Харин Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх байсан боловч А.Тлейхан гишүүний гаргасан горимын саналаар хойшлуулахаар болов. Уг хуулийн ажлын хэсэг хуралдаагүй гэсэн шалтгаанаар ийнхүү хойшлуулахаар шийдвэрлэлээ.
Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр гишүүн Р.Гончигдорж төрүүлсэн хүүхэд нь нэг нас хүртэл эсэн мэнд бойжсон тохиолдолд одон олгодог байсан хуучны заалтыг барих нь зүйтэй гэсэн санал гаргалаа. Дөрөв, зургаан хүүхэд төрүүлсэн эх болгонд өгөх бус элдэв байгалийн гамшиг, осол эндэлд өртүүлэлгүй нэг нас хүргэсэн байх нь чухал гэж зарим гишүүн хэлж байсан юм. Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил энэ нь хүний сэтгэл зүйтэй холботой эмзэг асуудал тул ажлын хэсгээр дахин хэлэлцье гэсэн санал гаргаж хуралдааныг 16.00 цаг хүртэл завсарлуулсан юм.
Байнгын хорооныхон зургадугаар сарын 1-нээс өмнө хуулийг батлах ёстой гэж үзэж байгаа юм.