Европ хөрөнгө оруулалтаар Хятадыг “цохино”

Хуучирсан мэдээ: 2011.05.25-нд нийтлэгдсэн

Европ хөрөнгө оруулалтаар Хятадыг “цохино”

Европын орнуудад гадаад хөрөнгө оруулалт 2010 онд эрс нэмэгдэж, дэлхийн санхүүгийн хямралаас хойш анх удаа шинэ дээд амжилт тогтоосон байна.  Хөрөнгө оруулах асар олон төсөл хэрэгжсэний үр дүнд Европт ажлын байр 10 хувиар нэмэгдэж, 137 мянгаар нэмэгдсэнийг “Ernst & Young”-аас явуулсан судалгаа харуулжээ.  Харин  Европ дахь АНУ-ын хөрөнгө оруулалттай төсөл 24 хувьтай байгаа юм. Судалгаанаас харахад Баруун Европын орнууд гадаад зах зээлд оруулж буй хөрөнгө оруулалтын хэмжээгээр удахгүй Хятадыг гүйцэх бололтой.

Европын хөрөнгө оруулалтын хэмжээ 2010 онд 14 хувиар өсч, 3,757 төсөл хэрэгжүүлсэн байна.  Дэлхийн эдийн засгийн хямралын эхэн үед хөрөнгө  оруулалтын хэмжээ эрс буурч байсан ч АНУ тэргүүтэй хөрөнгө оруулагч орнуудын хөрөнгө оруулалт Европт дахин сэргэж байгаа гэнэ.

Герман улсад хөрөнгө оруулалтын 560 төсөл хэрэгжиж, хөрөнгө оруулалтын хэмжээ 34 хувьтай байгаа бол Их Британи гадаадад 728 төсөл хэрэгжүүлсэн ажээ. ОХУ, Польш, Унгар болон Балтын эрэг орчмын улсууд ч гадаад хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх болсон нь дэлхийн эдийн засагт сэргэх хандлага гарсантай холбоотой гэж “Ernst & Young”-ын шинжээчид үзэж байна.

Гэсэн хэдий ч Португаль, Грек, Испани зэрэг орнууд өрийн хямралаас гарч чадахгүй, эдийн засаг нь дорой хэвээр байгаа юм. Европын хөрөнгө оруулагчид автомашины үйлдвэрлэл, сэргээгдэх эрчим хүч болон технологийн салбарт хөрөнгө оруулах илүү сонирхолтой байгаа гэнэ. Ажиглагчдын үзэж буйгаар Баруун Европ ирэх гурван жилд гадаад хөрөнгө оруулалтаар Хятадыг цохих төлөвтэй байгаа ажээ. НҮБ-аас явуулсан судалгаагаар 2010 онд  Франц улс 57.4 тэрбум ам.долларын гадаад хөрөнгө оруулалтаар тэргүүлсэн бол  50.5 тэрбум ам.долларын төсөл хэрэгжүүлсэн Бельги удаалж, 46 тэрбум ам.долларын хөрөнгө оруулагч Их Британи гуравдугаарт бичигдсэн байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж