Оюутолгойн осол том сургамж боллоо

Хуучирсан мэдээ: 2011.05.25-нд нийтлэгдсэн

Оюутолгойн осол том сургамж боллоо

Эх орныхоо бүтээн бай­гуулалтад оролцъё, амьд­рал ахуйгаа дээшлүүлье гэсэн сэт­гэл өвөрлөн Өмнийн говийг зорь­сон хорь гаруйхан настай хоёр залуу ажлаа хийж байгаад ал­тан амиа алдав. Тэднийг өнөө­дөр нутаглуулах ажээ. Дэндүү харамсалтай энэ хэрэг юунаас болсныг холбогдох байгууллагууд шалгаж байна. Мөн ослын шалтгааныг тод­руулахаар ажиллаж буй Оюу­толгойн ажлын хэсэгт тус­лалцаа үзүүлэхээр “Рио Тинто”, “Айвенхоу Майнз” болон “Флюр” компанийн аюул­гүй ажиллагааны мэр­гэ­жилт­нүүдээс бүрдсэн олон ул­сын баг өчигдөр төслийн талбайд очсон гэсэн мэдээлэл дуулд­сан. Нарийвчилсан шал­галт нэгэнт эхэлж, юуны учир ийм эмгэнэлт хэрэг гарсныг тодруулах бололтой. Харин учир шалтгаан нь тодорхой болоогүй байхад элдэв цуурхал дэгдээж, талийгаачдын гэр бүлийнхний сэтгэлд цөв суул­гахгүй байхсан.

Арваад мянган ажилтантай энэ их айлыг авч явна гэдэг амар­гүй. “Оюутолгой” ХХК-ийн Ерөнхийлөгч бө­гөөд Гүй­­­цэтгэх Ерөнхий за­хи­рал Ка­ме­рон МакРей энэ­хүү ха­рам­салтай мэдээг сонс­мог­цоо гадаад томилолтоо цу­цалж, Өмнөговийг яаравч­лан зорь­жээ. Тэр даруй ос­лын га­зарт очиж, төслийн нийт ажил­чидтай биечлэн уулзаж, эмгэнэл илэрхийлсэн бай­на. Мөн монголчуудын уламжлалт занш­лын дагуу Гандан­тэг­чин­лэн хий­дийн лам нар, сэт­гэл­зүйч­дийг урьж ажилчидтай уул­­зуулжээ. Тэрбээр “Оюу Толгойд ажиллаж буй хүн бүр энэхүү ослыг гашуудан хүлээн авч байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд хамт олныхоо өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье.” хэмээн мэдэгдсэн байна. Өөр яалтай ч билээ.

Энэ оны эхний улирлын байдлаар Монголын уул уурхайн салбарт 31.9 мянган хүн ажиллаж байгаа гэсэн тооцоо байдаг. Налайхын нүүрсний уурхайд хөдөлмөрийн насны монгол эрчүүд амиа алдсаар байна. “Нинжа” үүрлэсэн хувийн уурхайнуудад ч ийм байдлаар хүний амь эрсдэх нь нийгэмд энгийн үзэгдэл мэт болчихоод байгаа нь сэтгэл эмзэглэхгүй байхын аргагүй. Эрдэнэт хүний амь нас эрсэдчихээд байхад “байдаг л зүйл” мэтээр үл тоох хандлага монгол компаниудаас голдуу гараад байгаа нь бүр ч харамсмаар.

Барилгын салбарт ч мөн адил. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд “Нарантуул” захын баруун талд шинээр барьж буй барилга дээр ажиллаж байсан хоригдол залуу унаж нас баржээ. Хэдийгээр гэмт хэрэгт хоригдож байсан ч хүн ёсоор хандаагүйд ар гэрийнхэн нь гомдолтой байгааг хэвлэлд өгүүлсэн байна. Ажлаа хийж байгаад амиа алддаг энэ явдалд ажил олгогчид хуулийн дагуу хариуцлага хүлээх нь ойлгомжтой. Гэвч ямар ч хатуу хариуцлага тооцоод яах билээ. Энэ удаа Оюутолгой төслийн талбайд амь насаа алдсан залуусын тухайд ч гэсэн ийм л эмгэнэж баршгүй явдал болчихоод байна. Гэрээт компани гээд “Оюутолгой” ХК-д хамаарахгүй гэж болохгүй. Тийм ч учраас хөрөнгө оруулагчид талийгаачийн ар гэрийнхэнд, нийт монгол ажилтнуудад асар хүндэтгэлтэй хандаж, эмгэнэн гашуудсаар байгаа. Ослын шалтгааныг тодруулсны дараа зохих хууль журмын дагуу хариуцлага хүлээх нь ч гарцаагүй. Хамгийн гол нь тэрхүү гэрээт компанийн зүгээс аюулгүй ажиллагаа, хөдөлмөр хамгааллын талаар ямар арга хэмжээ авсан, ажлын зохион байгуулалт, сахилга бат, дэг журам нь ямархуу байсныг шалгалтын үр дүн харуулах биз ээ.  

Камерон МакРей “Оюу Толгой төсөлд ажиллаж буй хүн нэг бүрийн аюулгүй ажиллагаа бидний анхаарлын төвд байдаг. Осолтой холбогдуулан нарийвчилсан шал­галтыг эхлүүлээд байна. Ослын дүг­нэлтээс гарах зөвлөмжүүдийг нэн даруй хэрэгжүүлж ажиллах болно” хэмээн тэмдэглэн хэллээ. Харин гэрээт компанийн зүгээс ямар арга хэмжээ авч байгаа, ослыг юү гэж үзэж байгаа талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.

Одоогоос яг зургаан сарын өмнө Чилийн Сан Хосейн уурхайд гарсан ослын улмаас газрын хөрснөөс хойш 700 метрийн гүнд 69 хоногийг өнгөрөөсөн 33 уурхайчныг аврах багийнхан эсэн мэнд гаргаж авсан билээ. Үйл явцыг эргэн санахад Чилийн ар иргэд, уурхайчдын ар гэрийнхэн уг ослын шалтгааныг тогтоох ажлын хэсгийнхэнд ажиллах боломжийг нь бүрэн олгоод, үнэн бодит дүгнэлт гаргана гээд итгэн хүлээж байв. Энэ ариун итгэл, зөвхөн сайн сайхныг хүсэн мөрөөдсөний сэтгэлийн их энергийн хүчинд ч тэд эсэн мэнд үлдсэн биз ээ. Хамгийн сүүлд 54 настай Луйс Урзуа гэдэг ахмад, туршлагатай уурхайчин гарч ирэхэд Чилийн ерөнхийлөгч Себастьян Пиньер, эхнэрийн хамт угтан авч эсэн мэнд гарч ирсэнд нь баяр хvргэж байв. Эрсдэлтэй хүнд мөчүүд үргэлжилсэн хэдий ч аврах багийнханд хүмүүс итгэж байсан юм.. Хэрэв азгүй тохиолдол гарсан бол хариуцлагаа маргаангүйгээр үүрэх л байсан. Хууль нь ч тийм. Дэлхийн уул уурхайн компаниуд ингэж л ажилладаг. Оюутолгой төслийн аврах багийнхны хурд, хүч, чадвар, ажилтан албан хаагчдын хөдөлмөр хамгааллын чанд хатуу дүрэм журам нь  ч дэлхийд тэргүүлэгч уул уурхайн компаниудын жишигт нийцсэн байдаг.

Гэтэл  өнөөдөр Оюутолгой төслийн талбайн гэрээт компанийн хоёр ажилтан амиа алдсан харам­салт явдлыг өөр өнцгөөс харж байгаа хүмүүс ч цөөнгүй байгаа бололтой. Хэрэв уг төслийн эсвэл “Оюутолгой” ХК-ийн ажилтан хайгуул, олборлолт, үйлдвэрлэл, барилгын ажил гүйцэтгэж байгаад осолдсон бол хамгийн түрүүнд Оюутолгой төслийнхнийг буруут­гана. Үүнд эргэлзэх хэрэггүй, эсэргүүцэх ч аргагүй. Харин ослын шалт­гааны эцсийн дүн гараагүй байхад төслийнхнийг буруутгах, үйл ажиллагааг зогсооход уриалсан элдэв цуурхалд итгэхгүй байсан нь дээр биз ээ. Оюутолгой төсөл бол дэлхий дахины нүдний өмнө ил тод өрнөж буй бүтээн байгуулалтын ажил. Манай улсын  хөгжлийн суурь, эдийн засгийн ирээдүйтэй холбоотой том асуудлыг улстөржүүлэх, өөр хэн нэгний буруутай үйл ажиллагаа, хариуцлагагүй үйлдлийг нааж, нялзаах нь зохимжгүй хэрэг болно. Тиймээс үнэн худлын дэнсийг олж, олон улсын багийн дүгнэлтийг хүлээхээс өөр арга зам бидэнд үлдсэнгүй. Гэхдээ Оюутолгойн төслийн талбайд гарсан осол гэрээт компаниудын хариуцлага, дотоод сахилга бат, аюулгүй ажиллагааны дүрэм журмын биелэлтэд тавих хяналт зэрэг олон талаар том сургамж боллоо.

У.ОРГИЛМАА


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж