“Монгол поп” урсгалыг үндэслэгч дуучин Д.Болд Төрийн ордонд тоглолт хийх гэнэ. Тэрбээр “Монгол поп” төслийнхөө хүрээнд олон үйл ажиллагааг хэрэгжүүлж эхлээд байгаа. Эхний ээлжид дуучин Д.Болд “Монгол поп” хэмээх цомог гаргаж, бүх дууг нь клиптэй болгохоор ажиллаж байна. Одоогоор тус цомогт багтсан “Миний хоёр эрдэнэ”, “Нам гүм дундаас”, “Манан”, “Хэрийн салхитай аялгуу” хэмээх дууных нь клип үзэгчдэд хүрээд байгаа юм. Харин энэ долоо хоногт “Амьдрал дуул гэлээ” дууны клипээ гаргахаар төлөвлөжээ. Үүгээр ч зогсохгүй төслийнхөө хүрээнд дуучин залуу тоглолт хийх гэж байна. Тэрбээр ирэх сарын 4-нд “Монгол поп” нэртэй тоглолтоо Төрийн ордны их танхимд хийхээр болжээ. Төрийн ордны их танхимд зохион байгуулах тоглолтоо цагаан эсгийний ёслолоор эхлүүлэх содон санааг Д.Болд гаргажээ. Эзэн Чингисийн үеэс эсгийг дээдлэн төрийн ёслол хүндэтгэлд ашиглаж ирснийг сэргээх, уламжлал болгохыг уриалах зорилгоор ийн Цагаан эсгийний ёслолыг санаачлан хийж буй юм. “Монгол поп” урсгалын нээлтийн ажиллагаанд зориулсан хүндэтгэлийн цагаан эсгийг монгол урчуудаар тусгайлан урлуулж байгаа аж. Цагаан эсгийний ёслолд шилдэг оюутан, сурагчдыг урьжээ. Мөн нийгмийн салбар бүрт тэргүүлэгч 800 гаруй зочин, нийслэлийн сургуулиудын тэргүүний оюутан, сурагчдыг ч урьж байгаа сурагтай.
Энэ тоглолтод Морин хуурын чуулга, Улсын филармонийн симфони найрал хөгжимчид, ҮДБЭЧ-ын бүжигчид, “Шуранхай”, “Гурван охин” хамтлаг оролцох гэнэ лээ. Дашрамд дуулгахад тун удахгүй “Монгол поп” урсгалын үргэлжлэл болох хоёр дахь шинэ цомог гарахад бэлэн болжээ. Ирэх наймдугаар сард “Амьдралын гол дүр”, “Only one”, “Монгол поп” зэрэг цомгийг нэгтгэсэн бүрэн хэмжээний том тоглолт хийхээр дуучин Д.Болд төлөвлөөд байгаа юм байна.
М.Дөл