Цөмийн пуужингийн эсрэг хамгаалалт хайж явна уу

Хуучирсан мэдээ: 2011.05.25-нд нийтлэгдсэн

Цөмийн пуужингийн эсрэг хамгаалалт хайж явна уу

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама гэргийн хамт Европын орнуудаар айлчилж байна. Энэхүү айлчлалыг нэлээд өргөн хүрээнд хийж байгаа аж. Б.Обама Ирландаар дайраад англичуудад ханхүү Уилъямсын хуриманд уриагүй шалтгааныг сануулах, Францад болох “Их найм”-ын уулзалтад оролцон Европын зарим оронд цөмийн зэвсэг эсэргүүцэгч пуужин байрлуулах талаар ярилцана хэмээн шинжээчид таамаглаж байна. Мөн  Польш, Оросын үл ойлголцлыг ашиглан яриа хэлэлцээр хийх төлөвлөгөөтэй ч байж болох юм. Түүний Европт хийх улс төрийн айлчлалын  хуваарьт Ирланд,  Англи, Франц, Польш улс багтжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама маргааш Франц улсын Деаувийлд газардаж, дараа нь Парис хотыг зорих аж.  Парист очоод “Их найм”-ын уулзалтад оролцох үеэрээ Японы цацраг идэвхт бодис, Арабын хувьсгал, Осама Бин Ладены үхэл, Пакистан Афганистаны дунд бай­гаа талибанчууд, Оросын талаас  тавьж байгаа пуужингийн санал, цаашлаад Курилын арлуудын тухай хүртэл ярих байх гэсэн таамаглалыг Английн “Телеграф” агентлагаас дэвшүүлжээ.

Барак Обама Ирландад манай улсын цагаар даваа гарагаас мягмар гарагт шилжих шөнө газардсан. Дараа нь Ирландын Ерөнхийлөгч Мэри МакАлийстын ажлын өрөөнд нь зочилжээ. Үүний дараа 1963 онд АНУ-ын Ерөнхийлөгч асан Ж.Кеннедигийн эхлүүлсэн жишгийн дагуу Финикс хүрээлэнд мод тарьсан юм. Мөн Ирландын төрийн ордонд Ерөнхий сайд Энда Кеннитэй уулзсан аж. Энэ үеэр Барак Обама “Манай хоёр орны харилцаа улам өргөжиж байгаад би баяртай байгаа” гэдгээ дурдсан байна. Хачирхалтай нь Обамагийн өвөг эцэг Фалмоут Кеарнэй 1850 онд Ирландыг орхин явж байжээ. Магадгүй ийм учраас тэрбээр энэ удаагийн айлчлалаа Ирландаас эхэлсэн байх.

Харин өчигдөр Лондонд хүрэлцэн ирж, Английн хатан хаан II Элизабеттай зургийн галлерейд нь хамт зургаа татуулж сонирхолтой яриа өрнүүлсэн байна. Мөн тэднийг Английн Ерөнхий сайд Дэвид Камерон хүлээн авч уулзсан талаар  Английн “BBC” агентлаг мэдээлсэн юм. Мөн энэ өдөр ноён Камеронтай Английн Уэстминистер хурлын танхимд хүрэлцэн ирж, дараа нь АНУ-ын Элчин сайдын яамны байранд хатан хаан II Элизабеттай хамт зоог барьжээ. 

Б.Обама Францад зочилж их наймын уулзалтад оролцсоныхоо дараа буюу баасан гарагт Польш улсыг зорих юм. Түүнийг Польшийн Ерөнхийлөгч  Бронислав Коморовс­кий хүлээн авах бөгөөд хамт оройн зоог барих аж. Одоогоор ОХУ-ын төлөөлөгчид түүний айлчлалын талаар тодорхой байр суурь илэрхийлээгүй байна. Үнэхээр тэдний хувьд Францад пүрэв гарагт “Их найм”-ын уулзалт болох гэж байхад нам жим байх нь алсыг харсан хэрэг болов уу.

Барак Обамагийн Европоор хийх энэ удаагийн айлчлалын гол зорилгыг “АНУ-ын цөмийн пуужингийн эсрэг хамгаалалтыг Европт байрлуулах гэсэн стратегийн ач холбогдолтой уулзалтууд” хэмээн эх сурвалжууд тайлбарлаж байна. Магадгүй ОХУ-ын тавьсан саналыг хүлээн зөвшөөрөхгүй бол тус улсын зүгээс цөмийн үйлдвэрлэл болон зэвсэглэлээ улам идэвхжүүлэх       болно гэдгийг сануулсан билээ. “Ройтерс” агентлагийн мэдээлж байгаагаар “Их найм”-ын уулзалтын үеэр юун түрүүнд  Арабын орнуудын хувьсгалын талаар хэлэлцэх болов уу. Учир нь Ливийн удирдагч Муаммар Каддафи өөрөө НҮБ болон НАТО-д бууж өгөх бодолтой байгаагаа мэдэгдсэн. Мөн Сирийн асуудал хяналтаас гараад байгаа талаар тодорхой шийдвэрт хүрнэ гэдэгт найдаж байгаа” гэжээ. 

АНУ-ын Миссоури мужид  болсон хар шуурганы үеэр амиа алдсан хүмүүсийн тоо 120 гараад байгаа. Нөхцөл байдал ийм хүндхэн байхад АНУ-ын Ерөнхийлөгч Европоор аялж байна. Түүнийг гамшгийн го­ломтод хүрэлцэн ирэхийг уриалсан утга бүхий сэтгэгдэлүүд түүний “facebook”-ийн хуудаснаа дүүрчээ. Мөн энэ бүхэн АНУ-ын ард иргэдийг бага зэрэг бухимдуулсан талаар “USA today” мэдээлсэн.

Эх сурвалжууд Барак Обамагийн айлчлалын зорилгыг арай өөр   өнцгөөс харахыг хичээж байна. Зарим нь “Их наймын уулзалтаас их зүйл хамаарна. ОХУ, АНУ-ын цөмийн асуудал хамгийн чухал. Арабын хувьсгалыг одоо яах вэ гэх зэрэг олон таамаглал байна. Харин “Аль-Жазира” агент­лагийн мэдээлж байгаагаар “Европоор хийж байгаа Б.Обамагийн  айлчлал эцсийн  дүндээ цорын ганц  зорилготой. Тэр нь ОХУ-ын цөмийн зэвсэг тэдний шүдний өвчин болж байгаатай холбоотой.  Хэрэв АНУ алсдаа Польш улсад цөмийн пуужин эсэгүүцэх   хамгаалалт байр­луулах талаар мөрөөдөж байгаа бол хэзээ ч  бүтэхгүй л болов уу. ОХУ, Польш хоёрын хоорондын харилцаа 2010 оны  Ерөнхийлөгч агсан Качинскийн онгоцны ослоос хойш өдий болтол сайжраагүй хэвээр байгаа. Гэвч АНУ-д ямар ч боломж байхгүй” гэжээ. Тухайн үед осол болсон уу болсон, шинжээчид томилсон уу томилсон, дүгнэлт гарсан уу гарсан. Харин Оросын хувьд тухайн үед энэ талаарх байр сууриа илэрхийлээд чимээгүй болсон.

Ямартай ч Барак Обамагийн хувьд “Их найм”-ын уулзалт, цөмийн пуужингийн эсрэг хам­гаалалт, Польшийн хар бараан дурсамжийг сэргээсэн үйл явдал ихтэй долоо хоног өнгөрөх нь тодорхой болоод байна. Үүнээс гадна Барак Обама болон түүний гэргий Мишель Обама нар айлчлалаа дуусгаад CNN-д ярилцлага өгнө гэдгээ амласан юм.

Б.БААТАР


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж