Н.Энхбаярыг баривчилсан нь дээр юм биш үү

Хуучирсан мэдээ: 2011.05.25-нд нийтлэгдсэн

Н.Энхбаярыг баривчилсан нь дээр юм биш үү

“Улаанбаатар таймс” сонины ерөнхий, Соё­лын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч До.Чу­луунбаатар Ганц худагт хо­ригдоод хоёр сар га­руй хугацаа өнгөрлөө. Тэрбээр олон нийтийн ойлгож байгаагаар бол Д.Сүхбаатарын нэрэмжит хэвлэх үйлдвэрийг хувьдаа завшсан том “гэмт хэрэгтэн”. Төрийн хөрөн­гийг алга урвуулахын тө­дийд өөрийн болгосон “луйварчин”. Төрийг бүхэлд нь биш юм гэхэд 2004 онд нийслэлийг удирдаж байсан бүхий л шат, шатны дарга нарыг хахуульдаж, өөрийн талд шийдвэр гаргуулж чадсан нэгэн. Үүнийхээ төлөө Л.Сэргэлэн гэгч эрийг 400 сая төгрөгөөр шатааж, хуучин хэвлэх үйлдвэрийн балгасыг өөрийнх нь нэр дээр шилжүүлнэ хэмээн залилсан ч гэж хэлж болно.

Гэвч энэ бүхэн ердөө л бодит  байдлыг урвуулсан ху­дал мэдээлэл гэдгийг барим­тууд нотолно. Тухайн үед Д.Сүхбаатарын хэвлэх үйлд­вэрийн байрны хувь эзэмшигч болох “Улаанбаатар таймс” сониныг До.Чулуунбаатар бус өөр хүн удирдаж байсан. Уг хувьч­лал болж өнгөрсний дараа До.Чулуунбаатар “Улаан­баатар” сонины ерөнхий эрх­лэгчээр томилогдож, сониноо хуучин хэвлэх үйлдвэрийн балгасан дундаас авч нүүсэн. Үүнийг нь сэтгүүлчид мэднэ. Харин хоёр сар гаруйн хуга­цаанд шоронд хорьж буй дарга нар үүнийг мэдэхгүй байгаа бололтой. Магадгүй мэдэхийг ч хүсэхгүй байж болох. Гол нь түүний өөрийнх нь ярьснаар бол До.Чулуунбаатар эрхлэг­чийг “Таныг энэ сонины эрх­лэгчээр хэн томилсон бэ”, “Таны ард хэн байгаа юм бэ” гэсэн цөөхөн хэдэн улс төрийн зорилго бүхий асуултаар бу­лах болсон гэнэ. Түүнийг Ганц худагт хорьж байгаа шалт­гаан нь ч энэ.

Янз нь тэд “До.Чу­луунбаатар аа, чиний буруугүйг бид мэднэ. Харин буруутай хүнийг нь л хэлчих” гээд байгаа бололтой.

Сэтгүүлчдэд уг нь мэдээллийн эх сурвалжаа нууцлах эрх бий. Гэтэл энэ тохиолдолд дээрх асуултын хариулт нь эх сурвалжид хамаарахгүй учраас тун төвөгтэй. Зүгээр л “Намайг тэр хүн энэ сонины ерөнхий эрхлэгчээр томилсон” гэж хэлэхэд л суллагдаж мэдэх гарцтай. Энэ нь эрх чөлөөт сэтгүүлзүйн гал тогоо руу хамгийн бүдүүлгээр дайрч буй дайралтын сонгодог жишээ. Гэвч тэр хүнд нь нийгэмд гэхээс илүүтэй эрх баригчид бүхэлдээ өсөрхөж, дарж унагахын төлөө До.Чулуунбаатарыг золигт гаргахаар шийдсэн нь харамсалтай хэрэг.

Сэтгүүл зүйд таамаглах эрх гэж том эрх бий. Энэ дагуу таамаглахад янз нь “Н.Энхбаяр намайг томилсон” гээд л хэлчихвэл До.Чулуунбаатар эрхлэгчид Ганц худагийн хаалгыг тас хаагаад эрх чөлөөний ертөнцдөө тааваараа алхах боломж нээгдэж болно.

Учир нь, Д.Сүхбаатарын хэв­лэх үйлдвэрийн хувьчлалын ард Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр эзэн суусан гэдгийг зөвхөн хэвлэлийн хүрээнд ч бус УИХ-ын чуулганы тан­химд ч гишүүд олонтаа хөндөж байсан. Түүний эхнэрийн дүү ч албан ёсны менежментийн хувьчлалын багт орж, Л.Сэргэлэн гэгчийн 400 сая төгрөгийг золигт гаргах замаар эзэмшигч нь болсон баримт байдаг. Ийм байхад До.Чулуунбаатарын гараар могой бариулах гэж оролдож суухаар яагаад шууд Н.Энхбаярт холбогдуулж шалгахгүй байгаа юм бэ. Тэгээд ч уг хувьчлалийг саяхан нийслэлийн Өмчийн газраас хү­чингүй болгочихсон. Ин­гэснээр Сүхбаатарын хэв­лэх үйлд­вэрийн балгас болсон байр нь га­зартайгаа нийслэлийн өмч хэ­вээр үлдсэн гэсэн үг. Өмч нь ул­сад эргэж ирчихээд байхад тэнд До.Чулуунбаатар эрхлэгчийг тамлан зовоох шаардлага байхгүй. Тэгээд ч бүх өмч хувьчлалыг ингэж мар­гаантай гэдэг шалтгаанаар хүчингүй болгож болдог юм бол нэгмөсөн улсын хэмжээний бүх хувьчлалыг хүчингүй болгоод, асуудлыг эцэслэн шийдвэл яасан юм бэ.

Үүнтэйгээ зэрэгцээд Сүх­баатарын хэвлэх үйлдвэрийн хувьч­лалд өөрсдийн зүгээс Н.Энхбаярыг бу­­руутгахыг хүссэн зорилгодоо хүрэхийг чухалчилж байгаа бол До.Чу­луун­баатарыг бус харин Ерөн­хийлөгч асаныг өөрийг нь бариад хорьчих. Тэр тохиолдолд Ард түм­ний их хуралдайгаар 15 олигархи тодруулж айлгахгүй, МАХН-ыг булаацалдсан улс төр ч идэвхижихгүй амар болно шүү дээ.

Г.ОТГОНЖАРГАЛ


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж