Шүхэрт хувьсгалчид эргэж ирэхээ амлав

Хуучирсан мэдээ: 2014.12.11-нд нийтлэгдсэн

Шүхэрт хувьсгалчид эргэж ирэхээ амлав

 

 

Хонконгийн Дээд шүүх жагсагчдын эзэгнэсэн хотын гол талбайг чөлөөлөн, цэвэрлэх шийдвэр гаргасан нь хэдэн сар үргэлжилсэн оюутнуудын “Шүхэрт хувьсгал”-д өчүүхэн ч боломж өгсөнгүй.

 

Хятадын шууд удирдлага дор байдаг тусгай захиргааны бүс Хонконгийн оюутны бүлгэмүүд чөлөөт сонгууль явуулах эрхийн төлөө гудамжинд гарч жагссан нь олон мянган жирийн иргэнийг хамарч, “Шүхэрт хувьсгал” болон өргөжсөн билээ.

 

Мягмар гаригийн шүүхийн шийдвэрийн дагуу хотын талбайг жагсагчдаас чөлөөлж, цэвэрлэх тухай шаардах хуудсууд орон нутгийн сонинуудад хэвлэгдэж, жагсагчдад пүрэв гаригийн өглөөний 9.00 цагаас өмнө хотын талбайг чөлөөлөхийг анхааруулжээ.

Хонконгийн удирдлагууд жагсагчдыг улс төрийн реформ хийх яриа хэлэлцээр хийх гэж оролдохгүй байхыг мөн хотын талбайг чөлөөлж, цэвэрлэх үед нөхцөл байдлыг хүчирхийлэл болгон хувиргахгүй байхыг анхааруулжээ.

Өнгөрсөн наймдугаар сард эхэлсэн ардчилллын төлөөх тайван жагсаалын оргил үед жагсагчдын тоо 100,000 хол давсан юм.

Хонконгийн ардчиллын төлөөх оюутнуудын тайван жагсаал дэлхийн хүчирхэг орны эсрэг хэдэн сар тэссэнд гайхах хүн олон байна.

Учир нь Хонконгийн талаарх Хятадын бодлогын эсрэг зогссон эсэргүүцлийн хөдөлгөөний гол удирдагч нь 18 настай оюутан Жошуа Вон байв.

Хонконгийн жагсагчдын цогтой тэмцэгч тэрбээр жолоо барих насанд хүрээгүй аж. Хятадын хэвлэл мэдээллийг “экстримист” хэмээсэн тэрбээр Засгийн газартайгаа хэлэлцээ хийхийг шаардсаны төлөө баривчлагдаж, өлсгөлөн зарласан билээ.

Харин одоо Жошуа Вон Хонконгийн тусгай захиргааны бүсийн ерөнхий дарга, Бээжингийн бууны нохой хэмээн ярьдаг Лян Жэньинээс ч илүү алдартай болсон гэхэд болно. Лян Жэньин 2012 онд Хонконгийн тусгай бүсийн ерөнхий даргаар томилогдохоос өмнө оюутан байхаасаа хойш нэг л цүнх барьж буй хэний ч танил биш нэгэн байв.

Хонконгийн тусгай захиргааны бүсийн ерөнхий даргыг сонгох нээлттэй сонгууль явуулахыг шаардаж буйц 18 настай тэмцэгч "Энэ бол Засгийн газарт бидэнтэй хэлэлцээ хийхэд нөлөөлөх цорын ганц арга” хэмээн ярьсан байна.

Гэвч Хятадын засгийн газраас шууд томилдог Хонконгийн удирдлага зөвхөн “Зөвлөл”-өөс нэр дэвшүүлсэн нэр дэвшигчдийн дунд сонгууль явуулна гэсэн байр сууриндаа хатуу зогсч байна.

Хуучин Их Британийн колони байсан Хонконгийг 1997 онд Хятад өөртөө нэгтгэсэн. "Нэг улс, хоёр систем" хэмээх томъёоллын дагуу тус бүс нь Хятадын өөртөө засах бүс хэмээх статустай, хэзээ нэг цагт чөлөөт сонгууль явуулах эрхтэй болох мөрөөдөлтэй.  Хятад тус бүсэд 2017 оны сонгуулиар санал хураалт явуулахыг амласан боловч нэр дэвшигчдийг эхлээд хянуулах ёстой гэсэн юм.

 

Хонконгийн удирдлага цагдаа нарт пүрэв гаригт хотын санхүүгийн дүүргийг жагсагчдаас чөлөөлөх боломж олгохын тулд 3,000 албан хаагчийг ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ.

Ардчилал, чөлөөт сонгуулийн эрхийн төлөө хэдэн сар жагссан жагсагчид хотын талбайг орхих дургүй байгаа бөгөөд цагдаа нарын “цэвэрлэх ажиллагаа” эхлэх мөч хүртэл тэндээс явахгүй гэдгээ мэдэгджээ.

Жагсагчдын зарим нь талбай дээр “Бид эргэж ирнэ” хэмээн бичсэн байна.

Жагсагчдын нэг “Цагдаа нар ажиллагааг нэг л эхлүүлвэл эрс арга хэмжээ авч, жагсагчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарч ч магадгүй. Ийм юм болоосой гэж хэн ч хүсэхгүй” гэжээ.

 

Н.ЭНХТУЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж