Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдыг томиллоо

Хуучирсан мэдээ: 2014.12.09-нд нийтлэгдсэн

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдыг томиллоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаар УИХ-ын гишүүн Л.Гантөмөрийг томилох тухай асуудлыг хэлэлцээд гишүүдийн 95 хувийн саналаар дэмжин баталлаа. Нийт 60 гишүүнээс 57 нь дэмжсэн юм.

Сайдад нэр дэвшигчийг батлахын өмнө УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Боловсролын багц хуулийг батлахдаа тэтгэвэрт гарч байгаа багшид 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний урамшуулал олгоно гэсэн заалт оруулсан. Гэтэл Сангийн яаманд 2015 оны төсвийг тодотгох хүрээнд 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэлгийг 12 сар болгон бууруулах нь. Ийм байдлаар үнэлээд эхлэх юм бол боловсролын салбарт багшлах багш олдохгүй болно. Боловсролын салбарт ажиллаж байгаа багш, мэргэжилтнүүдийн ганц хорогдож байгаа юм нь нэг удаагийн тэтгэмж. Үүнийг хасч болохгүй. Мөн хөдөөгийн сургуулийн багш нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарахгүй бол сургуулийнхаа дотуур байранд амьдардаг багш олон байна” гэлээ.

Тэгвэл УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Сурагчдын дүрэмт хувцасны үнэ хөгжилтэй орны сурагчдын өмсдөг дүрэмт хувцаснаас 2-3 дахин үнэтэй байна. Хэзээ энэ жишигт авчрах вэ” гэдгийг тодруулж асуусан бол УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд боловсролын салбар уналтад орсон” гэж шүүмжиллээ. Ингэхдээ тэрээр МУИС-ийн харьяа Эдийн засгийн сургуулийг Бизнесийн сургууль болгож өөрчилсөн. Бизнес бол эдийн засгийн нэгээхэн хэсэг. Энэ дөрвөн жил их, дээд сургуулийн хувьд доошоо орсон, хугацаа алдсан жил байх нь. Хоёр жилийн хугацаанд эцэг, эхчүүд сурагчийн дүрэмт хувцсанд гомдолтой байна. энэ талаар асуухад та “Надад хамаагүй” гэж хариулж байсан. Сурагчдын эцэг, эхэд санхүүгийн ямар хүндрэл учирч байгааг та мэдэж, мэдэрч ажиллах ёстой. Сурагчдын үзэж байгаа хичээл, өмсөж байгаа дүрэмт хувцас, эрүүл мэнд нь хамаатай гэж хандах ёстой. Өнгөрсөн хугацаанд та энэ асуудал дээр хариуцлагагүй явж ирсэн. Их, дээд сургуулийн сургалтын төлбөр нэмэгдэж байгаа. Олон айл хүүхдээ их, дээд сургуулиас нь гаргаж байна, энэ дээр та судалгаа гаргаж, ажиллах ёстой. Нийгмийн салбарт хөрөнгө оруулдаг байдал таны үед үгүй болж байна. Нийгмийн салбарт хийгдэх хөрөнгө оруулалтыг дэмжих ёстой” гэсэн юм.

Одоо чуулганаар Зам тээврийн сайдаар Ш.Төмөрхүүг томилох тухай асуудлыг хэлэлцэж байна.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж