-Манай улсад барилга барих газар олдохгүй байна-
Дээрх өгүүлбэрийг уншаад “Юун сүртэй юм” гэх байх л даа. Гэхдээ иж бүрэн эмнэлэг барих газар олдохгүй байгаад л хамаг учир нь байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийг хоёр жилийн өмнө Япон улсад айлчлах үед тухайн улсаас манайд хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан иж бүрэн эмнэлэг барьж өгөх санал тавьсан байдаг. Мөн үүний хажуугаар тухайн эмнэлэгт ажиллах боловсон хүчнийг ч өөрийн улсдаа сургаж, бэлтгэж болох тухайгаа илэрхийлжээ.
Харамсалтай нь өнөөдрийг хүртэл зөвхөн газрын асуудлаас болоод өнөөх эмнэлэг баригдсангүй. Ёстой л нөгөө “Гуймхай байж голомтгой” гээч юм болж байна. Уг нь энэ асуудал яригдаж эхлэхтэй зэрэгцээд Ботаникийн хүрээлэнгийн орчимд нэг газар өгөхөөр болсон ч өнөөх нь ямар нэгэн зүйлтэй давхцаад чадаагүй аж.
Үнэхээр л тэгтлээ газаргүй болчихсон юм уу гэхээр бараг өглөө болгон л нэг барилга ашиглалтад орж байна. Хэзээ ч барилга барих боломжгүй гэж бодож байсан газарт ч тэнгэр баганадсан барилга босч байгаа энэ үед эмнэлэг, сургууль, хүүхдийн цэцэрлэг гээд аль хэрэгтэй бүхнийг барих л газар олдохгүй юм, сонин шүү.
Өнөөдрийн бидэнд тулгамдаж байгаа олон асуудлуудын тэргүүнд байгаа зүйлс бол дээрх эмнэлэг, цэцэрлэг. Гэтэл өөрийн хөрөнгөөр эмнэлгийг нь бариад өгөе гэхээр газраа шийдчихэж чадахгүй байгаа нь даанч харамсалтай.
Тэгтлээ газаргүйдчихээд байгаа юм бол улс орон, иргэдийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө “амандаа орсон шар тос”-ыг түлхэхгүйн тулд Төрийн ордныхоо арын цэцэрлэг, эсвэл бүр Их хааныхаа талбайд ч болсон энэ эмнэлгийг бариулаад авья, яадаг юм.
Ирээдүйн иргэдээ эрүүл саруул байлгах эмнэлэгтэй л болж байвал тэд дараа их хааныхаа нэрээр нэрлэх талбай барих, томоохон цэцэрлэгт хүрээлэнг шинээр бий болгох газрыг “Дэлгэсэн тэрлэг шиг” уудам нутгаасаа олох байлгүй дээ.
Т.ДАРХАН