Reuters агентлагийн хүсэлтээр шилдэг гэрэл зургуудаа хэрхэн бүтээсээ гэрэл зурагчид ярив.
Украины евроинтеграцийн төлөө эсэргүүцэгчид усаар буудалтаас нуугдаж байгаа нь.. Киев, нэгдүгээр сарын 23. Фото: Василий Федосенко / Reuters
"Киев хотноо эсэргүүцэлд оролцогсод өдөр бүр л хуучин дугуйгаар босгосон бэхлэлт дээрээ гаран цагдаа нартай мөргөлдөөнд орж байлаа. Өвөл цаг, хүйтэн байв. Цагдаагийнхан тэднийг усаар шүршинэ. Эсэргүүцэгчид шатдаг бодистой лонх шидэлнэ. Хариуд нь тэднийг резинэн сумаар буудана. Ийм зүйл олон хоног үргэлжлэв. Молотовын коктайль, Украины туг энд тэндгүй, хүмүүс сүлд дуугаа дуулцгаана. Гудамжны зургийг авахын тулд би өдөр бүр л хуягт хантааз, дуулга өмсдөг байлаа. Улс орныхоо амьдралыг өөрчлөх хүмүүсийн хүсэл эрмэлзэлд би биширсэн юм. Хүмүүс бие биендээ туслан, хөгчүүд хүртэл дулаан хувцас, халуун хоол авчирч байлаа».
Цасан шуургыг хүмүүс супермаркетад хүлээж байгаа нь. Атланта, нэгдүгээр сарын 29.
Фото: Tami Chappell / Reuters
"Атланта хотын өвөл зөөлөн гэдгийг хэн хүнгүй мэднэ. Гэтэл өнгөрсөн өвөл хот цасан шуурганд дайрагдлаа. Тэр өдөр замын түгжрэл цасны улмаас олон цагаар үргэлжлэв. Тжр өдрийн өглөө би Атланта хотоос 100 милийн зайтай өөр даалгавартай явлаа. Харин цасан шуурганы тухай мэдээ авангууд эргээд явлаа. Би энэ нутагт төрж өссөн учир зам харгуйг нь сайн мэднэ, түгжрэлд олон цаг зогсохоос аврагдсан гэж болно. Үүрээр хотод буцан ирж байсан би тааралдсан бүгдийн зургийг аваад л явлаа. Миний дүү эмэгтэй найз бүсгүйгээ Publix хүнсний дэлгүүрт боогдсон гэж хэлэв. Дэлгүүр үүд хаалгаа барилгүй шөнөжин онгорхой байж, хүмүүсийг орогнуулан хоолложээ. Би тийшээ ороод л сюрреалист зураглалтай тааралдлаа. Зарим хүмүүс шалан дээр нь унтаж байв. Ер нь би гэртээ хүртэл машиндаа бараг 30 цагийг өнгөрөөсөн байлаа ».
Перугийн үндэсний хамтлагийн дуучин охин тоглолтын үеэр бөөлжив. Лима, тавдугаар сарын 13. Фото: Enrique Castro-Mendivil / Reuters
"Би Лима хотын үндэсний театрт концерт үзсэн юм. Перугийн хүүхдийн үндэсний хөгжмийн чуулгын хамт дуулах ёстой тенор Хуан Диего Флоресийн гарч ирэхийг хүлээж суулаа. Гэнэтхэн нэг охин бөөлжиж эхлэв. Хүүхдүүд дээд хүрээний үзэгчдийн өмнө тоглох болсноос охин хэтэрхий догдолсон байж болно. Харин залуу найрал дуучид маш мэргэжлийн маягаар тоглолтоо үргэлжлүүлж, охин тайзыг орхин явав ».
"Союз» хөлгийн хөөрөлт. Байконур, есдүгээр сарын 26. Фото: Шамиль Жуматов / Reuters
"Улаан дөлөн дундаас “Союз” хөлгийн хөөрөлтийг хэрхэн томруунаар зургийг нь авах билээ? Хөлөг хөөрөх үед техникийн аюулгүй байдлын улмаас би гарааны газраас нь км-ийн зайтай байдаг. Би камераа гарааны талбайд байрлуулахаар шийдэв. Харин алсын зайнаас хэрхэн удирдах вэ гэсэн асуудал гарлаа. “Союзын” гараа нь маш нарийн тооцоотой учир би таймер тавьсан юм. “Союз” хөөрч эхлэнгүүд элс, чулуу карерийн зүг шидэгдлээ. Азаар миний хохирол нь хагарсан фильтр л байлаа».
Сомалийн гэмт хэрэгтнүүдийг цаазалж байгаа нь. Могадишо, наймдугаар сарын 3.
Фото: Feisal Omar / Reuters
"Исламын "Аль-Шабааб" бүлгийнх гэж буруутгасан гурван сомали хүнийг цаазлах ялын гүйцэтгэлийн зургийг би авсан юм. Тэднийг амьд үед нь би зургийг авсан юм. Тэднийг буудсны дараа цус нь хэрхэн олгойдож байгааг би харсан. Тэд эгшин зуур үхэцгээсэн ба харин тэдний цогцсын зургийг авахыг бидэнд зөвшөөрөөгүй. Шонд чангаар хүлэгдсэн, хөдлөх аргагүй үхлээ хүлээсэн хүмүүсийг харна гэдэг ёстой л чочрол болсон юм. Энэ түүх надад нөлөөлж би сандарч байлаа. Эдгээр хүмүүсийн зовлон шаналал, цус нь урсахыг харах, тэдний орлионыг сонсох шиг аймшиг үгүй байв».
Турк-Сирийн хил дээр курдын дүрвэгсдийн үлдээсэн хүүхдийн дүүжин. Суруч, есдүгээр сарын 27. Фото: Murad Sezer / Reuters
"Турк-Сирийн хилийн нэвтрэн өнгөрүүлэх нь уйлсан хүүхэд, тоос шороон дунд амь гарах гэсэн ёстой л нэг бужигнасан зөгийн үүр шиг. Харин энэ өдөр тэнд хүн амьтан харагдаагүй нь миний гайхлыг төрүүллээ. Гайхсан би эргэн тойрноо харж байгаад хүүхдийн савлуур орыг олж харсан юм. Ийм нарийн зүйлийг хэн үлдээв? Автобус, машинд түүнийг тавих зай олдсонгүй юу? Энэ ганцаардмал, уйтгартай савлуур орны зургийг би авсан юм. Миний хувьд найдвар алдсан зураглал байлаа. Эзэдэд нь найдвар байсан бол ийм зүйлийг орхино гэж үү? Би 24 миллиметрийн өргөн өнцөгт дурангаар дөрвөн зураг авсан юм. Энэ хугацаанд дүрвэгсэд ямар их сэтгэлийн зовууртай байсан тухай бодож байлаа ».
Палестин хүүхдүүд гартаа буу бариад эвлэрэлийг тэмдэглэв. Газын зурвас, наймдугаар сарын 26. Фото: Suhaib Salem / Reuters
"Гал зогсоож, Израильтай эвлэрэл байгуулсны баяр хөөрөө тэмдэглэж байгаа палестинчуудын зургийг би авсан юм. Уриа лоозунг хашгирсэн хүмүүс гудамжаар машин мотоциклтай явцгаан цугларч хөөрч байлаа. Гал зогсоосныг тэд өөрсдийн ялалт гэж хүлээн авч байлаа. Тэр үеэр би ер бусын зураглалтай тааралдсан юм. Хүүхдүүд инээлдэн гартаа буу барин баясаж байв. Би тэдний нүүрнээс айдас хараагүй. Машин хурдтай явсан болохоор зураг авахад хүндрэлтэй л байлаа. Гэрэл дутса. Миний хөдөлгөөн хүмүүсийн урсгалаар боогдсон зэрэг саад их байв ».
Олимпийн нээлтийн нээгдээгүй цагираг. Сочи, хоёрдугаар сарын 7. Фото: David Gray / Reuters
"Ер бусын зүйлийг дандаа хүлээж бай гэдгийн баталгаа нь энэ зураг. Олимпийн нээлтээс хоёр хоногийн өмнө олипийн цагиргууд нь жижиг цэцэг шиг бөөрөнхийгөөс гарч ирэн дараа нь хурц тод гэрлээр цацарна гэдгийг харсан юм. Гэрлийн тийм өөрчлөлт нь нарийн тохиргоо шаарддаг. Би гэрлийн мэдрэмжийг нь багасган камераа тааруулан хүлээж байв. Гэтэл баруун дээд цагираг нь нээгдээгүй би хараад шуурхай хөдлөн гэрлийн мэдрэмжийг нэмэн хэд хэдэн зураг хийж амжлаа. Үргэлжлэлийг нь хүлээж байтал цагираг нээгдэлгүйгээр олипийн бэлгэдэл алга болсон юм. Камераа зөв тохируулсан уу, ер бусын кадр хийж чадсан уу гэдгийг таны өмнөх миний зураг харуулна. Сочийн олимпийн гол дүрүүдийн нэг нь нээгдээгүй тэр цагираг болсон юм ».
Бэлтгэсэн Ш.МЯГМАР