ШТС-ууд дизель түлш зарахгүй байна

Хуучирсан мэдээ: 2011.05.25-нд нийтлэгдсэн

ШТС-ууд дизель түлш зарахгүй байна

ОХУ дизель түлш нийлүүлэлтээ багасгасантай холбогдуулж, Монголд шатахууны хомсдол үүссээр сар гаруй хугацаа өнгөрлөө. Сайд, яам, тамгын газрын дарга нар арга хэмжээ авч, их хэмжээний түлш авах хэлэлцээ хийсэн тухай мэдэгдэл, мэдээлэл тархсан ч бодит байдал дээр хэрэглэгчдэд хүндрэл учирсан хэвээр байна. Албаны хүмүүсийн хэлснээр бол энэ долоо хоногийн эхний өдрөөс дизель түлшний хомсдол арилж, хэвийн байдалд орох байв. Мөн тавдугаар сар дуустал ямар ч төрлийн нефть бүтээгдэхүүний үнэ өсөхгүй гэж байсан нь ч биелсэнгүй. Одоогийн байдлаар жолооч нар дизель түлш авч чадахгүй хоёр хонож байгаа бол машинаа хөдөлгөж чадахгүй гудамжинд орхисон хүн ч байна.

Манай сайтад хандсан жолооч нарын мэдээллийн мөрөөр хотын зүүн хэсгийн шатахуун түгээх станцуудаар явж, дараах сурвалжлагыг бэлтгэлээ.     

Өнөөдөр өглөө 09.40 цагт Чулуун овоо дахь “Сод монгол” компанийн салбар ШТС-д очиход дизель түлш огт худалдахгүй байлаа. Уг нь тус компанийн салбарууд “Аи Си” карттай хэрэглэгчдэд тодорхой хэмжээгээр худалдаалж байсан боловч өнөө өглөөний байдлаар дээрх салбар “Зарах түлшгүй болсон учраас карттай хэрэглэгчдэд ч худалдах боломжгүй болсон” гэж шатахуун түгээгч нь ярьж байна.

Энэ үеэр “Porter” машины жолооч Р.Пунсанцогвоотой уулзахад, “Би уг нь машинтайгаа ойр зуурын ажил хийж, амьдралаа залгуулдаг юм. Шар гэрэл асчихаад дизель түлш хайгаад явж байна, огт олдохгүй байна. Уг нь “Петровис” компани карттай хэрэглэгчдэдээ өгч байсан юм, би тэдний карттай л даа. Тэрийгээ 50 мянган төгрөгөөр цэнэглэсэн боловч өнөөдрөөс эхлээд өгөхөө больчихлоо. Одоо хаанаас авахаа мэдэхгүй л явж байна” гэлээ.

Бидэнтэй яг энэ мөчид машинаа айлын хашаанд чирч тавиулсан машины жолоочтой таарсан юм. Энэ жолооч явганаар түлш хайж яваа аж. Сүүлийн хоёр өдөр түлш хайгаад олдохгүй, айлын хашаанд машинаа хонуулж байна гэж учирлав. “Миний анзаарснаар түгээгч нар таньдаг хүмүүстээ зуу зуун литрээр нь өгч байгаа харагддаг. Энгийн иргэдийг болохоор ийм байдалд хүргэж байна” гэсэн гомдлыг ч тэрбээр хэлсэн юм. Хэдийгээр “Сод Монгол”-ын Чулуун овоо дахь ШТС дизель түлш юу ч байхгүй гэж байсан боловч үнээ нэмсэн харагдлаа. Тэнд бусад ШТС-уудад 1440 төгрөгийн ханштай байгаа дизель түлшийг 1590 төгрөгөөр үнэлсэн байв. Самбартаа ийм үнэ байрлуулсан байсан юм.

Ингээд бид замын эсрэг талд байрлах “Петровис” ШТС руу очлоо. Түгээгч нь асуултад хариулахаас нэлээд цааргалж, “Карттай хэрэглэгчдэд тодорхой хэмжээгээр дизель түлш худалдаалж байгаа” гэсэн боловч ойр хавьд байгаа жолооч нар энэ мэдээллийг үгүйсгэв.

“Жаст” компанийн Ботаник дахь салбар бидний очсон гурав дахь ШТС. “Өнгөрсөн өдрүүдэд улс орон даяар түлшний хомсдол үүссэн ч манайх огт түлшээр тасраагүй” гэж түгээгч эмэгтэй хэллээ. Тус компаниас шатахуун авах талон авахын тулд Монголын Залуучуудын холбооны байранд байдаг оффист хандах боломжтойг түгээгч санууллаа.

Энэ хавьд олны хэлж заншсанаар "Горьдлого" зогсоол гэж байдаг. Ачааны авто машинаар элс, хайрга зөөх, зарах үйлчилгээ эрхэлдэг хүмүүс голчлон өнждөг “Горьдлого”-ынхон шатахуун олж авах гэж  тал бүрийн арга хэрэглэж байгаа гэнэ. Нэрээ хэлэхийг хүсээгүй жолооч “Шатахууны карттай бол нэг удаадаа 30-40 литр түлш авч болж байгаа. Харин талонтой бол талоныхоо хэмжээгээр хүссэнээрээ авдаг” гэв. Тэд “Компаниудад түлш хангалттай байгаа. Гэхдээ үнэд хүргэх гэдэг юм уу, хомсдлоос болгоомжилдог юм уу зарахыг хүсэхгүй байна” гэсэн хардлагатай буйгаа ч нуусангүй.

Ингээд бид “Шунхлай” компанийн салбар руу очлоо. Шатахууны нөөц муу байгаа гэсэн тайлбарыг тус компанийн 14 дүгээр салбарын эрхлэгч хэлэв. Гэхдээ талонтой хэрэглэгчдэд дизель түлш худалдаалж байгаа бол АИ-92 бензинийг нэг хүнд 20 мянган төгрөгөөс илүүгээр борлуулахгүй байгаа ажээ. Ингээд цааш явтал  “Магнай трейд”-ийн Амгалан дахь салбар аанай л дизель түлшгүй байлаа. Түгээгчийн хэлснээр тус компанийн хотын төвийн салбарууд “карттай хэрэглэгчдэдээ дизель түлш худалдаж байгаа” бололтой.

Өнөөдөр өглөөний энэ дүр зургаас харахад АИ-92 бензиний тухайд ихэнх ШТС-ын борлуулалт хэвийн байгаа аж. Харин дизель түлш нийслэлийн хэмжээнд хомсдолтой хэвээр байна. Ялангуяа хотын захын ШТС-ууд дизель түлш огт худалдахгүй байгаа нь иргэдийг нэлээд бухимдуулж байна. 

Б.БЯМБАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж