УИХ дахь бөхчүүдийн нэг нь далай даян дархан аварга Б.Бат-Эрдэнэ. Тэрбээр уг нь хууль, хүчний байгууллагад олон жил ажилласан туршлагатай нэгэн. Гэвч аливаа хуулийн төсөл боловсруулахдаа бөхийнхөө онцлогоор түлхүү хандаад байх шиг. Жишээ нь, Б.Бат-Эрдэнэ аварга ба түүний нөхдийн санаачилсан “Урт нэртэй” хуулийг хар. Даварсан компаниудыг дарж, байгаль орчноо хамгаалах гэсэн санаа нь сайхан боловч дагуулсан балаг нь түүнээсээ их болчихоод байна. Тэр болгоныг энд нурших нь илүүц. Өдгөө тэрхүү “дутуу төрсөн” хуулийн алдааг засах гэж УИХ-ын гишүүд хамаг ажлаа алдаж байна. Анхнаас нь алдаа, оноог нь тооцож, аятайхан хууль боловсруулаад өгсөн бол яалаа гэж ийм юм болох билээ. Аварга арай л бүдүүн хадуун хандаж дээ гэдэг нь өдөр хоног өнгөрөх тусам мэдрэгдэх боллоо. Мань хүн санаачилсан хууль нь бүтэлгүйтсэнд бухимдахдаа “Урт нэртэй хуулийг цуцлах гэж улайраад байгаа гишүүдийн цаана гадныхны лобби байхыг үгүйсгэхгүй” гэсэн шүү юм яриад явж байна. Аварга маань бөхийнхөө торгон ногоон дэвжээн дээр хэзээ ч ийм мэх хийдэггүй сэн. Харин энэ чинь арай дэндүү гоомой мэх юм биш үү, аварга аа.
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин