Хуучирсан мэдээ: 2011.05.25-нд нийтлэгдсэн

Монголчууд бидний сэтгэлгээний хямралын өөр нэг шалтгаан нь өнгө мөнгөний төлөөх өрсөлдөөн юм.

…АНУ-д ажилаж амьдарч байгаад Монголдоо буцаж очсон танил маань ийн ярьсан юм.

-Монгол минь зөндөө л өөрчлөгдөж хөгжжээ. Нэг л дасахгүй байгаа зүйл нь, ажил төрөл амин хувийн асуудлаар хүмүүстэй уулзахад өмссөн хувцас, зүүсэн зүүлт, унасан машин, барьсан гар утсыг минь ихэд сонжих юм. Тэр ч бүү хэл, хүмүүсийн харилцааны хэмжүүр нь энэ болсон бололтой. Хэрэв энэ бүх хэрэглээ нь хүний сонирхол татахуйц биш, бас муухан бол харьцаxгүй янзтай.

…Саяхан нэгэн сайт дээр "9911…..” дугаарыг 5000$-оор зарна”  гэсэн содон зар байлаа.

…Энэтхэгээс болон бусад орноос булга болон минжний арьсаар хийсэн дээлүүд Монголд их хэмжээгээр, бас их үнэтэйгээр зарагддаг гэнэ. Шинэ жил ойртож байгаа өдий цагт хамгийн гүйлгээтэй бараа болон хувирдаг гэнэ.

Өндөр хөгжсөн орнуудад ард иргэдийнх нь амьдрал 3 түвшинд ангилагддаг. Нийт ард иргэдийн амьдралд дундаж төвшнийх нь дийлэнх /70%-80% орчим/, хэт баян болон хэт ядуу түвшнийх нь бага байж тэнцвэр хадгалагддаг аж.  Энэ хэрээр тэдний зүгээс улсад төлөх татварын хэмжээ ч ялгавартай.

Дундаж түвшнийх гэдэг маань, тухайн хүний ажил хийж олсон мөнгө нь амьдралд нь хүрэлцдэг гэсэн үг. Тэд өөрийн гэсэн боломжийн байртай, унах машинтай, хэрэгэцээ гарвал хүссэн зүйлээ худалдан авах боломжтой. Ийм тохиолдолд тэд өөр хоорондоо барьцаж, бие биенээсээ илүү гарах гэж тэмцэлдэж, бас бухимдан муудалцдаггүй.

Хэрэв хэрэгцээнээсээ илүү зүйл худалдан авахыг хүсвэл, зээл авах боломж нь бий. Зээл авах гол шаардлага нь барьцаа хөрөнгөнөөс гадна, байнгын ажилтай байх явдал.

Ард олны амьжиргааны түвшинг ингэж тогтоож, ингэж тооцож, ингэж барьж байх нь тухайн орны төрийн эрхэм үүрэг юм шүү дээ.

Нэг. Хүн юунаас ичих ёстой вэ?

1.Уншихгүй байхаас

-Хүмүүс өөрт хэрэгтэй зүйлээ уншиж байж л оюун ухаан нь задардаг. Тэд ном болон уншиж буй зүйлээсээ олон үлгэр жишээг, олон боломжуудыг, олон сайхан санааг олж авна. Ном болон бусад хэвлэлүүд хүмүүсийн оюун санааг "цэнэглэж”, бас тайвшруулж, алив зүйлийг олон талаас нь харьцуулан харах чадварт сургадаг. Тийм болохоор нь "ном бол ертөнцийг харах цонх” гэж хэлсэн хэрэг.

Боловсролтой хүн гэдэг дээд мэргэжлийн допломтой хүнийг бус, их уншиж, өөрийгөө хөгжүүлж чадсан хүнийг хэлдэг юм даа.

2.Сэтгэхгүй байхаас

-Хүмүүс гаднаас авч буй олон мэдээллүүдээ оюун санаандаа "эргэлдүүлж”, боловсруулдаг. Олон янзын ойлголтыг "задалж”, оюун санаан дахь мэдээлэлтэйгээ "хольж”, өөрийн итгэл үнэмшил болгон шингээнэ. "Энэ зүйлийг яаж хийх вэ?”, "Энэ асуудалд яаж хандах вэ?’, ” Энэ хүнтэй яаж харьцах вэ?’, гэхчилэн олон асуултууд, хүний оюун санааг байнга ажиллуулж, зовоож байдаг аж.

Энэхүү тасралтгүй үйлдлийг, уншиж буй зүйлээрээ сэлбэн баяжуулж байж л хүн хөгждөг. Сэтгэнэ гэдэг, амьдралд тулгарсан олон асуудлуудад хариу олж, өөрийн оюун санаагаараа зөв шийдвэр гаргах чадвар юм. Өөрөө юу ч бодохгүй, өрөөл бусдын амыг харж, шийдвэрийг нь аялдан дагалдаж эхлэх дор, сэтгэхүй "унтарч”, бас гацаж эхэлдэг.

3.Хөгжихгүй байхаас

-Хүмүүс тодорхой чиглэлээр суралцаж, өөрт байгаа авьяас чадвараа тордон, ажил хөдөлмөр, бүтээл хийж байж л хөгждөг. Сайн суралцаж, сайн ажиллаж, сайн бүтээл хийж байж сайн цалин авна. Авч буй цалин хөлс нь амьдралд хүрэлцээд ирэхээрээ л илүү хөгжил рүү тэмүүлдэг аж. Өөртөө зорилго тавьж, илүү их хөгжил рүү тэмүүлж, бэрхшээл саад бүхнийг давж чадсан хүн л амжилт гаргаж, илүү өндөрлөгт хүрдэг.

Заавал их өндөрлөгт хүрэхгүй байлаа ч, өөрийн боломж, чадвартаа таацуулан ажиллаж, бүтээл хийж байхдаа хүмүүс, өөртөө сэтгэл хангалуун байж чадна. Хөгжил гэдэг ямар ч хүн, өөрт байгаа боломж чадвартаа тулгуурлан өөрийн амьдралаа авч явах ухаан, чадвар, боломж аж.

Хоёр. Гэтэл монголчууд бид…

-Өмссөн хувцаснаасаа ичиж байна

Өөртөө таарсан, таалагдсан цэвэр аятайхан хувцсыг бус, үнэтэй брендийн хувцас өмсөхгүй л бол бусдад "тоогдохгүй” болжээ. Бусдад тоогдохын тулд булга минж нөмөрч, үнэтэй брендийн хувцсыг наалтыг нь ил гарган байж өмсөн бусдад ‘гайхуулцгаана”. Хүмүүс  биед эвтэй, өөрт таалагдсан, бас тохиромжтой хувцсаа сонгон өмсдөг байхад, Монголчууд бид бусдад гайхуулах гэж л заавал үнэтэй хувцас өмсдөг болсон гэж үү?Үнэтэй булга минж, үнийг нь харуулах гэсэн, өөрт нь зохисон зохиогүй ядмагхан хувцаслалт дороос баяр баясгалан, гоо үзэмж бус,  бусдын атаархлыг "олж харах” гэсэн тэчьяадал л мэдрэгдэх аж.

Үүнийг хийрхэл гэхээс өөр юу гэж хэлэх вэ?

-Элдэв зүүсгэл, гоёлоосоо ичиж байна

Үнэтэй сувд, эрдэнийн чулуу, алт алмааз, цагаан мөнгө зүүхгүй л бол бусдад "хүн” болж харагддаггүй гэнэ. Үнэтэй зүүлтээр хүзүүгээ хэд ороож, алмаазан шигтгээ арван хуруундаа гаялалзуулаад ч гоё харагдана гэж үү? Яг л дизайныг нь олж бүтээсэн автомашин дээр нэмэлт элдэв гоёл хийхээр огт авцалдаагүй болж, муухай харагддаг. Түүн лугаа адил, илүү нэг л чамирхал хүний гоо үзэсгэлэнг гутааж орхино.

Хүний гоо үзэсгэлэнг бус зүүсгэл гоёлыг нь харж алмайрах болж байна даа.

Үүнийг хийрхэл гэхээс өөр юу гэж нэрлэх вэ?

-Барьсан гар утаснаасаа ичиж байна.

Монголд гар утасны хэрэглээ үнэхээр хөгжсөн. Найман настай балчираас, наян настай буурлууд хүртэл хамарч чадсан хэрэглээ. Харин энэ их хэрэглээн дундаас гар утасны дугаар болон дизайнаараа ялгарах гэсэн хийрхэл дэгдээд удаж буй.

Үйлчлэгч компаниудын бренд болсон дугааруудаар тэд "гоёж”, өөр хооорондоо зиндаархан өрсөлдөж буй. Энэ л зиндаархал дундаа хариу өгдөг, өгдөггүй дугаарууд гэж бий гэнэ. Ердийн хэрэглээг хүртэл зундаархал болгон хувиргаж буй энэ үйлдлийг хийрхэл гэхээс өөр юу гэж үзэх вэ?

-Унасан машинаасаа ичиж байна

Одоо монголд дэлхийд нэрд гарсан бүх л загварын авто машинууд бий гэнэ. Энэ нь хөгжлийн нэгэн сайн тал хэдий ч, олон нийтийн ядуурал, улс орны хөгжлийн түвшинтэй харьцуулахад бас л "гайхмаар” үзүүлэлт. "Range Rover”, "Land Criuzer”, ” Lexus”, "Mersedes Benz”, "BMW” маркийн машинууд бэлтэй хүмүүсийн нэрийн хуудас гэнэ. Ийм маркийн, бас "азын” дугаартай л бол ямар ч зөрчил гаргасан замын цагдаагийнхан зогсоон саатуулдаггүй гэнэ. Тэдэнтэй маргалдаж, цагаа үрэн, "хоолноосоо салж” байсанд орвол, чимээгүйхэн ёсолж өнгөрөөх нь өөрт өлзийтэй аж.     Энэ хийрхэл биш гэж үү?

Монголд өдгөө гаарч буй ийм хийрхэлүүд, энгийн иргэд, амьдралаа авч явах гэж ядарч, зүтгэж буй олон хүмүүсийн бухимдал хорслыг төрүүлж байна. Энэ хийрхлийн манан дунд тэдний сэтгэлгээ хүртэл "төөрч”, бодит байдлыг олж харахаа ч болох нээ.

"Хөнжлийн хэрээр’ бус "мөрөөдлийнхөө хэрээр” амьдрахыг хүсэгчид олон болж байна. Олж буй мөнгө нь мөрөөдөлд бүү хэл амьдралд ч хэрэлцэхгүй болохоор тэд:

-хулгай хийж, дээрэмдэж, хүчирхийлж байна

-биеэ үнэлж, өөрийгөө ч худалдаж байна

-зээл аван "шатаж”, хөрөнгө мөнгөө алдаж байна..

Тэд ийм бусармаг үйлдлийнхээ шалтгааныг ” Амьдрал ийм хэцүү байхад би өөр яах ёстой юм бэ?”  гэсэн хариултаар "ам таглана”. "Тэд хууль зөрчиж, хулгайлан завшиж, хагартлаа баяжиж байхад, бид яагаад шударгаар хөдөлмөрлөж, бүтээгээд ийм ядуу амьдрах ёстой юм бэ? ” гэдэг бодол хүн болгонд төрж буй.

Энэ бол хууль бус аргаар баяжиж, үүгээрээ бусдад гайхуулан бардамнах үйлдэлд дургүйцэн хорссон хорсол, эгэл жирийнээр амьдрах хүсэл боломжийг хаасан харанхуйлал. Олон нийт энэ хийрхлийн манан дундаас юуг ч олж харахгүй байна. Атаархал, хорсол, барьцах сэтгэлгээ л энэ их хийрхэл, бухимдлын шлатгаан болж байна.

Гурав. Хэн энэ хийрхлийг өгдөөгөөд байна вэ?

1. Улстөрч нэртэй завшигчид, хууль бус аргаар баяжигсад

-”Шаазгай зүү олоод хийх газар олохгүй” хэллэгийн жишгээр, эрх мэдлээ ашиглан хууль бусаар баяжигсад хулгайлж завшин олсон их мөнгөө барж ядан, бусдад гайхуулах болжээ. Тэд ханиад хүрэхээрээ гадаадад эмчлүүлж, казино тоглон мөнгөө үрж, хэн нэгнийг гадаадад зугаацуулж, идэх хүнсээ хүртэл гадаадаас зөөлгөн "зиндаархаж ” байна. Тэд хулгайлж завшин олсон боломжоороо монголд "дээдсийн хүрээлэн” бий болгож, олон нийтийг ялгаварлан гадуурхаж, тохуурхахыг хүсч буй. Тэд эрхэм оюун ухаанаар бус, адаг эд хөрөнгөөр гайхуулж байна.

Тиймдээ тэд, суварга босгохыг "буян”гэж, морь уралдуулахыг "зугаа” гэж, бусдад гайхуулахыг "имиж” гэж үзэх аж. Энэ хийрхэл, тэнэглэл л тэднийг "өчүүхэн” гэдгийг нотолж буй. Тэд энэ бүхнийгээ мөнхөд ийм байх юм шиг санаж байгаа. Оюун ухаан, эрдэм чадал, хичээл зүтгэлээр бий болгоогүй юм бүхэн хэзээд "хэврэг” байдаг. Энэ бүхэн өөрчлөгдөх цаг заавал ирнэ. Тэднийг дагаж далдаганан, хийрхэж бухимдахын хэрэг юун!

2. Хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүд

-Ийм арчаагүй тэнэг олигархиудыг дагаж далдаганан, зусардагчдын нэгээхэн хэсэг нь хэвлэл мэдээллийнхэн. Маш олон хэвлэл мэдээллийн хэргэслэлүүд тэднийг магтан алдаршуулж, хөрөнгө чинээг нь зарлан, зэрэг зиндааг нь дурдаж, олон нийтийг бүр ч ихээр бухимдахад хүргэж буй.

"Ш.Сайхансамбуугийн 450 сая төгрөгийн үнэтэй гар утас” хоногийн хoолоо олж ядаж яваа тэр хүнд ямар хамаатай гэж? Хэн нэгний үнэтэй хаусны зураг, тансаг машины үнэ, зугаацаж наргисан хүүхнүүдийн тухай мэдээлэл, энэ нийгмийн хөгжилд ямар хэрэгтэй гэж? Тэдний хөрөнгө чинээ болон гэр бүлийн хэрүүл маргаан, салалт нийлэлтийн тухай ярилцлагууд олон нийтэд ямар сайн үлгэр жишээ, өөдрөг сайхан тэмүүлэлийг өгнө гэж?

Сүүлийн үед хөрөнгө мөнгөтэй болж байгаа улстөрчид, олигархиуд хэд хэдээрээ нийлж, өөрсдийн гэсэн ТВ байгуулж, сонин сэтгүүл ихээр гаргаж байна. Энэ нь олон нийтийн сэтгэхүйг "угаан” өөрсдийгөө сайнаар сурталчлахад ихээхэн хэрэгтэй аж.

Энэ л бараан сүүдэр дор монголын сэтгүүл зүйн хөгжил, ёс зүй хиртэж байна даа.

3. Бид өөрсдөө…

-Монголчууд бидний хулчгар зан, зусар хандлага энэ хийрхэлд ихээхэн нөлөөж байгаа. Ийм хүмүүсийг зусардан дагалдагч зарим нь ” Манай …….. гуай шиг баян, буянтай хүн халх, дөрвөд, хотон, хасаг, буриад 21 амгийн хаана ч байхгүй” хэмээн халуурхан хөлчүүрч, бусдад сурталчилж буй.

Хэн нэгний эхнэрийн зүүлт шиг гоёмсог үнэтэйг биш юм гэхэд ядаж л "копи” г нь олоод зүүчих хүсэл аль нэгэн бүсгүйн сэтгэлд эргэлдэж л байгаа. Булган шуба өмсөж, "99….” дугаартай гар утас барьж, хуучин гэлээ "jeep” машин хөлөглөх бодол хэн нэгэнд байж л байгаа. Аль нэгэн цэнгээний газарт хөлөө ачиж суугаад, тансаг янжуурын утааг цагираглуулан үлээж, хэн нэгэнд бэл бэнчин, зэрэг зиндаагаа гайхуулах хүсэл нэг биш залуусын санаанд төрж л байгаа.  Тэд оюун ухааныг биш, өнгө мөнгийг л дуурайхыг хүсч байгаа нь хамгаас харамсалтай.

Оюун ухаанаар бус эд хөрөнгө, элдэв зүүсгэл, илүү хэрэглээгээр өөр хоорондоо өрсөлдөх энэ хийрхэл, монголчууд биднийг маш ихээр бухимдуулж, ядрааж байгаа. Үгүй гэж үү? Энэ хийрхэл хүрээгээ хальж, олон нийтийг ялгаврлан гадуурхах, бие биенээ үзэн ядал их хорсолд хөтөлж байгаа. Үгүй гэж үү? энэ хийрхэл удаан үргэлжлэх аваас монгол орны хөгжил, монголчууд бидний сэтглгээ болон эв нэгдэлд муугаар нөлөөлсөөр байх болно. Үгүй гэж үү?

Дөрөв. Эрүүл саруул сэтгэлгээ хаана явна вэ?

-Хүн заавал бусдыг дуурайж, үнэтэй хувцас өмсөхгүйгээр өөртөө зохисон таалагдсан цэвэрхэн аятайхан хувцас өмсөж болно. Өндөр хөгжилтэй орнуудын иргэд тэгтлээ гоёдоггүй. Ялнагуяа амьтдын арьсан хувцаснаас татгалзаж, түүнд дургүйцдэг олон үндэстэн бий. Хүнд биед нь  эвтэйхэн, сэтгэлд нь тааламжтай хувцас чухал болохоос заавал өндөр үнэтэй байх нь тийм ч чухал биш.

-Авто машин, гар утас зэрэг нь хүмүүсийн ердийн л хэрэглээ. Автомашинаар хэрэгтэй газраа хүрч ажил, амьдралаа амжуулдаг. Гар утсаар хаа байгаа газраасаа шарадлагатай хүнтэйгээ холбогдож, хэрэгтэй мэдээллээ солилцдог. Их үнэтэй байлаа гээд илүү хурдан давхиж, илүү уянгалаг сайхнаар ярих гэж үгүй. Хүн хүний сонирхол өөр ч, энэ нь олон нийтэд тэгтлээ нөлөөлөх учиргүй.

-Амьдардаг байр сууц хүний тав тухтай амьдралд зориулагддаг. Ямар ч байр сууцыг хүн өөрийн сонирхол болон тав тухандаа таацуулан, хүссэнээрээ тохижуулж болно. Өдгөө цагт ийм боломж улам л нэмэгдэж байгаа. Хүн гэртээ тав тухтай байхын тулд, заавал төөрч будилах олон өрөөний хэрэг юун. Боломжтой нь олон өрөөндөө, боломжгүй нь ганц өрөөндөө өөрийнхөө тав тухтай, сэтгэл хангалуун  амьдарч болно.

"Хөнжлийн хэрээр хөлөө жий” гэдэг үг байдаг. Өөрийнхөө амьдралыг өөрөө босгож байгаа хүн, өөрийнхөө боломжийг тооцон бага багаар сайжруулдаг. Энэ нь тийм ч хэцүү зүйл биш. Шударгаар хөдөлмөрлөн олж байгаа мөнгөө өөртөө зарцуулахдаа хүн баяртай байдаг. Өөртөө хэрэгтэй зүйлээ худалдан авч, илүү гарах хэсгийг хуримтлуулна. Энэ нь амьдралын нөхцлөө сайжруулахад хэрэг бодог. Ингэснээр яваа яваандаа өөрийн хүссэнээрээ амьдрах боломжтой болдог аж.

Өнөөдөр бусдыг заавал дуурайх гэж бухимдан тэвдэх хэрэг юун. "Цагийн юм цагтаа” л байдаг. "Гэнэт идэх гэдсэнд халтай, гэнэт баяжих насанд цөвтэй” гэж бидний өвөг дээдэс бидэнд сануулан сургаж иржээ.

Тав. Төгсгөл

Алив давалгаа бүхэн тодорхой цаг хугацааг туулдаг гэдгийг бид хүлээн зөвшөөрдөг. Харин монголд минь өнөөдөр дэгдэж буй өнгө мөнгөний төлөөх их хийрхэлд санаа зовж байна. Хэр удаа үргэлжлэхийг бид таашгүй. Энэ бол бидний сэтгэлгээнээс хамаарах асуудал. Лавтайяа гадаадын олон оронд хөлс хүчээ урсган байж олж, монголдоо илгээж байгаа олон монголчуудын мөнгөний нэг хэсэг нь энэхүү хийрхлийг хөгжүүлэхэд зарцуулагдаж байгаа нь үнэн. Өөрөө зовж олоогүй мөнгийг өрөөл нэгэн ингэж үрэхдээ харамсдаггүй.

Нөгөө талаар Монголын өнөөгийн төр засгийн  буруу  бодлогын нөлөө ч үүнд тусгалаа олж буй. Монголын хөгжлийн бодит үр дүнг, дундаж амьдралтай хүмүүс нийт хүн амын хэдэн хувийг эзэлж байгаагаар хэмжих учиртай. Гэтэл хэт баяжилт, хэт ядууралтын түвшин эрс зөрөөтэй байгаа. Үүний дундаж түвшин ч хэт бага байгаа. Үүнийг судлаачид гарган нотлох биз.

Өдрөөс өдөрт өсч буй өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнийн өсөлт, өдөржин ажиллаад авч байгаа цалингийн хэмжээтэй огт авцалдахгүй байна. Үнэтэй машинаас янцаглан бууж, үдэш бүр зугаа цэнгэлдээ цацаж буй хэн нэгний мөнгө, үдшийн хоолоо олох гэж даарч бээрч, гадаа зогсох хэн нэгний орлого хоёр зохицолдохгүй байна.

Гэсэн атлаа бид өөдрөг оюун ухаан, эрүүл саруул сэтгэлгээгээр бус, өнгө мөнгөөр өөр хоорондоо өрсөлдөцгөөж байна. Өөрчлөх зүйл их байнаа, Монгол оронд минь.

Харин үүнийг биднээс өөр хэн хийж чадах билээ.

"ЭЗЭН ХИЧЭЭВЭЛ, ЗАЯА ХИЧЭЭНЭ”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж