Олигархийг устгах туршлагаа хуваалцжээ

Хуучирсан мэдээ: 2010.04.16-нд нийтлэгдсэн

Олигархийг устгах туршлагаа хуваалцжээ

Олигархийг устгах боломж байдаг гэдэгт итгүүлсэн нэгэн мэдээллийг өнгөрсөн лхагва гаригт Гадаад харилцааны яаманд болсон семинарын үеэр олж мэдлээ. Энэ нь АНУ дахь Альбертагийн их сургуулийн профессор Рандалл Моркын хийсэн сонирхолтой леец байсан юм. “Анхдагч зах зээл дээр хувьцааг олон нийтэд санал болгох замаар хувьчлал хийх бай хувьчлалын хувилбарууд” нэртэй семинарын үеэр тэр энэ жишээнүүдийг дурдсан юм.Түүний удирдан явуулсан энэ семинарт УИХ-ын зарим гишүүд болон бусад төлөөлөгчид оролцсон байлаа.
Профессор Моркын семинараар үндэсний баялаг, эдийн засгийн хөгжил, өрсөлдөөний талаарх судалгаа, өмч хувьчлал болон Монголын нийгмийн гол асуудлуудын нэг болсон олигархуудын тухай түүхэн баримт, мэргэжилтнүүдийн судалгаан дээр тулгуурлан мэдээлэл өгсөн юм.
Энэхүү семинарын хамгийн анхаарал татсан хэсэг нь олигархийн талаарх сэдэв байлаа. Семинар удирдагчийн хэлснээр бол олигарх гэдэг нь эдийн засгийн томоохон хэсгийг удирдан захирдаг хүмүүсийг хэлэх ажээ. Тэд өөрийн гэсэн нэг том компанитай бөгөөд түүний охин компаниуд нь салбаржиж, зах зээлийн бүхий л салбарыг захирдаг болсон байна. Харин “удирдагч” нь компани болгоноос тодорхой хувийн хувьцааг эзэмшдэг байна. Энэ нь эдийн засагт буй өрсөлдөөнийг бууруулж, бусдыг шахаж гаргахын сацуу хэрэглэгчдийг үнийн өсөлтөөр дарамт учруулдаг байна.
Аливаа орны эдийн засаг хөгжихөд хангамж, хэрэглээнээс гадна санхүүгийн систем, найдвартай хөрөнгийн зах зээл хэрэгтэй байдаг. Түүнчилэн өрсөлдөөний зөв хэлбэр байх ёстой гэнэ. Монополь байгаа цагт өрсөлдөөн байхгүй. Харин өрсөлдөөн байгаа үед бизнесийн үр өгөөж нэмэгдэж, эдийн засагт оруулж буй бодит ашиг нэмэгддэг.
Судлаачдын нотолсноор өрсөлдөөний гурван гол хэлбэр байдаг аж. Нэг нь компаниуд хоорондоо өрсөлдөхдөө бүтээгдэхүүний үнийг бууруулах, эсвэл сайн ажилчдыг өөртөө татахын тулд илүү их цалин амлах. Энэ нь хэдийгээр хэрэглэгчид болон албан хаагчдын хувьд ашигтай боловч компанийн хувьд орлого бага авчирдаг хэлбэр.
Харин хоёр дахь нь буюу шинэчлэлийн өрсөлдөөн эдийн засгийн хувьд хамгийн ашигтай хэмээн Рандалл Морк өөрийн бодлоо хэлж байлаа. Энэ нь “Creative Destruction” буюу “Бүтээлч сүйрэл” аж. Энэ өрсөлдөөн нь шинэлэг санаа, шинэ технологийн ачаар цоо шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгож, үйлчлүүлэгчдийг татах юм байна . Үүний ачаар бүтээгдэхүүний үнийг бууруулах бус, харин ч нэмж болдог тул компанид ашигтай ажээ. Сүйрэл гэж нэрлэх болсон шалтгаан нь шинэ бүтээгдэхүүний ачаар бусад бүх өрсөлдөгчдөө үгүй хийдэг. Хамгийн хүчирхэг компани гэгдэж байсан байгууллага ч дампуурдаг байна. Гэхдээ ингэлээ гээд нийгэм, эдийн засаг унадаггүй аж.
Гурав дахь хэлбэр нь улс төрд хөрөнгө оруулах. Энд л олигархиуд гарч ирнэ. Олиграхиуд улс төрийн хүрээнд нөлөөллөө тогтоохын тулд улс төрд орж эсвэл улстөрчдийг хахуульдаж, өөртөө илүү ашигтай тийм хууль, тогтоомж гаргахын төлөө ажилладаг. Төрийн гол аппаратууд олигархиудын гарт орсон ийм нийгэмд өрсөлдөх мэдээж хэцүү.
Тэгвэл олигархиудаас хэрхэн ангижрах вэ? Олигархийг үгүй болгож байсан хэд хэдэн улс орон байдаг. Хамгийн анх олигархиудаас ангижирсан орон бол Герман юм. Дэлхийн хоёрдугаар дайны үед Адольф Гитлер бүх компаниудын удирдлагыг томилох гол эрхийг банк, банкнаас явуулдаг санал асуулгад өгчээ. Харин тухайн үеийн “олигархиуд” болох банкны салбарын гол удирдлага болж байсан еврейчүүдийг ард түмний дайсан хэмээн зарлан хороож, оронд нь өөрийн фашистуудыг байрлуулсан байна. Хэрцгий мэт боловч эдийн засаг, зах зээлд хэт ноёрхогчдыг байхгүй болгож чаджээ.
Дараагийн орон бол Итали юм. Муссолинигийн фашизмын үед бүх компанийн хамгийн том захирагч байгууллагыг төрийн өмчит компани болгосон гэнэ. Энэ замаар мөн л олигархиудыг цэвэрлэж чаджээ. Мөн л хүч хэрэглэсэн арга юм.
Тэгвэл олигархиудаас хамгийн үр дүнтэйгээр ангижирч чадсан орон бол АНУ ажээ. Тус улсын 32 дахь ерөнхийлөгч Фрэнклин Рузвельт хамгийн зөв шийдлийг олж чадсан байна. АНУ-ын хувьд бидний нэрлэж заншсан олигархиудыг “дээрэмчин баронууд” гэж нэрлэдэг байна. Харин зах зээлийн дийлэнх хэсгийг гартаа атгасан эдгээр баронуудыг арилгахын тулд тэрээр “давхар татвар” тогтоожээ. Өөрөөр хэлбэл, олигархын эзэмшиж буй толгой компаниуд нь охин компани болгоноосоо авах ноогдол ашигтаа илүү татвар төлөх ёстой болж байгаа юм. Охин компани ч мөн адил өөрийн охин компаниас авах ноогдол ашгийн тодорхой хувьтай тэнцэх татварыг улсад төлөх ёстой болдог юм байна. Түүний дээрх толгой компани ч мөн адил хэрэв бүр доороосоо ноогдол ашиг давхар авч байгаа л бол ашгийн татвар төлдөг болгосон байна. Энэ мэтчилэн хамгийн доор байгаа компанийн ашиг удирдаж буй олигархид очих хүртлээ маш олон тооны татварт шүүгдэж ашиг авч байгаа нь маш их татвар төлөх шаардлагатай болдог байна. Рузвельтийн энэ хууль үр дүнгээ маш хурдан өгч, бараг л тэр дороо олигархиуд алга болсон аж.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж