Удаан унтсан аж үйлдвэрийн бодлого сэрлээ

Хуучирсан мэдээ: 2011.05.25-нд нийтлэгдсэн

Удаан унтсан аж үйлдвэрийн бодлого сэрлээ

Монгол Улс зах зээлийн эдийн за­сагт шилжсэнээс хойш аж үйлд­­вэржүүлэлтийн бодлогоо үндсэн­дээ “гээчихсэн” гэхэд болно. Жи­шээ нь, уул уурхайн салбарт л гэ­хэд олборлосон баялгаа эцсийн бүтээг­дэхүүн болгож, нэмүү өртөг шингээх нөхцөл боломж хомс болчихоод бай­­гаа билээ. Харин одооноос л үйлд­­вэрлэдэг, бүтээдэг орон болох чиг­­лэлд төр, засаг нэлээд анхаарал хан­дуулж эхлээд байна. Үүний нэг илрэл нь манай улсын аж үйлдвэрийн сал­барын эрдэмтэн судлаачид НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн байгууллага буюу UNIDO-той хамтран “Монгол Улсын аж үйлдвэрийн бодлогын үнд­сэн чиглэл” судалгааны баримт би­чиг боловсруулсан явдал юм.

Манай улс аж үйлдвэрийн цааш­дын хөгжлийн чиг хандлага, хэ­рэг­жүүлэх арга хэмжээний бо­лон тэргүүлэх салбарын талаар мэр­гэж­лийн тодорхой судалгаа хийл­гэж, үнэлт дүгнэлт гаргуулах хү­сэл­­тээ 2009 онд UNIDO-д тавьсан бай­на. Энэхүү хүсэлтийг НҮБ-ын тө­рөлжсөн байгууллага нааштайгаар хү­лээн авч Монгол Улсын эдийн засагт онцлох байр суурь эзлэх эр­дэс баялаг, ноос ноолуур, сүлжмэл эдлэл, мах боловсруулах салбарыг нарийвчлан судалсны үндсэн дээр уг судалгааг гаргасан байна. Энэхүү судалгааны баримт бичгийн мөрөөр цаашид хийх арга хийх ажлын талаар ХХААХҮЯ, ЭБЭХЯ, ЗТБХБЯ, Үн­дэсний хөгжил шинэтгэлийн хо­роо, МҮХАҮТ, Гадаадын хөрөнгө оруу­лалтын газар, Үндэсний аюул­гүй байдлын зөвлөлийн Стратеги су­дал­гааны хүрээлэн болон мэргэж­лийн холбоод, салбарын аж ахуйн нэг­жийн төлөөллүүд өчигдөр хэлэл­цүүлэг өрнүүллээ.

Гадаад харилцааны сайд Г.Зан­даншатар уг хэлэлцүүлгийг нээж хэл­сэн үгэндээ “Манай улс ажилгүйдэл, ядуурал зэрэг нийгэм, эдийн засгийн олон хүндрэлийг шийдэх хамгийн чухал гарц нь аж үйлдвэрийн хөгжил байх нь тодорхой. Тиймээс УИХ, Засгийн газар сүүлийн жилүүдэд энэ чиглэлд онцгой анхаарал хандуулж байгаа. UNIDO-той хамтран хий­сэн судалгаа болон өнөөдрийн хэлэл­цүүлгээс гарах бодлогын баримт би­чиг ч аж үйлдвэрийн хөгжилд чухал ач хол­богдолтой” хэмээн онцолсон юм.

UNIDO-ын мэргэжилтнүүд “Мон­­гол Улсын аж үйлдвэрийн бод­ло­гын үндсэн чиглэл” судалгаанд хоёр гол зөвлөмжийг тусгажээ. Нэг­дүгээрт, Монголын гэсэн өвөр­мөц онцлогтой бүтээгдэхүүний үйлд­вэрлэлийг  хөгжүүлэх нь чу­хал. Хоёрдугаарт, үйлдвэрлэсэн бү­тээг­дэхүүнээ дэлхийн зах зээлд таниу­лахын тулд олон улсын үзэс­гэлэн, фестивальд идэвхтэй орол­цох хэрэгтэй хэмээсэн байна. Эхний зөвлөмжийг хэрэгжүүлэхэд тө­рийн зөв бодлогоос гадна хувийн хэвш­лийнхний идэвх оролцоо, бүтээлч ханд­лага шаардлагатай. Харин хоёр дахь зөвлөмжийг бодит ажил хэрэг болгох тал дээр Гадаад харилцааны яам бүх талаар чармайн ажиллана гэдгийг салбарын сайд нь хэлж байв. Түүнчлэн эдийн засаг нь ашигт малтмалаас хэт хамааралтай улсад баялгийн хараалаас эхлээд олон талын эрсдэл ойрхон бай­даг. Тиймээс аж үйлдвэрийн бод­­лого, нэмүү өртөг шингэсэн бүтээг­дэхүү­ний үйлдвэрлэлээр тогтвортой эдийн засгийн суурийг бий болгох шаард­лагатай гэсэн товч бөгөөд тодорхой сануулгыг дээрх судалгаанд дайжээ.

Судалгааны тайланг хэлэлцэх үеэр салбарын мэргэжилтнүүд уул уур­хай, хүнд үйлдвэр, мэдлэг, өндөр технологи, дэд бүтэц, мах, ноолуурын салбарын хөгжлийн чиг хандлагын талаар хэд, хэдэн илтгэл тавьсан юм. ЭБЭХЯ-ны Уул уурхай, хүнд үйлдвэрийн газрын захирал Б.Батхүү өөрийн хариуцсан салбарын хүрээнд хамаарах сэдвээр илтгэл тавихдаа “UNIDO-ын судалгаанд тусгасан “Монгол Улс эрдэс баялгийн хэт хамаар­лаас болгоомжлох хэрэгтэй” гэсэн агуулга нь манай яамны хий­гээд Засгийн газрын бодлоготой бага зэрэг зөрчилдөж байна. Харин ч эс­рэгээрээ эрдэс баялгийн салбар аж үйлдвэрийн хөгжлийн гол бааз суурь болж байгаа” хэмээв. Тэрбээр, Монгол Улс эрдэс баялгийн салбарт эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиг­лэ­лүүдээ тодорхой болгосон. Тухайл­бал, төмөрлөгийн болон зэс хайлуулах үйлдвэр байгуулах нь Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн нэг гол агуулга болж байгаа гэдгийг тайлбарласан юм. Салбарын яам стратегийн 15 орд тус бүрийг түшиглэн боловсруулах үйлдвэр бай­гуулах шаардлагатай хэмээн үзэж байгаа аж. Ингэхдээ чухам хаана, ямар үйлдвэр байгуулах вэ гэд­гийг тодорхойлох зорилгоор өн­гөрсөн хугацаанд олон улсын зөв­лөх үйлчилгээний компаниудын дунд нээлттэй сонгон шалгаруулалт зар­ласан байна. Үүнд олон улсад нэр хүнд бүхий долоон компани орол­цож, Австралийн “Worley Parsons” групп шалгарчээ. Тус групп нь Монгол Улс эхний ээлжинд стра­тегийн ордуудаа түшиглэн нүүрс, зэс, төмөр, алт гэсэн дөрвөн төрлийн бүтээг­дэхүүний боловсруулах үйлд­вэр байгуулах нь зүйтэй хэмээн зөв­лөжээ. Ингэхдээ түүхий нүүрсээ эр­чим хүч, төмрийн хүдрээ ган хийц, зэсийн баяжмалаа цахилгааны утас, цувимал бүтээгдэхүүн болгох бо­ломжтой. Үүнээс гадна барилгын тус­лах материал, ахуйн хэрэгцээний эд­лэл гээд үйлдвэрлэлээ өргөтгөж болно гэдгийг нэлээд нарийвчилсан байдлаар тооцсон байна. Мөн эрдэс баялагт тулгуурласан эцсийн бүтээг­дэхүүний үйлдвэрлэлийг богино ху­га­цаанд эрчимтэй хөгжүүлж чад­вал дотоодын хэрэгцээгээ хан­гаад зогсохгүй дэлхийн зах зээлд ний­лүүлж, улмаар экспортын ор­логоо хэд дахин нэмэгдүүлэх таа­тай боломж хүлээж байгааг ч дуул­гасан юм. Эдгээрийн дотроос хам­гийн чухал ач холбогдолтой нь ган­гийн үйлдвэр гэдгийг салбарын мэр­гэжилтнүүд нэгэн дуугаар хү­лээн зөвшөөрч байна. Учир нь ган хийцүүд нь аж үйлдвэрийн парк бай­гуулахад хамгийн гол материал бол­дог. Тиймээс юун түрүүнд гангийн үйлдвэрүүдийг хөл дээр нь босгоод авсан байхад бусад орд газар, уур­хайг түшиглэсэн боловсруулах үйлд­вэрүүдийг барьж байгуулахад чухал түлхэц болох учиртай аж. Ямартай ч манай улс аж үйлдвэрийн хөгжлийн гарцаа иймэрхүү байдлаар нэлээд тодорхой болгож байна. Гэхдээ төсөл хөтөлбөрийг цаасан дээр буулгах, бодит ажил хэрэг болгох хоёрт том зөрүү бий. Жишээ нь, Эрдэнэт үйлдвэрийг түшиглэж, зэс хайлуулах үйлдвэр байгуулах тухай олон жил ярьж байгаа. Үүний шалтгааныг ЭБЭХЯ-ны Уул уурхай, хүнд үйлдвэрийн газрын захирал Б.Батхүү “Орос Монголын хамтарсан үйлдвэр учраас манай тал дангаараа асуудал шийдэх боломжгүй” гэсэн үгээр тайлбарлалаа. Гэхдээ саяхан болсон зөвлөлийн хурлаар “Эрдэнэт үйлдвэр” компанид зэс хайлуулах үйлдвэр байгуулах ТЭЗҮ боловсруулах болон холбогдох сонгон шалгаруулалтыг яаралтай зохион байгуулах үүрэг өгчээ.

Даршрамд дурьдахад, UNIDO урьд нь тодорхой нэг улсын аж үйлдвэрийн бодлогын асуудлаар тусгайлан судалгаа хийж байгаагүй бөгөөд манай улс анхных болж байгаа аж. Харин дараагийн удаад Гана улстай хамтарч аж үйлдвэрийн бодлогын судалгаа хийхээр болжээ. 

Ч.ДАШДЭЛЭГ


Зоиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж