-Юуны өмнө Азийн цомын тэмцээнд амжилттай оролцсонд баяр хүргэе. Тэмцээнийхээ талаар сонирхуулах уу?
-Баярлалаа. Юун түрүүнд биднийг сэтгэл зүрхээрээ дэмжсэн Монголынхоо бүх ард түмэнд баярласан сэтгэлээ илэрхийлье. Мөн биднийг 67 хоногийн турш Тайланд, Лаос улсад хамтарсан бэлтгэл сургуулилтаа хийхэд бүх бололцоогоор хангаж өгсөн БТСГ-ын хамт олон, Монголын байт харвааныхандаа баярлалаа гэдгээ хэлэх нь зүйтэй байх. Тухайн орчинд бэлтгэл сургуулилтаа хийгээд тэмцээнд оролцоно гэдэг бол үр дүнтэй байдаг юм байна. Халуун газар бэлтгэл сургуулилт хийнэ гэдэг бидний хувьд том завшаан юм. Ялангуяа манайх шиг эрс тэс уур амьсгалтай, орчин сайн бүрдээгүй оронд энэ бол том дэвшил. Монголын ард түмэн эвтэй байвал хүчтэй гэдэг яалт ч үгүй үнэн үг байна. Маш олон хүний тусламж дэмжлэгтэйгээр манай харваачид ийм хэмжээний амжилт гаргалаа.
-Хоёр сар гаруй хугацаанд эх орноосоо хол байлаа. Энэ хугацаанд танд ямар өөрчлөлт оров. Тухайлбал биеийн байдалд?
-Тэнд Монголын байт харваа болон парагийн бүх тамирчин хамтарсан бэлтгэл сургуулилт хийсэн. Олуулаа байсан болохоор нутаг орноо санах тийм зүйл бараг гарсангүй. Харин сүүлийн нэг сар орчим бид дөрвүүлээ үлдэхэд жаахан хэцүү байлаа. Гэхдээ дөрвүүлээ ч гэсэн зөөврийн компьютер дээр “Тунгалаг тамир” роман, сайхан монгол дуунуудаа суулгаад авч ирсэн. Гэр орноо санахаараа сонсчихдог. Аливаа зүйл хөгжинө гэдэг үнэхээр сайхан юм байна. Энэ бүхэн сэтгэл зүйн хувьд ч гэсэн том бэлтгэл болдог. Бид бүхэнтэй хамтарсан ажилласан сэтгэлзүйч Үүрцайх, Ууганаа хоёртоо бас баярлалаа гэж хэлье. Энэ бэлтгэл бидний хувьд аль аль талаараа өгөөжтэй болсон гэдгийг онцолмоор байна.
-Тайланд, Лаос гэсэн хоёр өөр улсад бэлтгэл хийлээ. Хоорондын ялгаа байна уу?
-Энэ хоёр бол зэргэлдээ улс шүү дээ. Хоёулаа халуун уур амьсгалтай болохоор ялгаа нэг их байгаагүй. Бэлтгэл ч үр дүнтэй болсон. Лаост бэлтгэл хийхэд манай элчин сайд болон яамныхан маш том тус хүргэсэн. Биднийг бүх зүйлээр хангаж тусаллаа. Нэг ёсондоо тамирчдын материаллаг баазыг хангасан. Гадаадад байгаа элчин сайдууд маань тамирчдаа хүлээн авч уулзаад, туслах нь үнэхээр сайхан байдаг юм байна. Сэтгэлзүйн хувьд ч тэс өөр болсон шүү. Лаост бид маш өндөр амжилт гаргасан, маш олон медаль авсан. Ер нь энэ бүхнээс харахад Монголын байт харваачид дэлхийн хэмжээнд ямар хүчтэй өрсөлдөгч болохоо харууллаа.
-Одоо манай тамирчдыг ямар тэмцээн уралдаан хүлээж байна вэ?
-Ирэх зургадугаар сард Итали улсыг зорино. Манай байт харвааны эрүүл болон парагийн шигшээ багийнхан бүгд явна. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн учраас маш их ач холбогдол өгч байгаа. Долдугаар сарын 7-10-ны хооронд эрүүл тамирчид ДАШТ-д оролцоно. Харин парагийн харваачид долдугаар сарын 10-17-нд ДАШТ-д оролцох юм. Тиймээс манайхан өчигдрөөс /даваа гариг/ вакумжуулсан бэлтгэлд орсон.
-Ирэх онд Лондонд олимп болно. Энэ тэмцээнээс олимпийн эрх олгоно шүү дээ?
-Тийм ээ. Ямар ч байсан энэ удаагийн дэлхийн аваргаас олимпийн эрхээ авах байх гэж бодож байна. Өөртөө нэлээд итгэлтэй байгаа. Зөвхөн олимпийн эрх аваад зогсохгүй дэлхийн аварга болох зорилт тавьсан учраас үүнийхээ төлөө бэлтгэлээ хийнэ.
Зохиогчийн эрх: “Спортын шуудан”