УИХ-ын дарга илгээлтдээ, мэдээлэл, харилцаа холбооны салбар нь Монголын нийт ард иргэд, улс орныг хөгжил дэвшилд хүргэх, өдөр тутмын хэрэгцээг хангахад үнэмлэхүй хувь нэмэр оруулсан төдийгүй орчин үеийн тэргүүний техник, технологи бүхий салбар болж өөрчлөгдөн хөгжжээ. Мэдээллийн эрин зуунд манай орны бүх аймгийн төв, 160 гаруй сум, суурин газар шилэн кабельд холбогдсоноор интернэтийн сүлжээнд 200 гаруй мянган байнгын хэрэглэгч хамрагдаж, давхардсан тоогоор 2,5 сая иргэн буюу бараг бүх айл өрхийн гишүүн хөдөлгөөнт холбооны идэвхтэй эзэмшигч болжээ. Ийнхүү бүх нийтийн мэдээлэл солилцооны хүртээмж сайжирч, харилцаа холбооны үр шимийг хот, хөдөө ялгалгүй хүртэх болсон нь энэ салбарынхны бахдам амжилт юм гэдгийг онцлон дурджээ.
Тэрбээр цааш нь, дэлхий нийтэд нэн хурдтай өргөн тархаж буй мэдээлэл, шуудан, харилцаа холбооны орчин үеийн үйлчилгээг Монгол Улсад хөгжүүлэх хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэхэд Улсын Их Хурал онцгой анхаарч, харилцаа холбооны, радио долгионы, шуудангийн тухай хуулиудыг батлан гаргасан. Ингэснээр тус салбарт чанартай үйлчилгээ, үнэ тарифын уян хатан бодлого хангагдан, шударгаар өрсөлдөх эдийн засгийн таатай орчин бүрдэж, нийтдээ 400 гаруй хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгуулагдан манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 10 орчим хувийг үйлдвэрлэдэг болсныг тэмдэглэсэн байна.
Түүнчлэн мэдээлэл, харилцаа холбооны цаашдын хөгжлийг хангах үүднээс УИХ “Монгол Улсын мянганы хөгжлийн зорилтот суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого”-ыг батлан гаргахдаа “…мэдээлэл, харилцааны технологийг Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн 21 дүгээр зууны үндсэн хурдасгуур юм” хэмээн томъёолсон билээ. Энэ үндсэн дээр “Цахим Монгол”, “Бүртгэл мэдээллийн нэгдсэн тогтолцоо” үндэсний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ажлыг эрчимтэй зохион байгуулж байна. Цахим гарын үсгийн тухай, Монгол Улсын өргөн нэвтрүүлгийн тухай, хувийн өгөгдөл хамгаалах, мэдээллийн аюулгүй байдлыг хангах талаар эрх зүйн орчинг бүрдүүлэх хэрэгцээ шаардлага өнөөгийн амьдралаас урган гарч байгааг онцолжээ.
Мэдээллийн техник, технологийг олон улсын жишигт хүргэх, мэдээллийн нууцлалт, аюулгүй байдлыг хангах, иргэдийн эрэлт хэрэгцээг хангахуйц үйлчилгээг өргөтгөх, цахим засаглал, мэдээллийн дэд бүтцийг бий болгох зорилтуудыг улс орны өмнө дэвшүүлэн тавьж байгааг анхааралдаа авч, амжилттай хэрэгжүүлснээр харилцаа, холбооны салбарыг үсрэнгүй хөгжлийн шинэ шатанд гаргана гэдэгт итгэж буйгаа УИХ-ын дарга илгээлтдээ тэмдэглээд улсын зөвлөгөөний үйл ажиллагаанд амжилт хүссэн байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.