Гурван сая дахь иргэн морь жилдээ төрнө

Хуучирсан мэдээ: 2014.12.11-нд нийтлэгдсэн

Гурван сая дахь иргэн морь жилдээ төрнө

-Хүмүүсийг төөрөгдүүлэхгүйн тулд Хүн амын цаг тооллыг түр унтраажээ-

Үндэсний статистикийн хорооноос сар тутмын уламжлалт мэдээллээ дөнгөж сая хийлээ. Мэдээллийн цагт тус хорооны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Т.Гантөмөр, Хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга Д.Оюунчимэг, Макро эдийн засгийн статистикийн газрын дарга Э.Эрдэнэсан нар оролцсон юм.

Өнөөдрийн статистикийн мэдээллийн хамгийн гэрэл гэгээтэй нэгэн мэдээлэл нь Монгол Улсын гурван сая дахь иргэн хэзээ төрөх талаарх мэдээлэл байсан юм. Үндсэний статистикийн хорооны мэргэжилтнүүдийн таамаглаж байгаагаар гурван сая дахь иргэн 2015 он гарсны дараа, гэхдээ морь жилдээ төрөх магадлалтай ажээ. Гэвч яг хэдэн сарын хэдэн бэ гэдгийг хэн ч урьдсилан таамаглах аргагүй гэдгийг статистикийнхэн хэлж байлаа. Учир нь хүн амын өсөлт сар тутамд харилцан адилгүй байгаа юм. Энэ оны аравдугаар сард 74764 хүүхэд шинээр мэндэлсэн бол арваннэгдүгээр сард  75213 болж өсчээ.

 Түүнчлэн Үндэсний статистикийн хороо өөрийн вэбсайтдаа Хүн амын цаг тоолол ажиллуулдаг ч сүүлийн хоёр сард цаг тооллоо унтраасны учрыг тодруулахад “Хүмүүсийг төөрөгдүүлэхгүйн тулд цаг тооллыг унтраахад хүрсэн. Учир нь тэрхүү цаг тооллыг олон жилийн дунджаар тооцон нэг минут, нэг цагт төрөх хүүхдийн давтамжаар ажиллуулдаг болохоос яг бодит тооцоо бас биш юм. Гэтэл хүмүүс тэрхүү тооллыг харж  гурван сая дахь хүүхэд төрүүлэх хүслээр амаржих хугацаагаа тааруулах гэж оролдох магадлалтай байгаа” гэсэн тайлбарыг өгч байна. Ямартай ч морь жмлдээ багтан Монгол Улс гурван сая дахь иргэнээ өлгийдөн авах нь. Манай улсын нэг сая дахь иргэн 1962 онд, хоёр сая дахь иргэн 1988 онд төрж байжээ.


Инфляци өмнөх сараас 0,7 хувиар өсчээ

Статистикийн мэдээллээс хүмүүсийн хамгийн их сонирхдог зүйл бол  эдийн засгийн үзүүлэлтүүд байдаг. Нэгэн үеийг бодвол эрх мэдэл бүхий албан тушаалтнууд төдийгү эгэл жирийн иргэд ч статистикийн үзүүлэлтийг тайлж цншдаг ойлгодог болжээ. Тэр хэрээр ирээдүй хэтээ, ахуй амьдралынхаа орлого, зарлагыг тоццож томъёолох нь бий. Тиймээс чухал гэ үздэг эдийн засгийн тоон мэдээллийг хүргэе.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн индекс  /инфляци/ улсын хэмжээнд энэ оны арваннэгдүгээр сарын байдлаар өмнөх сарынхаас 0,7 хувь, оны эхнээс 10,1 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 11,5 хувиар тус тус өссөн байна. Ийн өсөн нэмэгдэхэд хүнсний барааны үнийн өсөлт 21 хувь, өргөн хэрэглээний бараа үнэ 20,1 хувь, орон сууцны үнэ 19,1 хувь, тээврийн зардлууд 10,3 хувиар өссөн нь голлон нөлөөлснийг статистикийнхан онцоллоо. Мөнгөний нийлүүлэлт 9,9 их наяд төгөрг болж, өмнөх сарынхаас 53,1 тэрбум төгрөг буюу 0,5 хувиар буурч, өмнөх оны мөн үеэс 9,1 хувь буюу  0,8 их наяд төгрөгөөр нэмэгджээ.  Арваннэгдүгээр сарын эцсийн дүнгээр гүйлгээнд 769 тэрбум төгрөг байгаа гэсэн дүн гарсан байна. Банкны системд чанаргүй зээлийн хэмжээ 620 тэрбумд хүрч, өмнөх сараас 2,3 хувь, өмнөх оноос 8,3 хувиар өссөн байх юм.  


Экспорт нэмэгдэв

Оны эхний 11 сард манай улс 135 оронтой худалдаа хийжээ. Гадаад худалдааны нийт бараа эргэлт 10 тэрбум ам.долларт хүрч, үүнээс 5190,4 сая ам.долларын экспорт, 4832,2 сая ам.долларын импорт хийсэн байх юм. Өөрөөр хэлбэл экспорт нь импортоосоо 358,2 сая ам.доллараар давжээ. Ойрын хэдэн сардаа гадаад худалдаа ийн ашигтай гарсаар байгааг статистикчид дуулгав. Энэ үзүүлэлт яг жилийн өмнө /2013 оны арваннэгпүгээр сард/ хоёр тэрбум ам.долларын алдагдалтай гарч байсан билээ. Гэвч сүүлийн саруудад манай үйлдвэрлэл эрчимтэй хөгжөөд гадаадад гаргаж буй бүтээгдэхүүний хэмжээ нэмэгдсэн үү, эсвэл гаднаас орж ирэх бараа бүтээгдэхүүн өм цөм бууравуу гэдгийг эргэн харахаас аргагүй юм.

Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн индекс арваннэгдүгээр сард өмнөх сараасаа зургаан хувиар буурчээ. Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал 9,5 хувийн бууралттай гарсан төдийгүй эрдэс баялгийн олборлолт  нэр төрлөөсөө шалтгаалан 5,6-60,8 хувийн бууралттай гарчээ. Молибдений баяжмал, газрын тос, хайлуур жоншны олборлолт дээрх хэмжээгээр буурсан байна.

Харин хөнгөн үйлдвэрлэлийн салбар нэлээд эерэг үзүүлэлттэй байжээ. Үүнд нарийн боов, тамхи,шар айраг, сүү, сүлжмэл эдлэл, бялуу, бууз, банш, амтат ус, ундаа, талх, хиаман төрлийн бүтээгдэхүүн, адууны махны үйлдвэрлэл 1,2 хувиас 6,4 дахин өссөн байна. Эндээс монголчуудын  маань хоол хүнсний хэрэглээ буураагүй, одоохондоо ч уух идэхээ хасчихаагүй байгаа юм байна гэсэн дүр зураг бууж буй юм. Мөн боловсруулах аж үйлдвэрээс металл цувимал, барилгын зүсмэл материал, цемент, вакум цонхны үйлдвэрлэл өссөн байна.


Аюултай үзэгдэл, ослын улмаас 169 хүн амиа алджээ

Энэ бол тун харамсалтай тоо байгаа биз. Ганцхан сарын дотор манай улсын 169 хүн цаг бусаар хорвоог орхисон байна. Улсын хэмжээнд өнгөрсөн сард нийтдээ 4575 удаагийн аюултай үзэгдэл, осол тохиолджээ. Үүний улмаас 14796 мал, амьтан мөн хорогдсон байна. Нийт нутгаар цаг агаар дулаан, цас бага байгаагаас 3888 удаа объектийн  түймэр, 279 удаа ой хээрийн түймэр гарчээ.  Мөн гол  нуурын ус хөлдөөгүй байхад зорчсоноос болж 99 хүн,  объектийн түймрийн улмаас 49 хүн, аянганд цохиулж таван хүн, уурхайн нурангид өртөж дөрвөн хүн, ой хээрийн түймрийн улмаас гурван хүн хүн, хүчтэй салхи шуурганаас болж хоёр хүн амь насаа алдсан байна.  

Д.ЦЭЭПИЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж