Дуучин С.Сэрчмаа, С.Заяа нарын хооронд нэгэн маргаан дэгдээд байгаа билээ.
П.Хэрлэнгийн шүлэг, Н.Санжаагийн ая “Шинэ жил ирлээ” хэмээх дууг 2002 оноос дуучин С.Сэрчмаа дуулж эхэлсэн байна.
Тэрээр дуулахдаа зохиогчдоос нь зөвшөөрөл авч, дууг эзэмших эрхийг өөрийн болгосон аж.
Гэтэл дуучин Ч.Цэлмүүн, “Нэгэн зүгт” хамтлагийн С.Заяа нар саяхан энэхүү дууг дуулан, дүрсжүүлжээ.
С.Сэрчмаа үүнийг зохиогчийн эрхийг ноцтой зөрчиж байна хэмээн өөрийн фейсбүүк хуудсандаа мэдэгдэл гаргасан.
Уг мэдэгдэлд “Дуучин Ч.Цэлмүүн болон “Нэгэн зүгт” хамтлагийн С.Заяа нарын дуулсан “Шинэ жил ирлээ” дууг хөгжмийн зохиолч болон яруу найрагч, дуучнаас нь албан ёсны хүрээнд эрхийг нь авч дуулаагүй юм. Энэ дууны эзэмших бүрэн эрх нь С.Сэрчмаа миний нэр дээр байдаг бөгөөд надаас ямар ч зөвшөөрөл аваагүй дуулсан байна. Тиймээс энэ бүхэн цаанаа ямар нэг ашиг сонирхлоор дуулсан байх гэж санагдлаа. Залуу үе маань өөрсдийгөө хөгжүүлж, шинэлэг юм хийхгүй, хүний дууг булаан авч дуулж байгаа нь харамсалтай байна” гэж бичсэн юм.
Үүний хариуд дуучин Ч.Цэлмүүн “Сэрчмаа эгчээ, уучлаарай! Би санал тавьсны дагуу л дуулсан болохоос албаар ингээгүй юм шүү. Би халтуур гэж бодож дуулсангүй ээ. Чиний хоолойд тохирох юм шиг байна. Хамт дуулъя гэсэн саналыг нь хүлээн авсан” хэмээн тайлбар хийжээ.
Харин "Нэгэн зүгт" хамтлагийн С.Заяа мөн л хариу мэдэгдэл гаргаж "Дууны аяыг зохиосон хөгжмийн зохиолч Н.Санжаагаас албан ёсоор зөвшөөрөл авч дуулсан. Би өөрөө мэргэжлийн дуучин хүн. Юу гэж ямар ч зохиогчийн эрхгүй дууг авч дуулах вэ дээ" гэж бичсэн юм.
С.Сэрчмаа Н.Санжаагаас энэ талаар асуун түүнийгээ бичлэг болгон оруулж, С.Заяаг зөвшөөрөл аваагүй гэдгийг нь нотолжээ. Энэ бүхэнд эгдүүцэл нь хүрсэн дуучин С.Заяа цахим хуудсаараа хэд хэдэн мэдэгдэл хийсэн бөгөөд хамгийн сүүлд ийн бичсэн байна. Тэрээр “Та энэ дууг дуулахыг зөвшөөрсөн албан ёсны зөвшөөрлөө ил гаргачих. Хүргэн ахаас чинь би зөвшөөрөл авч дуулсан. Би бол урлагийн сургууль төгссөн мэргэжлийн дуучин хүн. Харин та бол мэргэжлийн хийлч” хэмээн бичиж С.Сэрчмаагийн “Сэтгэл буруугүй″ дууны ориг хувилбарыг оруулсан байна.
Дуучдын маргаан ийнхүү даамжирч С.Сэрчмаа Оюуны өмчийн газарт гомдол гаргаад байсан юм.
Тэгвэл Монголын дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төвөөс С.Заяа, Ч.Цэлмүүн нарт энэхүү дуугаа дахин олон нийтийн сүлжээгээр цацахгүй байх шаардлага хүргүүлсэн хэмээн "Зууны мэдээ" сонинд мэдээлсэн байна.
Т.АНУ