Байгаль, хүн хоёрын хүйн холбоо гэж “юм” бий хэмээн багад минь багш их ярьдаг байлаа. Энэ үгнийх нь утга учрыг энэ тэнд явахдаа мэдэрдэг л юм. Газар нутаг болгон өөрийн гэсэн дурсгалын зургаа сэтгэлд өлгөж, зарим нэг нь эргэн очих их хүслийг холдоогүй байхад л хөвсөлзүүлдэг нь гайхалтай. Ийм л нэг газар орноор Монголын сэтгүүлчдийн төлөөлөл таван өдрийн аялал хийсэн юм.
Тус аялалыг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн албаны дарга Гэ Гуан Жы гардан зохион байгуулсан бөгөөд энэхүү айлчлалыг “Си Зиньпин даргын Монголд хийсэн айлчлалын үр дүн” хэмээн тодотгосон юм.
Мөн биднийг Монголын олон сэтгүүлчдийн эртний танил болсон ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны Гадаад суртал ухуулгын хэлтсийн дарга н.Баянжаргал, “Солонго” сэтгүүлийн редактор н.Сурнаа нар тосон авч бүхий л аялалын туршид хөтөчөөр ажилласан. Газрын диваажин гэгддэг Хан жөү хотын онгоцны буудалд буухдаа л хэзээний танилууд, ахан дүүс мэт ижилдсэн байсан нь хүмүүсийн сайхан сэтгэл газар усны онцлог, багшийн хэлдэгээр “юм” нь нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй. “Тэнгэрт диваажин, газарт Ханжөү, Сужөү” гэсэн үг Хятадад байдаг нь оргүй зүйл биш ажээ.
“Жэжян өдрийн сонин” 6000 ажилтантай
Хан Жөү хот нь аялал жуулчлал хөгжсөн эртний түүхт хот бөгөөд Жэжяан мужийн нийслэл ажээ. Тус хотын нэгэн гайхамшиг нь алдарт Баруун нуур. Хэдийгээр уг нуур ширгэж үгүй болохын даваан дээр байсан ч хиймлээр дахин усжуулж, өдгөө 70 гаруй төрлийн загас сүлжилдсэн Хан Жөү хотын аялал жуулчлалын нэгэн томоохон төв болгон хөгжүүлжээ. Уг хотод байх хугацаандаа бид бүхэн “Жэжян өдрийн сонин” болон энэ намар Нью-Йоркийн хөрөнгийн зах зээл дээр хувьцаагаа гаргасан Алибаба группын ажилтай танилцсан. “Жэжян өдрийн сонин” нь 6000 ажилтай бөгөөд өдөр бүр 420 мянган ширхэгийг хэвлэн тараадаг байна. Үүнээс гадна “Оройн сонин” гэж сонинг 800-900 мянган хувийг амралтын өдрөөр хэвлэдэг. Харин өөрийн гэсэн найман сайттай бол 50 орчим охин компанитайгаар үйл ажиллагаагаа явуулдаг аж. Анх 1999 онд байгуулагдаж байсан Алибаба.ком сайтын хувьд үйлчилгээний ажилтнуудаа оруулаад 15 мянган ажилтантай нүсэр байгууллага. Тус группыг Хятадын тэрбумтан Жак Ма үүсгэн байгуулсан бөгөөд Хан Жөү хотод байрлах аж үйлдвэрийн паркаа өнгөрсөн оны арваннэгдүгээр сард ашиглалтад өгчээ. Электрон худалдаа, банк санхүү, бараа үйлчилгээ, үүлэн тооцоолуур гэсэн дөрвөн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг энэ сайт 510 сая хэрэглэгчтэйгээс гадна гар утасны 270 сая хэрэглэгчтэй, Хятадын 100 гаруй банкаар дамжуулан төлбөр тооцоогоо явуулж, жижиг дунд 1.1 сая аж ахуйн нэгжид гурван тэрбум юанийн зээл олгоод буй гэнэ.
Далай дамнуулсан гүүрийн урт 23 километр
Аялалын дараагийн өдөр үзэсгэлэнт Хан Жөү хотыг орхин одох нь манайхны хувьд сэтгэл гэгэлзүүлсэн зүйл байсан ч түүнээс үл дутах Жөү Шан хотыг зорих гэж буйдаа баяртай байлаа. Далай дамнуулан барьсан гүүрийг машинаар гарч, нэг ёсондоо далайг машинаар анх удаа гаталж үзнэ гэдэг юугаар ч орлуулашгүй мэдрэмж юм билээ. Их усан цэлэлзэж, давалгаа түрэх бүрт том том ачааны хөлөг онгоцууд гүүрэн дээрээс охины минь тоглоом шиг харагдах нь сонин. Жөү Шан хотын уг гүүрийн нийт урт нь 23 километр. Дашрамд сонирхуулахад, Хятадууд Чиндао, Жиаожоу хотыг холбосон 42.3 км гүүрийг хоёр жилийн өмнө ашиглалтад оруулсан нь дэлхийн хамгийн урт далай дамнуулан барьсан гүүр болой.
Тус гүүрээр гарсаны дараа усан онгоцонд сууж эртний буддын шашны сүм хийдийн эх нутаг болсон Пүтүөшан уулыг зорино. Тус ууланд Дарь-Эхийн сахиустай Түгээмэл авралын хийд байх бөгөөд “Нэгэн лам Дарь-эхийн сахиусыг Японд аваачиж тахихаар аваад явсан ч давалгаа үүсч нэгэн агуйд хоргодсон байна. Ингэж байхдаа тэрээр зүүрмэглэж, нойрон дунд нь Дарь-Эх “Би эндээс явахгүй. Намайг энд сүншиглэ” хэмээн хэлсэн гэх домог яриа бий аж. Тийм ч урчаас тус ууланд Дар-Эхийн аварга хөшөөг сүсэгтэн олны хөрөнгөөр босгохдоо баруун гарынхаа алгыг урагш харуулан, зүүн гартаа онгоцны залуур барьсан мэтээр урлан бүтээжээ. Энэ нь далайн шуурганаас хамгаалах утгатай ажээ.
13 үеэрээ хадгалсан номын сан
Үүний дараагаар бид бүхэн Нин Бө хотод байх Фан Ши гэгчийн гэр музейг үзэж сонирхолоо. Энэ хүн Сайшаалт ерөөлт хааны үед одоогийнхоор бол Батлан хамгаалах яамны дэд сайдын албыг хашиж байсан нөхөр бөгөөд өөрийн хөрөнгөөр номын сан байгуулж, түүнийг нь 13 үеэрээ хадгалан хамгаалж байгаа юм билээ. Бидэнд тайлбарлаж өгсөнөөр тэрээр хоёр хүүтэй байсан ч бага хүү нь зуурдаар нас барж. Ингээд өөрийн номын сангаа баяжуулж, уншлагын танхим зэргийг нэмж байгуулж байгаад өв хөрөнгөө өвлүүлэхээр болжээ. Энэ үед нь түүний том хүү 70 мянга гаруй ном бүхий номын санг нь өвлөж, харин бага хүүгийнх нь эхнэр 10 мянган лан мөнгийг нь авчээ. Он цагийн уртад өнөөх мөнгө үрэгдэж дууссан бол энэхүү ном, номын сангийн барилга зэрэг нь одоог хүртэл хадгалагдаж байна хэмээн тайлбарлах нь цаанаа л нэг бахархангуй аястай. Арга ч үгүй биз. Тус нутаг түүх соёлын дурсгалт газраа маш сайн хадгалан үлдээж байгаа бөгөөд бүх хятадын соёлын биет бус өвд бүртгүүлсэн 40 орчим газар байдаг гэсэн.
Аялалын багийнхан цаашласаар 2500 орчим жилийн түүхтэй Шаошин хотыг зорьж эртний суурин хэвээр нь өнөөдрийг хүртэл авч үлдсэн Аньчанийг үзэж сонирхсон. Тус сууринд Хятад даяар алдартай “Гурван ган” байдаг бөгөөд энэ нь шар архи эсгэдэг ган сав, хоол амтдагч жан дардаг ган сав, үсний будаг хийдэг ган сав аж. Аялал маань цаг хугацаатай тул буцах цаг ойртож байсан тул БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн албаны дарга Гэ Гуан Жы энэ газар хүндэтгэлийн зоог барихаар болж, 20 жил дарсан шар архиар нутгийн удирдлагууд зочидоо дайлсан юм.
Төгсгөлийн оронд
Ийнхүү бид бүхний хийсэн айлчлан аялал маань өндөрлөж, нутгийн зүг жолоо залсан юм. Бидний багт МУГЖ, Поп хатагтай Б.Сарантуяагийн дуулсан “Тэр намайг дурсдаг болов уу” дууны үгийг бичсэн UBS телевизийн дэд захирал Б.Нармандах, СТА Л.Болдбаатарын дуулсан “Босоо хийморьтой эр хүн” дууны зохиогч МСЭ-ийн Эрүүл мэндийн салбар зөвлөлийн дарга Г.Пүрэвдорж гэсэн уран бүтээлчид байсан нь “илэрч” ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны Гадаад суртал ухуулгын хэлтсийн дарга н.Баянжаргал, “Солонго” сэтгүүлийн редактор н.Сурнаа нар маань дуу эгшиг өргөсөөр үдлээ. Эргэн уулзах учрал талбисан бидний ерөөлөөр болж, гайхамшигт Хан Жөүд дахин уулзана гэтэгт итгэлтэй байна.
Ёстой л нөгөө Баянаа ахын маань хэлсэнчилэн “Танилцахаас өмнө талын гурван зээр, Танилцсаны дараа тагнайн гурван судас” гэдэг ийм ажгуу.
Т.ДАРХАНХӨВСГӨЛ