МоАХ-ны анхдагч ШАХ-ийн ажилтан Раднаагийн Даваатай ярилцлаа. Р.Даваа Москвагийн Эрчим Хүчний Дээд Сургуулийг 1974 онд “Эрчим хүчний системийн кибернетик” мэргэжлээр дүүргэж, мөн сургуулиас “Салхины эрчим хүчийг ашиглах нь” сэдвээр 1986 онд техникийн ухааны докторын зэрэг хүртсэн. ТИС-д 20-иод жил багшилсан, хэвлэл мэдээллийн салбарт 1999 оноос ажиллаж байна.
- Анх хэрхэн МоАХ-ны эгнээнд нэгдсэн бэ гэдгээс яриагаа эхэлцгээе.
1989 онд манай оронд ардчилсан хөдөлгөөн эхлэхэд би ПДС-д, одоогийн ТИС-д багшаар ажиллаж байсан. С.Зоригтой 1988 онд Төв аймагт их, дээд сургуулийн элсэлтийн шалгалт дээр ажиллаж байхдаа танилцсан байсан юм. Угаасаа л бүр нэгдүгээр курсээ төгсөж ирээд л ааваасаа “антисоветист” цол хүртэж байсан болохоор тэр дороо л сонирхож, удаан бодолгүй МоАХ-ны эгнээнд нэгдсэн дээ. Ганцаараа биш, шавь нараа дагуулаад элссэн дээ.
- Олон хөдөлгөөнөөс МоАХ-г яагаад сонгосон юм бэ? Сэхээтнүүд голдуу АСХ, ШДХ-нд нэгдэж байсан байх аа?
Би хүүхэд байхаасаа л эгэл жирийн хүмүүс дунд байх дуртай байсан. Мөн Төв номын сангийн, “Ардчиллын ээж” хэмээн зүй ёсоор нэрлэгдэх ёстой Алтангэрэлийн Оюун, миний дүү, ТЭЦ 3-ын Реле хамгаалалтын инженер Р.Тулай нар МоАХ-нд нэгдсэн байсан нь ихээхэн нөлөөлсөн.
- МоАХ-ны Нийслэлийн Зөвлөлийн зохицуулагчаар ажиллаж байж. Ер нь ямар ямар үйл ажиллагаанд оролцож байсан бэ?
-Маш олон зүйлд оролцсон доо. Цөөн заримыг нь дурдвал шавь нар маань МоАХ-ны Анхдугаар Их Хурлын хамгаалалт, анхны улс төрийн өлсгөлөнгийн хамгаалалтанд ажиллаж байлаа. ТИС-д тэр үед голдуу эрэгтэй оюутнууд сурч байлаа. Амарсайхан, Зундуй-Ёндон, Мөнхболд, Зоригт, Ариунболд, Батаа, Баттулга, Батболд, Эрдэнэцэцэг гээд олон оюутнууд маань оролцож байсан. Салбар зөвлөлөө байгуулаад, шууд л Авдай багш дээрээ орцгоосон доо. Авдай багш, мөн тэр үед МАХН-ын хороон даргаар ажиллаж байсан Лайхансүрэн багш нар маш найрсаг хүлээн авч, цаашид хамтран ажиллана гэж хэлсэнд баярлаж явдаг. Тэд цаг үеэ зөв ойлгож, хэнийг ч хэлмэгдүүлээгүйд баярладаг. ПДС-ийн төв байрны өндөр довжоон дээрээс бид ээлжлэн үг хэлж, УТТ-г огцруулахаар өлсгөлөн зарласан нөхдөө дэмжин, хичээл хаялт зохион байгуулах шийдвэрт хүрч, талбай руу олон зуун оюутан жагсан очсон юм. МоАН-ын Анхны Чөлөөт Их Хурал 1990 оны 4-р сарын 8-нд болоход бичиг хэргийн ажлыг шавь нарын хамт хариуцан авч байлаа. Тэр үед компьютер, принтер, копи машин нүдний гэм байлаа шүү дээ. Манай “Цахилгаан шугам сүлжээ, системийн тэнхим” дээр анхны компьютерүүд 1987 онд ирсэн болохоор шавь нар маань маш сайн эзэмшиж чадсан юм. Хэдийгээр дөнгөж 1990 оны 4-р сар болж байсан ч гэсэн Н.Цэвгээ багш маань хувьдаа копи машинтай болсон байсан. Цэвгээ багшаасаа тэр машиныг нь гуйж аваад, нөгөө нэг аварга том, хүнд машин, СТӨ-ний хүзүүвчинд аваачих гэж бөөн юм болж байлаа. Хэн унаа олсныг сайн санахгүй байна, тэр үед бүгд л эрвийх дэрвийхээрээ, юу л олж чадна тэрийгээ хувьсгалдаа зориулж байсан үе. Тэгээд хурал дууссаны дараа бидний ажил эхэлж, гараар бичсэн протокол, уриалга, дүрэм, бүх л зүйлийг шөнөжин шивж, нөгөө нэг гүйдэг принтерээр хэвлэн гаргасан юм. Ажлын хүндийг үүрсэн Цогтын Зоригт шавьдаа үргэлж баярлаж явдаг. Өглөө болоход зурагнууд ч ирлээ. Ингээд хэвлэсэн материалуудыг зурагнуудтай хамт том дугтуйнд хийж, 18 аймаг руугаа сайн мэдээ дуулгахаар яаралтай буцсан хурлын төлөөлөгчдөд гардуулан өгч байлаа. Ц.Зоригт маань 5-р сарын суултанд сууж байтал ээж аав нь хүнээс дуулаад ирж байлаа. Хүмүүс тэдэнд “Хүү чинь талбай дээр суугаад байна, очиж аваач!” гэж хэлсэн гэдэг. Бүр “Дугуй заал”-аас өмнө уулзах, цуглах газар олдохгүй байсан учир Эрчим хүчний факультетийн (МУИС-ийн 2-р байрны зүүн жигүүр) 2-р давхрын 268 тоот лекцийн танхимд МоАХ-ныхон цуглаж, хурал, зөвлөгөөнөө хийж байсан юм. Хэдэн жилийн өмнө Нинж нэг зураг авчирч өгсөн, яг тэр өрөөнд цуглаж байх үеийн зураг.
МоАХ-ны хурал. 1990 оны 1-р сар,
МУИС-ийн 2-р байрны 268 тоот танхим
Шавь нар маань санхүүжүүлэх ажилд их үүрэгтэй байсан. Ардчилал сонингоо зарж, нэг төгрөг ч шамшигдуулалгүй, бүгдийг “Санхүү” Ганзориг, нярав “Сабо” Болд хоёрт авчирч тушаадаг байлаа. Бид Чингис хааны болон Р.Чойном гуайн цээж баримал оролцуулсан сугалаа санаачилж бас хөөрхөн орлого оруулж байсан даа. Эрхүү хот руу 4-р сард оюутнуудтайгаа дадлагад явахад 1000 ширхэг Ардчилал сонин авч явж байлаа. Тэнд очоод хэд хэдэн Их, дээд сургууль дээр очиж, лекц уншиж, МоАХ-ны салбар зөвлөлүүд байгуулсан, оюутнууд маш олон элссэн дээ.
- Тэгээд яаж яваад сэтгүүлч болчихов?
Би өөрийгөө сэтгүүлч гэж нэрлэхээс ичдэг, ямар номыг нь үзсэн биш, Хонхын Цогоотойгоо “Бид” нэртэй сонин гаргаж эхэлсэн. Тэр үед чинь элдэв шидийн юм бичдэг сонингууд байлаа шүү дээ. Нэг л өдөр бид хоёр ярьж байгаад, ерөөсөө аллага, сексгүй танин мэдэхүйн сонин гаргая гэж тохирсон юм. Нэг удаа хүн утасдаад, манайх нэг үйл ажиллагаатай, танай сониныг урьж байна гэхэд их гайхаж билээ. Тэгсэн чинь МАХН байсан, би очсон.
- Та чинь ингэхэд ямар намын гишүүн юм бэ?
Би ямар ч намын гишүүн бус. МоАН-д нэг л “элсмээргүй” санагдаад элсээгүй, тэрэндээ баярлаж явдаг. Хүмүүс нам, холбоо хоёрыг одоо хэр ялгаж ойлгохгүй байсаар л байна. Талийгаач Баасан лам, Нямгарав хоёр маань МАН байгуулах боллоо. Гишүүний тоо гүйцээж байж бүртгүүлэх хэрэгтэй байсан учир бид ч тал тал тийшээ гардаг юм. Би өөрийн охиныг найз нөхдийнх нь хамт элсүүлээд, шавь нар маань мөн ч олноороо элссэн дээ… би бас л “элсмээргүй” санагдаад …
- Өөрийн тань олон нэвтрүүлгүүд дандаа ардчилал, эрх чөлөөний төлөө байсан…
Анх намайг С1 Телевизд авахдаа захирал маань “Манай телевиз кабельгүй, гэр хорооллын хүмүүст хүрэх зорилготой” гэж хэлж байв. Ерөнхий найруулагч болохоор “Дарга нарыг битгий ярилцлагадаа оруулаарай” гэж захиж байсан. Би анх “Ройтерсын цаг” нэвтрүүлэг хийж, гадаад улс оронд болж буй үйл явдлыг энгийн байдлаар олон нийтэд хүргэх зорилготой ажилласан. Захирал маань англи хүн болохоор ярилцлага 8 минут байх ёстой гэж хэлж байлаа. Харин зочид маань булуу нь халаад, их удаан ярих дуртай байсан учир би 12 минут болгуулж байлаа. Эхэндээ зочид маань “С1 гэж юу байдаг юм бэ?” гээд л асуудаг байсан. Сүүлдээ мэддэг болсон. Миний ярилцлагын зочдоос их олон хүн хөтлөгч, редакторууд болсонд би баярлаж явдаг. Мөнх-Очир “Их түүхийн дэнс” нэвтрүүлэг хийж, ШУА-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Шүрхүү, байгаль энэрэгч Батзул, СУИС-ийн багш Мөнхбаатар зэрэг олон залуус сайн сайхан зүйлийг иргэдэд хүргэх болсон юм.
- Шууд ардчилал, иргэний оролцооны талаар яагаад ажиллах болов?
-Бид төлөөллийн ардчиллаар 25 жил дагналаа. Өнөөдөр нийгэм ямар “болсон”-ыг бид сайн харж, ойлгож байна. Мэдээж хэрэг 1990 онтой харьцуулахад их олон сайхан өөрчлөлтүүд бий болсон, гэвч эрх чөлөөг жинхэнэ утгаар нь бид олж авч чадсангүй. Аливаа юмыг хагас дутуу хийх нь маш аюултай … хэдийгээр байгалиас өөр төгс зүйл үгүй ч монголчууд бид дутуу дулимаг юманд дургүй, хийвэл хийсэн шиг хийдэг хүмүүс. Тиймээс ч хатуу ширүүн байгалийн нөхцөлд олон мянган жилийн турш, шантарч няцалгүй, малаа маллаж, дайтахдаа дайтаж, хэнээс ч дутахгүй, гуйхгүй аж төрсөөр ирсэн. Одоо улсын маань эрх мэдэлтэй хүмүүс МУ-ын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн санаачлан хэрэгжүүлж буй иргэний оролцоог дэмжин ажиллаж, жаахан л дэмжээд өгвөл бидэнд өөрчлөгдөх боломж байна. Манай хүрээлэн маш авсаархан ч гэсэн өргөн хүрээтэй ажиллаж байна. Иргэний оролцооны хуулийн төсөл боловсруулж байна, МҮОНТ, Монголын радиотой хамтран иргэдийн идэвхийг сэргээж, орон нутгийнхаа амьдралд оролцохыг уриалж байна. Мөн Өдрийн сонин, news.mn сайттай хамтран ажилладаг. Манай вэбсайт shuud-ardchilal.mn/ байнгын ажиллагаатай болсон байгаа. Мөн сургалтууд явуулж, Хөтлөх урлагийг хөгжүүлэхийг хичээн ажиллаж байна. Хөдөө орон нутагт буюу сум, багуудад очиж, хурал, хэлэлцүүлгйиг биечлэн хөтөлж байна.
- Одоо юунд итгэж, мөрөөдөж байна?
Хэдийгээр эргэн тойрон болох болохгүй юм дуулдаж, үзэгдэж харагдаж байгаа ч итгэлээ алдахгүйг эрхэмлэдэг. Итгэлгүй бол амьдрал дуусна. Иргэдийн оролцооны төлөө явах болно. Итгэж байна! Монгол улсын иргэн бүрийг, найз нөхөд, ах дүү, ялангуяа МоАХ-ны гишүүдээ уриалан дуудаж байна!
Б.ХАНД