Хаврын чуулганы хамгийн сүүлийн хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар гурван шатны шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон 106 лицензийн сонгон шалгаруулалтаар олгох болсон билээ. Тиймээс уг хуулийн тодорхой зүйлт заалтын дагуу 18 талбайд сонгон шалгаруулалт явуулахаар болсон талаараа Уул уурхайн яамнаас мэдээлэв. Эдгээр 18 талбайн сонгон шалгаруулалтад оролцох саналыг ирэх оны нэгдүгээр сарын 9-ны өдрийн 09 цаг хүртэл хүлээн авах юм байна. Мөн энэ цагт сонгон шалгаруултыг нээх гэнэ. Сонгон шалгаруулалтад оролцож байгаа компаниудад хэд хэдэн шаардлага тавьж байгаа юм. Нэгдүгээрт, талбайн тогтоосон босго үнийн 30 буюу түүнээс дээш хувийг төлсөн байх. Хоёрдугаарт, татварын өргүй байх, гуравдугаарт, хууль хяналтын болон шүүхийн маргаангүй байх, мөн тухайн талбайд санал болгосон үнийг төлөх чадвартай гэдгээ арилжааны банкуудаар баталгаажуулсан байх гэсэн шалгууруудыг тавьж байна. Ес, аравдугаар сард нийтдээ 23 талбайд сонгон шалгаруулалт явуулснаас 15 эзэндээ очжээ. Үүний 11 талбайг өмнө нь үйл ажиллагаа явуулж байсан компаниуд өөрсдөө авсан байна. Харин гурван талбайд огт санал ирээгүй байгаа бол таван талбайд ганцхан оролцогч хүсэлт явуусан учраас дахин сонгон шалгаруулалт явуулахад хүрсэн гэх.
Эдгээр талбайд өмнө нь үйл ажиллагаа явуулж, хөрөнгөө зарцуулсан компаниудын хохирлыг барагдуулахын тулд босго үнийг тогтоож, хэрэв өмнө эдгээр талбайд эзэмшиж байсан компаниуд сонгон шалгаруулалтад оролцвол тэднээс босго үнийг авахгүй гэдгээ Уул уурхайн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү тайлбарласан.
АТГ-ын дарга Д.Батхуягийн авлигын хэргээр шоронд ял эдлэхэд хүргэсэн дээрх 106 лиценз бүхий талбайнуудад зарласан сонгон шалгаруулалт удаашралтай байгаа нь компаниудын оролцоо бага байгаатай холбоотой аж. Өмнө зарласан таван талбайд ганцхан санал ирсэн учраас дахин зарлаж байгаагаа Уул уурайн салбарын дарга нар ярилаа.
Нийт 18 талбайн зургаа нь нь Өмнөговь аймагт, дөрөв нь Дорноговьд харъяалагдаж байна. Талбайн босго үнэ,солбилцолын талаар мэдээлэл авах бол АМГ-аас авч болох гэнэ.
№ | Талбайн нэр | Хэмжээ/га/ | аймаг | сум |
1 | Дааган дэл уул | 5695.48 | Завхан | Дөрвөлжин, Ургамал |
2 | Баян | 779.92 | Төв | Баян |
3 | Асгат | 11953.13 | Дорноговь | Алтанширээ, Сайншанд |
4 | Шинэбулаг | 1865.47 | Дорнод | Сэргэлэн |
5 | Хажуугийн айраг | 1825.6 | Дорнод | Сэргэлэн |
6 | Жавхлант | 912.18 | Өмнөговь | Ханбогд |
7 | Манлай-6 | 6395.57 | Өмнөговь | Ханбогд, Манлай |
8 | Номгон | 8609.51 | Өмнөговь | Номгон |
9 | Ханан хонгил-1 | 16968.79 | Өмнөговь | Номгон |
10 | Ханан хонгил толгой | 3549.04 | Өмнөговь | Номгон |
11 | Хүрэн-Өндөр | 5673.19 | Өвөрхангай | Зүүнбаян-Улаан, Өлзийт |
12 | Усчийн хүрэн | 9640.11 | Өвөрхангай | Тарагт |
13 | Хавцгайт | 2010.52 | Хөвсгөл | Тосонцэнгэл |
14 | Бор-Ухаа | 601.29 | Дорноговь | Сайншанд |
15 | Бүрэгийн хангай | 21997.62 | Булган | Бүрэгхангай |
16 | Бүүвэйт-1 | 170.24 | Сэлэнгэ | Орхонтуул |
17 | Манлай | 15195.04 | Дорногов | Мандах |
18 | Манлай | 24650.05 | Дорноговь, Өмнөговь | Мандах, Манлай |
Б.ХОНГОР