Дэд сайдад санаархсан нам, намын горилогчид Төрийн ордныг өргөх шахам байна.
Зөвхөн өчигдөр гэхэд л УИХ-ын гишүүн асан Ц.Мөнх-Оргил, Д.Дамба-Очир нарын намдаа нөлөө бүхий эрхмүүд саарал ордонд зочлоод гарсан нь тохиолдлын хэрэг биш байсан тухай “бор шувуу” нисэх нь тэр.
Засгийн газрыг хамтран байгуулсан намуудын гэрээнд зааснаар Ардчилсан намд дэд сайдын суудал тав, МАН-д долоо, МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлэгт гурав, ИЗНН-д нэг дэд сайдын суудал тус бүр ногджээ.
Тэдгээрээс дэд сайдад хамгийн их амбиц үсэргэж байгаа нь МАН-ын гишүүд гэх.
Дэд сайдын долоон квотын төлөө 40 гаруй нэр дэвшигч өрсөлдөж эхэлсэн байна.
Зарим нэг горилогч нь УИХ-аас сайд батлаагүй байхад PR-иа эхлүүлсэн нь намын удирдлагадаа тоогдох бус бүр дургүйг нь хүргэж, хөгөө чирэх болжээ.
УИХ дахь МАН-ын бүлгээс УИХ дахь Ардчилсан намын бүлэгт дэд сайд нарыг сөөлжүүлж томилохгүй байх саналыг хүргүүлсэн ч хүлээж аваагүй аж. Тиймээс сайд нь Ардчилсан намын угшилтай бол дэд сайд нь МАН-ынх, сайд нь МАН-ынх бол дэд сайд нь МАХН-ынх байх сөөлжсөн томилгоо хийх нь тодорхой болжээ.
МАН дэд сайд нараа зүтгүүлэхдээ энэ удаад залуус, эмэгтэйчүүдээ дэмжих бодлогыг түлхүү барих бололтой.
Гэхдээ залуучуудад зай тавьж өгөх цаг болоогүй гэж хэдэрлэх хэсэг бий гэнэ. Хэрвээ удирдлагууд нь залуусаа гаргаж ирж чадвал УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар, Монголын хөрөнгийн биржийн захирал асан Х.Алтай, “Эрдэнэс Монгол”-ын дэд захирлаар ажиллаж байсан Г.Тэмүүлэн, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй, МАН-ын Шинэчлэлийн Хорооны Бодлогын зөвлөлийн дарга Т.Аюурсайхан нарын дунд гол өрсөлдөөн өрнөх нь.
Эмэгтэйчүүдийн тухайд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд асан, “Бишрэлт”-ийн Б.Ундармаа, Уул уурхай, эрчим хүчний дэд сайд асан Б.Гарамжав, УИХ-ын гишүүн Б.Наранхүүгийн эгч Б.Саранчимэг, УИХ дахь МАН-ын бүлгийн Хэвлэлийн албаны дарга М.Оюунчимэг, МАН-ын нарийн бичгийн дарга Х.Булгантуяа, Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Ц.Цогзолмаа нарын нэр дээгүүр “давхиж” буй ажээ.
УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатарын тухайд онцлоход, өнгөрсөн онд МАН Их хурлаа хийж, удирдлагуудаа өөрчлөхөд түүнийг намынхаа ерөнхий нарийн бичгийн дарга байх кандидат гэж улс төрийн хүрээнийхэн харж, хүлээж байсан ч чадаагүй юм. Эцэст нь тэрээр “МАН-д Т.Бадамжунай гэх авлигачин байхад нам шинэчлэгдэхгүй” гэх хатуухан үгийг твиттер хуудсаараа дамжуулан дайчихаад, АНУ-ыг зорьсон. Хэсэг хугацаанд нам, төрийн ажлаас хөндий байсан түүнийг энэ удаад нам нь Хууль зүйн дэд сайдад нэр дэвшүүлж магадгүй нь.
Харин МАХН-ын хувьд хуучин гэрээгээ мөрдөж, Хууль зүйн дэд сайдад хүнээ нэр дэвшүүлэх тохироо хийгдсэн байж мэдэх аж.
“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ганзоригийн хүү Тэмүүлэнг Уул уурхайн яамны дэд сайдад ярьж эхэлсэн тухай мэдээлэл байна.
Уг нь энэ албан тушаалд тус яамны дэд сайд О.Эрдэнбулганы нэр яригдаж, улираах тухай дуулдсан ч томилгоо сөөлжих болсон учраас ийн өөрчлөгдөж байна. Мөн энд С.Батболдын Засгийн газрын үед Уул уурхай, эрчим хүчний дэд сайдын алба хашсан “Мон полимет” компанийн захирал Б.Гарамжав давхар яригдаж байна. Энэ нь хоёр нэр дэвшигчээс аль нэгийг нь гаргаж ирэх хувилбар бололтой.
Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайдад экс дэд сайд Б.Ундармааг сойх бололтой.
Ийм хувилбар бодож олсон нь цоо шинэ хүн тавибал ажилтайгаа танилцаж, цаг алдаж мэднэ гэсэн болгоомжлолтой холбоотой байж мэдэх гэнэ. Гэхдээ энэ албан тушаалд өрсөлдөгч олон ч хэн, хэн санаатай байгаа нь битүү байна.
Мөн МАН-ын дарга М.Энхболдын хүн гэгддэг НАМЭХ-ны ерөнхийлөгч Ц.Цогзолмааг долоон квотын аль нэгд суулгаж, хотын фракци хүчтэй болохоо харуулна гэх “шуум” сонстож эхэллээ.
Гол нь энэ олон нэр дэвшигчээс хэнийг нь гаргаж ирэхээ МАН Удирдах зөвлөл болоод УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаараа эцэслэнэ. Гэхдээ Удирдах зөвлөл нь МАН-ын уураг тархи болсоор ирснийг энд онцолъё.
Г.ДАРЬ