Газар чөлөөлөх тухай шаардлагыг хүлээн аваад удаагүй байгаа “Мон-Уран” ХХК-ийнхан өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт одоо байгаа 0.7 га газрынхаа хэмжээг томсгох ажлыг хэний ч зөвшөөрөлгүйгээр хийж эхэлсэн ажээ. “Үндэсний соёл амралтын хүрээлэн” компанийн удирдлагууд тус компанийнхантай уулзаж, асуудлыг хэлэлцэхийг оролдсон ч байнга хаалттай байдаг хаалга, “Дарга нар байхгүй” гэдгээс өөр хариулт өгдөггүй хамгаалалтын ажилтнуудыг нь давж чадаагүй байна. Манай сонины зүгээс ч “Мон-Уран” компанийнхан ямар байр суурьтай байгаа тодруулахаар өчигдөр очив. Гэтэл хамгаалалтын ажилтан нь “Хариулт өгөх хүн байхгүй” гэснээс өөр юм хэлсэнгүй.
“Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК-ийнхан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт “Дараагийн арга хэмжээг авч өгнө үү” гэсэн утгатай мэдэгдлийг хүргүүлсэн боловч одоогоор хариулт ирүүлээгүй байгаа ажээ. Түүнчлэн маргаан үүсгээд байгаа 0.7 га газарт чухам хэний, ямар байгууллагын зөвшөөрлөөр “Мон-Уран” компани байрласан нь одоог хүртэл тодорхойгүй байна. Тус компанийнхан “Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн өмнөх удирдлагуудтай гэрээ хийсэн. Нийслэлийн газрын албанаас зөвшөөрөл авсан” гэсэн хариуг өгдөг юм. Харин нийслэлийн Газрын албаны дэд дарга Э.Ариунгэрэлтэй уулзахад “Маргаан үүсгээд буй талбай “Үндэсний соёл амралтын хүрээлэн” компанийн эзэмшлийн газар. Манай газрын зүгээс “Мон-Уран”-д газар эзэмших зөвшөөрөл өгсөн зүйл байхгүй. Тиймээс маргааныг тус байгууллагууд өөрсдөө шийдэх байх” гэсэн хариултыг өглөө.
Ямартай ч “Мон-Уран” компанийнхан шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүйгээр шийдсэн бололтой. Энэ нь тэдний хашаагаа зөвшөөрөлгүйгээр өргөтгөж байгаагаас тод харагдаж байгаа ажээ. Үндэсний соёл амралтын хүрээлэн нийт 32 га талбайг хамардаг. Одоо талбайн бүх хэсгийг тохижуулаагүй байгаа ч бүтээн байгуулалтын ажлыг ерөнхий төлөвлөгөөний дагуу, шат дараатайгаар өрнүүлнэ гэдгийг Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн удирдлагууд хэлж байгаа юм. Тиймээс паркын бүх зай, талбайд бүтээн байгуулалтын ажил хийх ерөнхий төлөвлөгөө боловсруулахын тулд өөрийн мэдлийн газраа “Мон-Уран” компаниас буцааж авах зайлшгүй шаардлагатай ажээ. Энэ онд л гэхэд шинээр долоон га газарт бүтээн байгуулалтын ажил өрнүүлэхээр төлөвлөөд байгаа юм байна. Уг талбайд шинэ тоглоом суурилуулах, томоохон байгууламж барих, ногоон байгууламж бий болгох ажлыг хийнэ хэмээн тус компаниас мэдээллээ.
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин