Сүүлийн үед хуулийн байгууллагын өндөр албан тушаалтан хувийн хэвшлийнхнийг дарамталдаг тухай Хууль зүйн сайдын үүрэг гүйцэтгэгч Х.Тэмүүжин твиттер хуудсандаа бичсэнээс үүдэн Алтан Дорнод Монгол компанийн нэр хэвлэлийн хуудаснаа дурдагдах болсон билээ.
Тус компанийн эзэмшигч Т.Ганболдыг хуулийн өндөр албан тушаалтанд 4 сая ам.доллларын авилга өгсөн хэмээн хэвлэлүүд таамаглан бичиж байгаа юм. Энэ талаар өчигдөр хоёр ч хэвлэлийн бага хурлаар мэдээлэл өгсөн ч хэргийн учиг тайлагдах биш улам ээдрээтэй боллоо.
Хоёр компанийн хооронд хийсэн бизнесийн шилжүүлэг байсан гэж “Рекат” компанийг төлөөлж Бямбаа захирал мэдэгдсэн. Тэрээр өмнө нь Алтан дорнод монгол компанийг худалдан авахаар Паушокт өгсөн мөнгөө эргүүлж Т.Ганболдоос авсан гүйлгээ гэсэн тайлбар өглөө. Харин “Алтан дорнод монгол” компанийг Монголын аль нэгэн албан тушаалтан, аж ахуйн нэгжээс худалдаж аваагүй гэж Тэргүүн дэд захирал нь мэдэгдсэн. Хоёр үнэн гэж байдаггүй. Харин хэн нь үнэн хэлж байна вэ.
Үүнийг монголын олон нийт, цаашлаад хэвлэл мэдээлэл хууль хяналтын байгууллагууд хараа хяналтаасаа гаргахгүй биз. Ингээд өчигдрийн хоёр мэдээллийг нэгтгэн хүргье. Дүгнэлтээ гаргах эрх нь уншигчдад бий.
С.ОТГОН Д.ЖАРГАЛ