өмнөх супермаркеттай харьцуулахад тэнгэр, газар шиг ялгаатай харагдана.
Үүдээр нь ормогц түлээ, нүүрс, гурил будаа, жижиглэж бөөрөнхийлөн хөлдөөсөн мах, хэрчсэн гурил, өндөг гээд бүгд л нэг лангуун дээр шахуу “шахцалдана”.
Дэлгүүрийн нэг өнцөгт гал түлж, худалдагч бүсгүй ханцуйндаа хоёр гараа хийж “Юу авах юм” хэмээн анзааргагүй шахам үйлчилнэ. Наймаа нь ямархуу байгааг сонирхвол “Хүмүүс ажлаа тарах үеэр бага зэрэг орлого ордог. Нэг хүн 10 мянган төгрөгөөс илүү юм авах нь ховор шүү дээ. Мөнгөндөө тааруулаад л өдрийнхөө хоолныхоо хүнсийг базаадаг. Өдөрт бол ямар ч орлогогүй. Алдаг оног сургуулийн хүүхдүүд л орж ирж бохь, чихэр, печень, бэлэн гоймон төдийхөн зүйл авдаг” гэж ярив. Үнэхээр ч тийм бололтой. Таван минут орчим дэлгүүрт зогсоход “Энэ хавийн дэлгүүрүүдээр орлоо. Мах олдохгүй байна” гэсэн бүсгүй нарийн хиамнаас хоёрыг авч, “Үүгээр чинь хоёр хоол хийчихнэ шүү дээ” гэсээр гарч одов.
Цаашлаад Долоон буудлын дэлгүүрүүд мөн адил бололтой. Дэлгүүрийн үүдэнд жижиглэн /дотор гэдэс/ 500 төгрөг, жижиг ууттай хоосон яс 300 төгрөгөөр зарж байхтай таарлаа.
Худалдагч эмээ “Хүмүүс мөнгөгүй байна шүү дээ. Энэ жижиглэнг өдөр болгон авч хоолоо хийдэг, ясаар нь шөл гаргаж гол зогоодог иргэд цөөнгүй” гэж байлаа. Ингэж ярьж зогсох зуурт хажууд зогсох, өөрийгөө Чингэлтэй дүүргийн иргэн н.Баярмаа танилцуулсан эмэгтэй “Энэ жижиглэн чинь олон айл өрхийн аминд орж байна шүү дээ. Энэ хавьдаа л баян гэгддэг таксины жолоочид, микроныхон, түлээ нүүрс борлуулагчид чинь орлого олж, баяжаад, болоод бүтээд байгаа юм байхгүй. Бүгд л өдөрт хоёр мантуун бууз гуанзнаас авч идээд, илүү гарсан мөнгөөрөө оройн хоолоо болгож, голоо зогоож байна. Захын цайны газарт хоёр, гурван бууз, хуушуураас илүүг захиалж идэж байгаа хүн байхгүй” гэж халаглаж байлаа.
Эдийн засгийн хямрал иргэдэд ингэж л нөлөөлж байна. Чадуугийнх нь үнэгүй өгсөн ч авахгүй хаягдлаар зүдүү нь бор ходоодоо божийлгож байна.
Д.ЖАРГАЛ