Төмөр замын ачаа эргэлт багасна

Хуучирсан мэдээ: 2010.04.16-нд нийтлэгдсэн

Төмөр замын ачаа эргэлт багасна

УИХ-ын чуулганы пүрэв гаригийн нэгдсэн хуралдаанаар Зэс хайлуулах, боловсруулах үйлдвэр барьж байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг авч хэлэлцэн гишүүдийн 90.4 хувийн саналаар хэлэлцэхийг дэмжлээ. УИХ-ын нэр бүхий гишүүдийн санаачлан боловсруулсан уг тогтоолын төсөлд зэс хайлуулах үйлдвэрийг “Эрдэнэт” үйлдвэрийг түшиглэн байгуулах, үйлдвэр барих чиглэлээр тодорхой асуудлыг судлан, шийдвэрлэх үүргийг Засгийн газарт даалгах, улмаар энэ ажлыг 2010 онд багтаан эхлүүлэхийг чиглэл болгосон байна. Мөн төсөл санаачлагчид Зэс хайлуулах үйлдвэр ашиглалтад орвол үйлдвэрийн үр ашиг 4-5 дахин нэмэгдэж, ажлын байр шинээр бий болно гэж тооцоолжээ. Харин хэлэлцүүлгийн шатанд гишүүд их хэмжээний хөрөнгө гаргаад Зэс хайлуулах үйлдвэр байгуулчихдаг. Гэтэл боловсруулсан бүтээгдэхүүнийг борлуулах зах зээлгүй болчихвол яах вэ. Түүхийгээр нь гаргаж байснаас долоон дор юм болох вий” гэдэг болгоомжлолыг хэлж байв. Учир нь Эрдэнэт үйлдвэрийн боловсруулж байгаа хүдрийн 23 хувь нь зэс, үлдсэн нь шороо байдаг аж. Өөрөөр хэлбэл, одоо 70 орчим хувийн шороотой хүдрийг экспортолж буй. Мөн “Эрдэнэт” үйлдвэрийг түшиглэн тус үйлдвэрийг байгуулах болоход хамтрагч тал Оросын холбооны улс хүлээн зөвшөөрч, хөрөнгө гаргах уу. Эсвэл Мянганы сорилтын сангаас төмөр замд авахаар төлөвлөж байсан 188 сая ам.долларыг буцаасан шиг үйл явдлыг давтах болбол яах вэ гээд болгоомжлол дагуулсан асуулт хариулт нэхэн, Засгийн газарт хаяглав. Одоогоор Засгийн газар эл асуудлыг хараахан барьж аваагүй байгаа. Гэхдээ УИХ-аас ирэх зургадугаар сарын 1-ний дотор багтаан энэхүү бодлогыг Засгийн газраас оруулж ирэх даалгаврыг өгөх нь чухал болохыг ч хэлэв.
Мөн УИХ-ын гишүүн Х.Наранхүүгийн тайлбарласнаар Зэс хайлуулах үйлдвэр баригдсанаар төмөр замын ачаа эргэлт дөрөв дахин

 буурах аж. Энэ нь Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн ачааны вагонууд өлдөж, ашигт ажиллагаа улам багасна гэсэн үг. Эерэг талаас нь харвал боловсруулсан зэсээ хэнд “шахна даа” гэж санаа зовох зүйлгүй. Лондонгийн бирж дээр аль ч технологиор хийсэн катодын

 зэсийг дууддаг тул гишүүдийн яриад байгаачлан “Хятад улс танай зэсийг авахгүй гэчихвэл бид зах зээлгүй дуусна гэж эмээхийн зовлонгүй аж.
Харин “Эрдэнэт” үйлдвэрийг бор зүрхээрээ Зэс хайлуулах үйлдвэрийг босго гэвэл бүтэхгүй. Тус үйлдвэрийг барих мөнгөгүйн дээр өр ихтэй байгаа. Өнөөг хүртэл “Эрдэнэт” үйлдвэр дэргэдээ зэс хайлуулах үйлдвэртэй болоогүй нь хөрөнгөгүйтэй холбоотой. Нөгөөтэйгүүр, Монгол Улсын Засгийн газраас тодорхой бодлого гаргаж, чиглэл өгөөгүйгээс болж, энэхүү үйлдвэрийн шавыг ч тавьж чадаагүй болохыг учирлав.
“Эрдэнэт” үйлдвэр одоогоор 130 мянган тонн хүдэр боловсруулдаг байна. Түүнийг бүгдийг хайлуулах албагүй, талыг нь түүхийгээр экспортлох бололцоо ч бас бий. Эцсийн шийдлийг УИХ-аас гаргах ч Засгийн газрын төвшинд бодлогоо тодорхойлж, асуудлыг нэн даруй УИХ-д оруулж ирэхгүй бол “Үйлдвэрийн хүчин чадал ямар байх, хэдий хэмжээний хүдрийг боловсруулах нь тодорхойгүй“ гээд олон асуудал хариулт нэхэж буйг хэлэлцүүлгийн шатанд гишүүд шүүмжилсэн ч санал хураалтаар Зэс хайлуулах үйлдвэр байгуулахыг гар өргөн дэмжлээ.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж