Бэн Турнбул: Төрийн банкыг нэгдүгээр зэрэглэлд хүргэхийн төлөө ажиллана | News.MN

Бэн Турнбул: Төрийн банкыг нэгдүгээр зэрэглэлд хүргэхийн төлөө ажиллана

Хуучирсан мэдээ: 2010.02.28-нд нийтлэгдсэн

Бэн Турнбул: Төрийн банкыг нэгдүгээр зэрэглэлд хүргэхийн төлөө ажиллана

Монголбанк Зоос банкийг татан буулгаж, Төрийн банк байгуулаад байгаа. Ингээд Төрийн банкны гүйцэтгэх захирал Бэн Турнбулын анх удаагаа хэвлэлд өгсөн ярилцлагыг хүршэж байна.

-Төрийн банк ажлын гараагаа юунаас эхэлж байна вэ?

-Төрийн банкийг Засгийн газар Сангийн яамаар дамжуулж байгууллаа. "Зоос" банкны хуучин харилцагчдад дэмжлэг үзүүлэх, найдвартай түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх зорилготой байгуулсан банк. "Зоос" банкнаас зээл авсан, мөнгө хадгалуулсан харилцагчдын данс Төрийн банк руу шилжсэн. Харилцагчдын хэрэгцээ шаардлагыг хангахын тулд хуучин "Зоос" банкны салбарууд, ажилчдыг Төрийн банк авлаа. Хуучин "Зоос" банкны тодорхой хэмжээний ажилтнууд Монголбанкны эрх хүлээн авагчидтай хамтарч ажиллан зээлийн өр төлбөрийг барагдуулахаар үлдсэн. Тэр хүмүүс "Зоос" банкны чанаргүй зээлийг төлүүлээд Монгол Улс, банкны системийг хохиролгүй болгох юм. "Зоос" банкны үед ажиллаж байсан бүх салбар нэгжүүд Төрийн банкных болоод бүгд үйл ажиллагаагаа хэвийн явуулж эхэлсэн. Энэ банкны үйл ажиллагаа нь олон нийтэд нээлттэй ил тод байхын зэрэгцээ харилцагчдад дээд зэргийн үйлчилгээ үзүүлж, найдвартай байдлаар бусдаас ялгарна. "Зоос" банктай харилцаж байсан бүх харилцагч нар Төрийн банкаар урьдын адил үйлчлүүлэх боломжтой. Төрийн банк үйл ажиллагаагаа эхэлсэн өдрөөс бидний шинэ харилцагчид бидэнд итгэж үйлчлүүлсээр байна. Засгийн газраас яагаад Төрийн банк байгуулах шийдвэр гаргасан бэ гэвэл, нэгдүгээрт олон түмнийг тайван болгох, хоёрдугаарт, үүсээд байгаа банкны системийн хямралыг тогтворжуулах алхам байсан. Нөгөөтэйгүүр, Монгол Улсын Засгийн газар банкны системд үүсээд байгаа хямралыг шийдвэрлэхэд хүчтэй алхам хийх, хийж байгаагаа харуулж Төрийн банкыг байгууллаа.

-Хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах банк болгохын тулд ямар ажил хийх вэ?

-Хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах банк болоход Монголын эдийн засгаас шалтгаална. Монгол Улсын эдийн засаг тогтворжих ёстой. 2003-2006 оных шиг хэмжээний өсөлтийг эдийн засагтаа авчрах, эдийн засгийг тогтворжуулах хэрэгтэй. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг баталсан. Үүн шиг гэрээ олныг байгуулж чадвал дотоод, гадаадын хөрөнгө оруулагч худалдаж авах сонирхолтой болно. Эдийн засаг өсөөд эхэлбэл дэмжлэг үзүүлж чадах банк Монгол Улсад хэрэгтэй. Засгийн газрын зүгээс Олон улсын валютын сан болон бусад байгууллагаар дамжуулаад банкны системээ тогтворжуулж чадна гэсэн итгэлтэй байгаа. Банкны системээ сэргээж чадвал гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татахад дөхөм болно.

-"Зоос" банкны ажлыг сайжруулахаар өнгөрсөн долдугаар сараас хойш гадаадын мэргэжлийн баг юу хийсэн бэ?

-Нэг зүйлийг эхлээд тодруулах хэрэгтэй байх. Гадаадын удирдлагууд өнгөрсөн долдугаар сард томилогдсон. Сая арван сард Монголбанкны Эрх хүлээн авагч томилогдлоо. Энэ хугацаанд "Зоос" банкинд хуримтлагдсан эрсдлүүдийг бид үнэлж, дүгнэж гаргасан. Гэтэл хуримтлагдсан эрсдлээ "Зоос" банк үүрч гарч чадахааргүй байсан. Монголбанк хийсэн бүх хэвлэлийн хурлууд дээрээ "Зоос" банкны чанаргүй зээлийн хэмжээ маш их гэдгийг онцолсоор байв. Монголбанкны ерөнхийлөгч чанаргүй зээлийг дурдахдаа "Монгол газар" компанийн эзэн Ц.Мянганбаярт олгосон их хэмжээний зээлийг онцолж байсан. Гэхдээ үүнээс гадна өөр иргэд, компанид олгосон чанаргүй зээл бий. Энэ чанаргүй зээлийг эхнээсээ
өгч болохгүй байсан юм. Бид нар манайд байгаа алдагдал, чанаргүй зээлийн мэдээллээ өнгөрсөн есдүгээр сарын 30-нд олон нийтэд мэдээлсэн. Үүнээс хойш "Зоос" банкинд итгэх иргэдийн итгэл буурсан. Олон улсын банкны хууль, жишиг туршлагын дагуу хэрвээ банк төлбөрийн чадваргүй болбол тухайн улсын Төв банк эрх хүлээн авагч томилоод татан буулгадаг. Монгол цөөхөн банктай учраас аль нэг нь дампуурахад иргэд хүндээр тусгаж авдаг. Том эдийн засагтай улсуудад банк татан буулгах ажиллагаа өдөр тутам хийгдэж байдаг. Төрийн банк "Зоос" банкны чанартай активуудад тулгуурлаад байгуулагдаж байгаа. Цоо шинэ, эрсдэлгүй, цэвэр банк гэж ойлгох хэрэгтэй. "Зоос" банкинд муу зээлүүд үлдэж байгаа юм.

-Цаашид юу хийхээр төлөвлөн ажиллаж байна вэ?

-Бид Төрийн банкныхаа ажлыг нэгдүгээр зэрэглэлд хүргэхийн тулд ажиллана. Нэгдүгээр зэрэглэлийн банк болгоход хийх зүйл олон бий. Банкны мэдээллийн системийг сайжруулах, мөн гүйлгээнийхээ системийг сайжруулах хэрэгтэй. Шинэ банкны бүтцийг нарийн зохион байгуулж, ажиллах хугацаанд жижиг, дунд бизнест тулгуурлая гэсэн хандлагатай байна. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн зах зээлийг боломж гэж харж байгаа. "Зоос" банкны жижиг, дунд үйлдвэрлэгчдэд олгосон зээлийн багц нь нэлээд сайн. Өөрөөр хэлбэл, жижиг дунд бизнес эрхлэгчид эдийн засгийн хямралыг ажрахгүй давсан гэсэн үг. Гол анхаарлаа хандуулж байсан жижиг, дунд үйлдвэр дээрээ эргэж төвлөрч чадвал банкныхаа үйл ажиллагааг богино хугацаанд сэргээж, ашигтай ажиллаж чадна.

-Нэгдүгээр зэрэглэлийн банк болгохын тулд сайн баг хэрэгтэй байх даа?

-Надтай хамт Төрийн банкыг удирдах Сорин Соронсин болон Роберт Ложе нар банкинд удаан жил ажилласан туршлагатай. Банкны үйлчилгээг сайн үзүүлэхэд мэргэшсэн хүмүүс. Бидэнтэй Монголын банкны сайн мэргэжилтнүүд хамтарч ажиллаж байна. Отгонбилэг захирал "Монгол шуудан", Монголбанкинд ажиллаж байсан туршлагатай банкир. Роберт Ложе захирал Оюунчимэг захиралтай шууд хамтарч ажиллана. Оюунчимэг захирал "Зоос" банкыг үүсэн байгуулагдсан цагаас ажилласан туршлагатай хүн. Отгонбилэг захирлын орлогч Нарандэлгэр гэж хүн бий. Нарандэлгэр "Зоос" банкны салбарын захирлаар ажиллаж байсан. "Зоос" банкинд ажиллаж байсан туршлагатай хүмүүс Төрийн банкинд шилжиж
ажилласан. Миний хувьд хямралтай цагт Монгол Улсын эдийн засагт, банкны системд хувь нэмрээ оруулж ажиллаж байгаадаа хүндэтгэлтэй байна.

-Төрийн банкны удирдлагын баг бүрдчихэж. Цаашид банкныхаа ажлыг ямар шат дараалалтай өргөжүүлж, сайжруулах вэ?

-Төрийн банк байгуулагдаад удаагүй байна. Мэдээж, бизнесийн, стратегийн төлөвлөгөө боловсруулна. Эхний ээлжинд үйл ажиллагаагаа тогтворжуулж, харилцагч нартаа чанартай
үйлчилгээ үзүүлэн найдвартай байдлыг хангахыг зорьж байна. Хуучин "Зоос" банкныхаас илүү бодлого барина. Бодлогоо зах зээлдээ чиглүүлнэ. Ингэхийн тулд зарим нэг салбараа хаах ч юм уу, орон тоогоо нягтруулах ажлыг хийж магадгүй. Одоохондоо эргээд тогтвортой байдалд орохоо гол зорилго болгож байна. Мөн зардал дээрээ анхаарлаа хандуулж ажиллаж байна. Өдөр тутмын үйл ажиллагааны зардлаасаа гадна ерөнхий зардлаа маш сайн хянаж байгаа. Түрүүнд жижиг дунд үйлдвэрлэлд анхаарлаа хандуулж ажиллана гэж хэлсэн. Жижиг, дунд үйлдвэрлэгчдэд чанартай зээл өгөөд банкныхаа хэмжээг цомхон байлгавал богино хугацаанд ашигтай банк бий болгоно.

-Жижиг дунд үйлдвэрлэлд голлон төвлөрч санхүүжүүлэх нь Төрийн банкны эхний зорилт уу?

 -Яг одоогийн байдлаар манай банкны эн тэргүүний зорилго биш. Магадгүй 4-5 сарын дараа манай зорилго болно. Одоогийн нөхцөл байдалд Сангийн яам энэ банкыг зөв ажиллаж эхлэхэд нь их анхаарч байна.

-Төрийн банк зээл олгож байна уу?

-Манай банкинд иргэд байгууллагууд хадгаламжаа хийгээд эхэлсэн. Одоохондоо ямар нэг шинэ зээл олгохгүй гэсэн бодлоготой байгаа. Хэзээнээс зээл олгож эхлэх нь тодорхойгүй
байна. Ойрын хугацаанд зээл олгож эхлэх тал дээр ажиллаж байна. Банкны салбар иргэдийн итгэл дээр тогтдог. Төрийн банкинд итгэлээ өгвөл манай баг найдвартай хамтран ажиллаж чадна.

-Шинэ банк өрхөө татлаа. Дэлхий дахиныг хамарсан эдийн засгийн хямралд манай улс хүчтэй өртсөн. Эдийнзасгийн гол хөдөлгөгч хүч, цусны эргэлт нь банк байдаг. Танай банк өсөн дэвжиж, монголчуудын бизнес, аж амьдралд том хувь нэмэр оруулах биз ээ. Ажил, үйлсийн чинь өрнөн дэлгэрэг болтугай.

-Баярлалаа

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж