Номын сангийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Хуучирсан мэдээ: 2014.12.10-нд нийтлэгдсэн

Номын сангийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2014.12.10/ хуралдаанаар Номын сангийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төсөлд номын сангийн үйлчилгээ эрхлэх этгээд, түүний эрх үүрэг, Үндэсний номын сангийн эрх зүйн байдал, үйл ажиллагаа, номын сангийн үйлчилгээ болон уншигчийн эрхийг хангах, холбогдох харилцааг зохицуулахаар тусгасан байна. Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар номын сангийн үйлчилгээг олон улсын стандартад нийцүүлэх, иргэдийн мэдээлэл авах боломжийг бүрдүүлэх, мэдээллийн үйлчилгээг хүртээмжтэй, чанартай хүргэж, иргэдийн оюуны хэрэгцээг хангахад дорвитой ахиц гарна гэж үзэж байгаа юм.

Хэлэлцүүлгийн шатанд хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор нэгбүрчлэн санал хураалт явуулсныг гишүүдийн олонх дэмжив. Харин Улсын Их Хурлын гишүүн Г.Баярсайхан “Иргэд аль ч номын санд үйлчлүүлж болно” гэсэн саналын томьёолол шинээр гаргасныг хуулийн төсөлд нэмж тусгуулахаар санал хураалт явуулсан ч гишүүдийн олонх уг саналыг дэмжих боломжгүй гэж үзлээ.

Мөн хуралдаанаар Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах асуудлыг дэмжиж, Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ё.Отгонбаярыг томилсон бол Гэр бүлийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярвааг томилов.

Түүнчлэн тус Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогыг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөөд байсан ч Ажлын хэсгээс тогтоолын төслийг энэ удаад хэлэлцэхийг хойшлуулах санал гаргасныг хүлээн авч уг асуудлыг ирэх долоо хоногт хэлэлцэхээр тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж