-АмЧам буюу Монгол дахь Америкийн Худалдааны танхим ТУЗ-өө сонголоо-
Америкийн худалдааны танхимын Монгол дахь салбар буюу АмЧам Монгол байгууллага өнөөдөр ТУЗ-ийн гишүүдээ сонгож, энэ тухайгаа хэвлэлийнхэнд мэдээлэв. Хэвлэлийн хурлын үеэр Монгол дахь Америкийн худалдааны танхимын ТУЗ-ийн дарга Жаксан Кокс АмЧам Монгол байгууллагынхаа талаар танилцуулсан юм. Тэрбээр хэлэхдээ:
-Монгол дахь Америкийн худалдааны танхим нь 2011 оны хавар байгуулагдсан, өнгөрсөн 2014 онд гишүүн байгууллагынхаа эгнээг 200 хувиар нэмэгдүүлсэн амжилттайгаар шинэ оныг угтаж байна. АмЧам нь гишүүнчлэлд суурилагдсан бөгөөд АНУ-аас Монголд үйл ажиллагаа явуулж буй болон Монгол болон бусад улсын АНУ-ын хөрөнгө оруулалттай компаниудаар эгнээгээ өргөтгөж байдаг. Манай танхим өнөөдөр ТУЗ-өө сонголоо. Энэ өдөр Монгол Улсын шинэ Засгийн газар бүрэлдэн үйл ажиллагаагаа эхлүүлж байгаатай давхцаж байгаад билэгшээж байна. Шинээр бүрэлдсэн Засгийн газар эдийн засгийг бэхжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг хялбаршуулах, аж ахуйн нэгж байгууллага шинээр байгуулахад бүртгэлжүүлэх ажлыг хөнгөвчлөх, татварын бодлогыг бизнес эрхлэгчдэд ойлгомжтой болгох тал дээр илүүтэй анхаарч ажиллаасай гэж хүсч байна. Мөн өнгөрсөн баасан гаригт Монгол Улсын Их хурлаас АНУ, Монголын худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих ил тод байдлын хэлэлцээрийг соёрхон баталлаа. Тиймээс цаашид манай танхим Монгол Америк хоёр улсын худалдаа бизнесийн хамтын ажиллагаа, түншлэлийг нэмэгдүүлэх үндсэн зорилтоо биелүүлэхийн тулд илүү чармайлттай ажиллана гэсэн юм.
Мэдээллийн дараа АмЧам Монгол байгууллагынхан хэвлэлийнхний асуултад хариуллаа.
News.mn сайт:
-Америкийн худалдааны танхим МҮХАҮТ-тай хамтран ажилладаг уу. Шинээр бүрэлдсэн Засгийн газар гадаадын хөрөнгө оруулагчдад ээлтэй байгаасай гэж та хэллээ. Ялангуяа татварын бодлогыг ойлгомжтой болгохыг хүссэн. Энэ тухайгаа тодорхой тайлбарлана уу?
Жаксан Кокс:
– Америкийн худалдааны танхим нь АНУ-ын Худалдаа аж үйлдвэрийн танхимаас батламжлагдсан байгууллага байдаг. Манай танхимын хувьд МҮХАҮТ болоод бусад худалдааны болон байгууллагатай худалдааны орчинг сайжруулах чиглэлээр хамтран ажиллахад бэлэн. Харин татварын уян хатан бодлогын тухайд манай ТУЗ-ийн гишүүд хариу өгөх байх.
“Деллиот онч аудит” ХХК-ийн захирал Д.Ончинсүрэн:
-Сүүлийн хориод жилийн хугацаанд би татварын зөвлөх үйлчилгээ явуулж байгаагийн хувьд хариулъя. Өнөөдөр гадаадын хөрөнгө оруулагчдад, тэр дундаа худалдаа үйлчилгээний салбарынханд тулгамддаг асуудал нь 20 хувийн суутган тооцолт. Дээр нь 10 хуийн НӨАТ татвар авч байгааг эргэн хараасай. 2-3 жилийн өмнө бол хөрөнгө оруулалт хийсэн компаниудад 10 хувийн хөнгөлөлт үзүүлдэг байсан. Энэ хөнгөлөлтийг зогсоож, дээр өгүүлсэн нийтдээ 30 хувийн суутгал татвар авдаг болсон нь хөрөнгө оруулагчдад дарамт учруулж байдаг. Үүнийг Шийдлийн Засгийн газар нэн түрүүн харж, зөв шийдэлд хүрээсэй гэлээ.
Өдрийн сонин:
-Өнгөрсөн баасан гаригт УИХ-аар АНУ, Монголын худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих ил тод байдлын хэлэлцээрийг соёрхон баталсан. Манай улсын хувьд нефтийн бүтээгдэхүүнийг ОХУ-аас, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг БНХАУ-аас импортолдог. Харин АНУ-тай аль салбар, чиглэлд хамтран ажиллах боломжтой вэ?
Жаксан Кокс:
– Монгол Улсын Их хурлаас АНУ, Монголын худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих ил тод байдлын хэлэлцээрийг соёрхон баталсан нь Монгол Улс, АНУ-ын хамтын ажиллагаанд төдийгүй бусад улс орны худалдаа, эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ гэж би харж байгаа. Сүүлийн жилүүдэд Ази, Номхон далайн орнуудын худалдааны эргэлт өндөр төвшинд хүрсэн. Тиймээс манай улсаас бусад улс орон хүлээн зөвшөөрөгдсөн олон зүйлсийг Монголд авчирч нутагшуулах болмжтой. Зөвхөн худалдаа үйлчилгээ гэж хязгаарлах бус инноваци, технологи, но-хауг ч нэвтрүүлэх боломж бий гэлээ.
Өнөөдөр болсон хурлаар Амчам Монголын ТУЗ-ийн даргаар тус танхимыг үүсгэн байгуулагч “Вүүдмонт интернэйшнл” ХХК-ийн захирал Жаксон Кокс, дэд даргаар “Магнай трейд групп”-ийн гүйцэтгэх захирал Г.Магнай дахин сонгогджээ. Тус байгууллагын ТУЗ-д Монголын томоохон групп компаниуд болох “Гацуурт”, “Магнай трейд”-ийн удирдлагууд болон дэлхийд тэргүүлэх аудит, татвар санхүүгийн зөвлөх үйлчилгээний Монгол дахь салбар “Деллиот онч аудит” ХХК-ийн захирал Д.Ончинсүрэн, , “Махони Лиотта” хууль зүйн зөвлөх компанийн партнер Жеймс Лиотта, MSM ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэвид Райнер, “Вагнер Ази тоног төхөөрөмж” ХХК-ийн захирал Стив Поттер, газрын тосны “Жени ойл шейл Монголиа” ХХК-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч Майкл Жонас, ложистикийн шилдэг компани “Крайн уорлд уайд групп”-ийн Монгол дахь салбарын захирал Ц.Баярбат, “Аянчин аутфиттерс” ХХК-ийн захирал Г.Мандах нар сонгогдсон байна.
Дашрамд дуулгахад, Америкийн худалдааны танхим нь дэлхийн 100 гаруй улс оронд салбартай, гурван сая гаруй гишүүнтэй дэлхийн хамгийн том бизнесийн холбоо юм. Тус танхимын төв байр АНУ-ын Вашингтон хотод байрладаг ажээ.
Д.ЦЭЭПИЛ