Ц.Нямдорж: Сайд хулгай хийвэл хөөж явуул

Хуучирсан мэдээ: 2014.12.09-нд нийтлэгдсэн

Ц.Нямдорж: Сайд хулгай хийвэл хөөж явуул

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Дөнгөж сая Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Пүрэвсүрэнг Гадаад хэргийн сайдаар томилох тухай асуудлыг хэлэлцээд, гишүүдийн 93.3 хувийн саналаар дэмжин баталлаа. Санал хураалтад 60 гишүүн оролцсоноос 54 нь дэмжлээ.

 

Гадаад хэргийн сайдыг томилохын өмнө нэр дэвшигч Л.Пүрэвсүрэнд хандан УИХ-ын гишүүн Р.Амаржаргал асуулт тавилаа. Тэрээр “Л.Хангайг ОХУ дахь Ерөнхийлөгчийн бие төлөөлөгчөөр томилчихсон. Гүйцэтгэх засаглалтайгаа зэрэгцээд Ерөнхийлөгч томилгоо хийгээд байвал Гадаад хэргийн яам байх шаардлага бий юм уу. Л.Хангайг бие төлөөлөгчөөр томилоход оролцоо тань байсан уу” гэлээ.

Сайдад нэр дэвшсэн Л.Пүрэвсүрэн үүнд “Монгол Улсын Ерөнхийлөгчийн захирамжаар Элчин сайд Л.Хангайг ОХУ-тай эдийн засаг, дэд бүтэц, хөрөнгө оруулалтын асуудлаар ажиллах Ерөнхийлөгчийн бие төлөөлөгчөөр түр томилсон. Ажлын туршлагыг нь харгалзаж ашиглах шаардлагатай гэж үзэн, томилсон. Томилоход миний оролцоо байсан” гэсэн хариулт өглөө.

Харин УИХ-ын гишүүд саналаа хэлэх үед Ц.Нямдорж гишүүн сайдад нэр дэвшигчдэд хандан дараах зөвлөмжийг өглөө.

Тэрээр “Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг Мэргэжлийн хүмүүсийг оруулж ирж сайдаар томилуулах болов уу гэтэл чадсангүй, харамсаж байна. Та бүхэн даруухан байж үзээрэй. Телевизээр чалчихаас өөрийг мэддэггүй, гадаад дотоодод тэнүүчлээд явчихдаг, үндсэн ажил руугаа ойртдоггүй сайд нарыг бишгүй үзлээ. Өчигдөр интернэтээр мэдээ үзсэн чинь “Энэ Засгийн газрын түшиг болох сайд” гээд хилийн цэргийн хувцастай нөхрийн зураг байна. Ингэж өөрсдийгөө рекламдаж, улс орны нэр нүүрийг түймэрдсэн ажил битгий хийгээрэй. Өмнөх Засгийн газрын сайд нар бүгд худалч байсан. Худлаа хэлдэг явдлыг таслан зогсоогоорой. Худлаа хэлэх ажлыг зохион байгуулж байсан хүн нь Ч.Сайханбилэг. Үлдсэн хугацаанд реклам битгий хийгээрэй. Тогооноосоо хулгай битгий хийгээрэй. Тендэр гэдэг юмнаас хол байж, зугатаж явахыг санал болгож байна. Хоёр гарыг нь барьсан байтал хөл нь явдаг хүмүүс байна. Хулгайд сайд нар нэр холбогдох, ажиглагдах юм бол нэн тэргүүнд хөөж явуулаарай. Хугацаа богино, бүрдүүлж байгаа нам нь олон. Мэргэжлийн хүмүүсээр дэд сайд, яамны төрийн нарийн бичгийн дарга нарыг томилж, мэргэжлийн хүмүүсийг ажилд нь томилоорой. Өнгөрсөн хоёр жилд мэргэжлийн бус хүмүүсийг томилсоноор ажил унагаасан шүү” гэсэн юм.

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл “Яаман дээр бага сууж, УИХ, байнгын хороон дээр их тогтож ажиллаарай”, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа “Зөвлөхийн хүн, сайдын хүн, энэ фракцийн хүн гэдгээр явбал төрийн ажил явахгүй. Төрийн алба бол төрийн л алба байх ёстой. Төрийн албаны хууль дүрмээ хатуу мөрдөж ажиллах ёстой” гэсэн юм.

Мөн УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Шинээр Элчин сайдын яам нээх асуудлыг УИХ-д битгий оруулж ирээрэй. Томилогдсон хүмүүсээсээ шалгалт авч, өөрчлөхгүй бол Монголын нэр хүнд унагаж байгаа юм бишгүй байна, гадаад улсад. Хэл усгүй. Дипломат албаныхаа шошгыг яаралтай өөрчлөөрэй, хуурамч юм их байна. Хонконгод томилогдсон дипломат амиа хорлосон, мэргэжлийн бус хүн байгаа. Хаанаас яагаад мэргэжлийн бус хүн томилчих вэ гэдгийг тодруулаарай. Ажлын амжилт хүсье” гэсэн бол УИХ-ын гишүүн Л.Болд “Ажил нь жигдэрч бодитой ахисан ажил дээр очино. Өнгөрсөн хоёр жилд өмнөх 10 гаруй жилтэй тэнцэх, айлчлалыг зохион байгуулсан яамныхандаа талархал илэрхийлэх ёстой. Шинээр томилогдох сайдад хэлэхэд,  улстөр өөрөө эрчимжүүлсэн эдийн засаг байдаг. Хятадаар жишээ авахад, Гадаад хэргийн сайд нар хоёр талдаа айлчилсан, үр дүнд нь олон арван жилээр хүлээгдэж байсан транзит тээврийн асуудлыг шийдэж, төрийн тэргүүний өндөр дээд хэмжээний айлчлалыг амжилттай зохион байгуулсан.

Өнгөрсөн хугацаанд би сайдаар ажиллахдаа гадаадад оршин сууж байгаа монгол иргэддээ онцгой анхаарал хандуулж ажилласан, өмнө хийгдэж байсан хэмжээнд ажлаа үргэлжлүүлээрэй. Боловсон хүчин мэргэжлийн байхад анхаарах ёстой, бид эхлэлийг тавьсан. Дипломатын академи байгуулах ёстой” гэлээ.

Одоо чуулганы нэгдсэн хуралдааныг завсарлуулаад байна. Үдээс хойшхи чуулган 14.00 цагаас үргэлжилж, сайд томилох асуудлыг үргэжлүүлэн хэлэлцэнэ. Чуулганы үдээс өмнөх хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Баярцогтыг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар, УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаар, Л.Пүрэвсүрэнг Гадаад хэргийн сайдаар тус бүр томилоод байна.

Үдээс хойшхи чуулганаар 14 сайдыг томилно.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж