“Хүүхэд бүрт Ipad өгье. Манайд гурван сая төгрөг л өгчих, таныг смарт орчин хүлээж байна” гэх үгсийг сонсоод аятайхан сургууль байна гэж бодох нь дамжиггүй. Хүүхдүүдийг татах гэж сургуулийн удирдлагууд иймэрхүү рекламаар амьдарлынхаа замыг олж ядан бүдчиж яваа хүүхдүүдийн тархийг угаадаг. Арван жилийн сургалттай сургууль хэрнээ 3 гурван сая төгрөгийг нь авдаг ч өнөөг хүртэл айхтар амалсан “I pad” ч үгүй, смарт орчин ч үгүй хоцров. Өнгөрсөн есдүгээр сард ШУТИС-ийн харъяа Шинжлэх ухаан технологийн ахлаг сургууль 480 хүүхдийг 3 сая төгрөгийн төлбөртэйгээр сургуульдаа элсүүлсэн. Ингээд өөрийн эрхгүй тоо бодох хэрэг гарав. 480 хүүхдийг 3 сая төгрөгөөр үржүүлье. Нэг тэрбум дөрвөн зуун дөчин сая төгрөг. Энэ мөнгө 480 хүүхдэд “I pad” авч өгч хүрэхгүй гэж үү, энэ мөнгө сургуульдаа номын сан хийхэд, адаглаад буфеттэй болгочих мөнгө биш гэж үү. Гэтэл өнөөг хүртэл сурсан хүүхдүүд смарт битгий хэл боловсон сургуульд суралцаж чадахгүй байгаа нь харамсалтай. Тэгвэл сургуулийн багш нарын цалин тийм өндөр юм уу гэх сонирхолтой асуулт ургасан юм. Харин тус сургуулийн багш нарын цалин дунджаар сард 900 мянган төгрөг гэнэ. Эл сургуульд үндсэн 20 багштай. Дахиад л тоо бодъё. Нэг багшийн сарын цалинг зуны гурван сарыг хасаад 9 сард үржүүлье. Найман сая нэг зуун мянган төгрөг. 20 багшийн тоонд нэг жилийн цалинг нь үржүүлвэл нэг зуун жаран хоёр сая төгрөг болж байна. Хэдийгээр баттай биш ч гэлээ дахиад 100 сая төгрөгийг бусад зардалд тооцвол 262 сая төгрөг болж байгаа юм. Үлдсэн мөнгө хаашаа ордог вэ?…Хүүхдүүдэд “I pad” өгөөгүй, сургууль дотроо номын сан хийгээгүй, хооллох газар ч байхгүй. Хүүхдүүд төлбөрөө төлөхгүй бол мэдээж дүн гаргахгүй, хичээлд нь суулгахгүй гэх дарамтыг удирдлагуудаас өгдөг нь ойлгомжтой хаа газрын л сургуулийн дотоод журам. Хамгийн гол нь хичээлээсээ хөөгдөн байж төлсөн тэр төлбөр хаашаа юунд ордог вэ?… Шинжлэх ухаан техникийн ахлах сургууль /ШУТАС/-ийн санхүүг Шинжлэх ухаан техникийн их сургуулийн /ШУТИС/ санхүүгийн алба шууд захиран зарцуулдаг гэнэ. Энэ нь ШУТАС нь өөрийн сургуульдаа олсон орлогоороо ямар нэгэн зүйлийг толгой мэдэж захиран зарцуулах эрх мэдэлгүй бөгөөд ШУТАС-ийн захирал нь хүртэл эрх мэдэлгүй санхүүгийн албаны шууд захиргаанд байдаг гэж ойлгогдохоор байгаа юм. Өвлийн хүйтэнд хүүхдүүд хичээлийнхээ завсарлагаанаар гарч гадаа гуанзны хоол олж иддэг тухайгаа бидэнтэй хуваалцлаа.
ШУТАС-тай танилцаад явж байх зуур нэг танхимд 40 гаруй хүүхэд сууж байхыг харлаа. Арванхоёрдугаар ангийн хүүхдүүд нэг ангид хичээл орж байгаатай таарсан нь тэр шүү дээ. Уг нь бусад бага болон дунд ангиуд 10-20 хүүхэдтэй. Арванхоёрдугаар ангийн бүх бүлэг голдуу хичээлээ нэг дор, нэг ангид үздэг гэнэ. Үүний учрыг эл сургуулийн багш болох Т-ээс асуухад “хуучин гэрээтэй суралцдаг хүүхдүүд буюу жилийн сургалтын төлбөр гэж 700 мянган төгрөг төлсөн арванхоёрдугаар ангийн бүлгүүдийг нэг дор хичээллүүлж байгаа нь энэ” гэсэн хариултыг өгсөн. Ингээд харахад сургалтын төлбөрийн хэмжээгээр сурагчдад хичээл зааж, шууд хэлбэл төлбөрийн хэмжээгээр нь айлын жаахан үрсийг алаг үздэг болж байгаа юм.
ШУТАС нь анх 2013 онд байгуулагджээ. ШУТИС-ийн харъяа гурван лицей сургуулиудыг нэгтгэн нэг Ерөнхий боловсролын сургууль болгож ШУТАС гэж нэрлэх болсон байна. Харин сургуулийн удирдлагыг сонгоход ШУТИС-ийн доктор хүн байх ёстой гэх журамтай бөгөөд сонгон шалгаруулалт зарлаж, сонгон шалгаруулалтаар тэнцсэн хүнийг захирлаар томилдог дотоод журамтай ажээ. Харин ШУТАС-ийн одоо байгаа захирлыг сонгон шалгаруулалтаар бус шууд Хөвсгөл аймгаас томилон ажиллуулсан гэнэ. Томилогдож ирсэн захирал зургаан багшийг мөн сонгон шалгаруулалтгүйгээр хөдөө орон нутгаас урилгаар авчирч ажиллуулж байгаа аж. Сургуулийн дотоод дүрэм, журам, хариуцлага тооцох систем алдагдсан байгаагийн тод жишээг Улсын статустай сургуулиуд дундаас хамгийн өндөр төлбөртэй арван жилийн сургууль харуулав бололтой.
Ер нь бидний ирээдүй болсон хүүхдүүд ямар багшаар ямар хичээл, ямар орчинд суралцаж байгааг эргэж харах цаг нь иржээ.Та биднийг анхааралгүй орхисон бяцхан үрсэд маань сургалтын төлбөрөөс гадна олон асуудал байгааг ганцхан сургуулийн жишээн дээр авч үзлээ. Эцэг эхчүүд бид сургалтын төлбөрийг нь өгөөд л хүүхдүүд суралцахад хангалттай гэж боддог нь өрөөсгөл ойлголт гэдэг нь нотлогдох.
Э.ТЭКҮ