АИ-92 түлшний хувьд хомсдол, хязгаарлалт байхгүй

Хуучирсан мэдээ: 2011.05.25-нд нийтлэгдсэн

АИ-92 түлшний хувьд хомсдол, хязгаарлалт байхгүй

Манай улсад нефтийн хомсдол үүссэнтэй холбогдуулан ОХУ-аас түлш импортлох ажил хэр ахицтай байгаа талаар Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтоос тодрууллаа.

-Шатахууны үнэ өсч, дизель түлш хомсдлоо. ОХУ-аас түлш импортлох ажил юу болж байна вэ?

-Шатахууны үнэ өслөө гэдэг бол ташаа мэдээлэл. Өнөөдрийн байдлаар, “Сод Монгол” групп түлшнийхээ үнийг 100 төгрөгөөр нэмсэн. Дэд сайд Б.Ариунсангаар ахлуулсан ажлын хэсэг түлш импортлохоор ажиллаж байгаа. Энэ сард оруулж ирэх ёстой 17 мянган тонн түлшний 7000 нь үндсэндээ орж ирсэн. Мөн нэмж 15 мянган тонныг авах гэрээ хэлцлүүдийг хийсэн. Гэхдээ ОХУ-аас энэ сард түлш нийлүүлэх хугацаа хойшиллоо. Үүнээс болж бага зэргийн хомсдол үүсээд байгаа юм.

-Шатахуун түгээх зарим станц 20 литрээс илүү өгөхгүй байгаа гэсэн. Энэ нь 15 мянган тонн түлшний ачилт хойшилсноос болж байгаа юу. Энэ талаар тайлбар хийхгүй юү?

-Ер нь дизель түлшний асуудал ийм л байдалтай байгаа. Бид энэ сард 85 мянган тонн түлш импортлох захиалга өгсөн боловч ОХУ  дотоодын нөхцөл байдлаас шалтгаалж  “10 мянган тонныг өгнө” гэсэн. Үүн дээр нэмээд 7000 тонн дизель түлш авахаар тохирсон. Харин дэд сайд Б.Ариунсан ОХУ-д ажиллаж холбогдох компаниудтай уулзсаны дараа нийтдээ 15 мянган тонн дизель түлш  нийлүүлэх тохиролцоонд хүрсэн. Нэмэлт 15 мянгын ачилтыг хийгээгүй байна. Гэрээг нь хийгээд явж байгаа. Түүнээс биш байдал хэвийн байгаа гэж хэлье. Ямар ч байсан ирэх сард байдал сайжирна гэсэн найдлага тавиад ажиллаж байна. Газрын тосны хамгийн том үйлдвэрлэгч улсад яагаад хомсдол үүсэх болов гэж хүмүүс их гайхаж байх шиг байна. Сүүлийн үед Арабын орнуудад өөрчлөлт гарсантай холбогдуулан газрын тосны үнэ дэлхийн зах зээл дээр өссөн. Үүнээс болж ОХУ-ын газрын тосны үйлдвэрлэгчид экспортоо нэмэгдүүллээ. Ингэснээр дотооддоо боловсруулах үйлдвэрүүд нь арай бага боловсруулж эхэлсэн. Үүнээс үүдэн ОХУ-ын зах зээлд түлшний хомсдол үүслээ.

-АИ-92 шатахууны хомсдолд орлоо гэх мэдээлэл бий?

 -Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ийм мэдээлэл гарч байгаа. Гэхдээ АИ-92 түлшний хувьд хомсдол үүсч, хязгаарлалт хийгээгүй.

-Таны хэлснээр ирэх сард  байдал хэвийн болно гэж ойлгож болох уу?

-Ер нь хэвийн байдалд оруулахаар  төлөвлөж байгаа. Манай улс түлшээ ОХУ гэхээс илүүтэйгээр “Роснефть” компаниас авч байсан. Харин одоо зөвхөн  “Роснефть” компаниас бус, бусад үйлдвэрлэгчээс авъя гэсэн бодлого баримталж байна. Мөн Хятад улсаас түлш  импортлох талаар ярьж байгаа. “Роснефть” компани байршлын хувьд ойр байдаг учир түлш нь хамгийн хямд үнэтэй  байгаа юм. Гэхдээ бид хараат байдалд орохгүйн тулд дээрх арга хэмжээг авч байна.  

Ц.ЭНХЦЭЦЭГ


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж