Чингэлтэйнхэн ОУ-ын тэмцээнээс 23 алтан медаль хүртжээ

Хуучирсан мэдээ: 2014.12.09-нд нийтлэгдсэн

Чингэлтэйнхэн ОУ-ын тэмцээнээс 23 алтан медаль хүртжээ

1990-ээд оны эхэн үе хүртэл “Хоршоолол” нэртэй байсан. 1994 оноос хойш Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спортын хороо болсон тус байгууллага өдгөө 20 жил болжээ. Чухам энэ л газраас үе үеийн алдартнууд төрөн гарсан байдаг. Чингэлтэй дүүргийн биеийн тамир, спортын хороо нь өнөөдрийн байдлаар Засаг даргын дэргэдэх өсврийн 11 төрлийн шигшээ багтай амжилтаар дүүрэн ажиллаж байна. Өдгөө тус хороог сүмо бөхийн олон улсын хэмжээний мастер Р.Очирпүрэв удирдаж байгаа юм. Түүнтэй ярилцлаа.

-Танай спорт хорооны түүхээс ярилцлагаа эхлэх үү?

-Сайн байна уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.  1990 оноос өмнө нь улсын хоёрдугаар шигшээ багийг бэлтгэдэг Хоршоолол” нийгэмлэг нэртэй байсан. Хожим 1994 онд Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спортын хороо болсноор өдийг хүрчээ. Бүтэц бүрэлдэхүүний хувьд гэвэл 10 гаруй багштай. Дүүргийн нийт  иргэдэд нийтийн биеийн тамир болон спортыг танин мэдүүлж спортлог, эрүүл чийрэг байлгахын тулд ажиллаж байна. Мөн  Нийслэл, дүүргийн хүрээнд спортын олон төрлийн арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг.

-Энэ хорооноос олон шилдэг тамирчин төрөн гарсан байдаг. Тив, дэлхийд эх орныхоо нэрийг гаргасан тамирчдыг дурдвал?

-Волейбол, чөлөөт бөхийн мастерууд бий. Харин өнөөдрийн байдлаар гэвэл Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх өсвөрийн шигшээ багийнхан маань тив, дэлхийн тэмцээнүүдэд өндөр амжилт гаргаж байна. Хамгийн сүүлд л гэхэд тамирчин Сарангоо маань самбо бөхийн дэлхийн аваргаас хүрэл, аэробикийн тамирчид Солонгост болсон Азийн аваргаас хүрэл, шатарчин Очирбат маань дэлхийн шатрын холбооны дэд мастер цолыг долоон насандаа Монголын шатарын холбооны бүх цолыг алгасан авлаа. Яг одоо Бразил улсад болж буй сурагчдын ДАШТ-д амжилттай өрсөлдөж байна. Энэ мэтчилэн дурдаад байвал олон өсвөрийн шилдэг тамирчин төрж байгаа шүү.

-Ерөнхийлөгчийн 05 тоот зарлиг хэрэгжээд багагүй хугацаа өнгөрчээ. Энэ дагуу танай дүүргийн зүгээс нийтийн биеийн тамирт хэр анхаарал хандуулж байна вэ?

-Хамгийн гол анхаарал хандуулж байгаа зүйлийн нэг бол нийтийн биеийн тамир юм. Бие бялдарын хөгжил чийрэгжилтийн түвшин тогтоох сорилыг жил болгон тогтмол авдаг энэ жилийн байдлаар нийт 12 сургуулийн 700 гаруй сурагчдаас сорил авсан судалгаа байгаа. Дүүргийн Засаг даргын зүгээс нийтийн биеийн тамир дээр нэлээд анхаарал хандуулдаг. Энэ жил гэхэд зөвхөн дүүргийн хэмжээд 200 гаран  тэмцээн уралдаан зохион байгуулсан. Үүний 140 гаруй нь иргэдийн эрүүл мэнд, нийтийн биеийн тамирыг сурталчлах арга хэмжээ байх жишээтэй. Өнгөрсөн жил давхардсан тоогоор 56 мянга гаруй иргэн нийтийн биеийн тамирыг сурталчлах арга хэмжээнд оролцсон.

-Тогтмол хичээллэдэг спортын хэчнээн төрлийн секц дугуйлан байдаг юм бол. Бас төрлүүдэд хамрагдах хүрээлэл хэр байдаг вэ?

-Дүүргийн Засаг даргын дэргэдэх өсвөрийн 11 төрлийн шигшээ багтай.  Тодруулбал, сагсан бөмбөг, хөлбөмбөг, волейбол, теннис, жүдо, шатар, чөлөөт бөх, хөнгөн атлетик, аэробик, уран гимнастик гэх мэт төрөл бий. Энэ нь дүүргийн хэмжээнд байнгын бэлтгэл сургуулилттай байдаг. Шатар, ширээний теннисээс бусад нь спорт хорооны зааланд цагийн хуваарийн дагуу бэлтгэлээ хийдэг. Мөн манай спорт хороо нь дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд, дүүргийн ахмад настан, хороодын иргэд, дүүргийн төрийн байгууллагад спортоор хичээллэх нөхцөл бололцоог нь хангаж спорт зааланд цагийн хувиар гаргаж өгөн ажиллаж байна.

-Чингэлтэй дүүргийн хувьд тамирчид нь тогтмол дээгүүр амжилт үзүүлдэг хамт олон. Тэгвэл 2014 оныг ямар амжилтаар үдэж байна вэ?

-Улс, дүүрэг, хот, олон улс, тив, дэлхийн чанартай тэмцээнээс нийт 665 медаль авсан байгаа юм. Товчхон дурдвал улсын аваргаас манай дүүргийнхэн 111 медаль авсан байдаг. Үүнээс 44 алт, 46 мөнгө, 21 хүрэл медаль байна. Мөн олон улсын тэмцээнээс 23 алт, 15 мөнгө, 27 хүрэл медаль хүртжээ, тивийн аваргаас нэг мөнгө, 16 хүрэл авсан. Харин дэлхийн аваргаас одоогоор нэг медаль хүртээд байна. Яг одоо Бразилд болж байгаа шатрын тэмцээнээс медалийн тоо нэмэгдэх болов уу гээд чих тавин хүлээж сууна даа. Ер нь дотооддоо болдог спортын наадмуудад манайхан маш өндөр амжилттай оролцдог. Манай улсад шинээр хөгжиж байгаа спортын төрлүүдийг дүүргийнхээ иргэдэд танилцуулж, сурталчлах, улмаар тэднийг татан оролцуулах ажлыг идэвхтэй зохион байгуулахаар ирэх оныхоо төлөвлөгөөнд тусгасан байгаа.

-Тэгвэл багш, дасгалжуулагч нарынхаа ур чадварыг дээшлүүлэх тал дээр хэр анхаарал хандуулж байна вэ?

-Ер нь багш дасгалжуулагч нар байнга сургалтад хамрагддаг. Зөвхөн спорт хорооны гэлтгүй дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг Ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын багш нарыг ч тогтмол сургалтад хамруулсаар ирсэн. Ирэх онд ч гэсэн яг л ийм зарчмаар ажиллана. Спортод ээлтэй удирдлагатай байна гэдэг бас сайхан юм. Манай дүүргийн Засаг дарга, Иргэдийн хурлын дарга, иргэдийн хурлын төлөөлөгчид спортод ээлтэй  бидний ажлыг ойлгож дэмждэг учраас өнөөдөр бидний ажил урагштай явж байна.

-Заал танхимаа засч янзалсан байгааг харлаа. Хэр их засвар хийсэн бэ?

-Заалны шалаа шинэчилсэн. Ерөнхийдөө багагүй засвар хийлээ. Шинээр олимпийн танхимтай боллоо. Уг танхимдаа олимпийн наадмын үүх түүх, олимпийн медальтнуудаа алдаршуулах буланг нээж ажилуулна.  Чийрэгжүүлэлтийн танхимаа өргөжүүлсэн. Энэ мэтчилэн бага хугацаанд нэлээд их ажил амжуулсан гэж бодож байна.

-Спортын байгууллагыг дандаа л спортын хүмүүс удирдаж байна. Харин та ямар мэргэжилтэй вэ?

-Би самбо, жүдо бөхийн тамирчин. Олон улсын хэмжээний мастер цолтой. Анх чөлөөт бөхийн дасгалжуулагч Цэрэндагва багшийн удирдлага дор чөлөөт бөхийн спортоор хичээллэж спортод хөл тавьсан даа. Мөн сонирхогчийн сүмогоор зургаан орчим жил хичээллэсэн. Сонирхогчийн сүмогийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртэж байлаа. 2010 онд японы нихоний их сургуулийг Олон улсын хөгжил зүйчээр төгсөж. 2013 онд Отгонтэнгэр их сургуулийг Эрх зүйчээр төгссөн. Одоо спортыг хөгжүүлэхийн төлөө сэтгэл зүрхээ зориулаад Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спорт хорооны даргаар ажиллаж байна даа. Хүн хөгширч үхдэггүй, хөшиж үхдэг гэсэн үг байдаг. Тийм болохоор дүүргийнхээ нийт иргэдийн дунд нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх зорилготой.

-Цаашид ямар ажил хийхээр төлөвлөж, зорьж байна вэ?

-Залуу хүний хувьд аль болох шинэлэг байдлаар ажиллахыг хүсэлтэй байна. Чингэлтэй дүүргийн биеийн тамир, спортын хороог аймгуудын биеийн тамир спортын хороодтой шипийн харилцаа тогтоон харилцан туршлага судалж хамтран ажиллах, мөн спорт өндөр хөгжиж буй орны турлагыг судалж дүүргийн спорт хороондоо нэвтрүүлэн ажилхыг хүсэж байна.

-Удахгүй 2015 он гарах гэж байна. Ирэх онд хийх ажлынхаа төлөвлөгөөг гаргасан уу?

-Ирэх онд хэд хэдэн томоохон ажил төлөвлөсөн байгаа. Мэдээж өсвөрийн шигшээ багаа улам бэхжүүлж улам их амжилт гаргана.Дүүргийн хэмжээнд спортын 3 төрөлт Залуучуудын лигийн тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөсөн. Энэ ажил маань бүтвэл бид нийслэлийн хэмжээнд анх удаа залуучуудыг хамруулсан лигтэй болно. “Чингэлтэй марафон-2015” бүх нийтийг хамарсан гүйлт, арга хэмжээг зохиохоор төлөвлөгөөндөө тусгасан байгаа. Дүүргийн хэмжээнд спортоор хичээллэдэг хүмүүсийг судалгааг маш сайн гаргана. Ер нь бол судалгаан дээр тулгуурлаж ажлаа хийх бодолтой байна. Мөн өвлийн спортын наадмыг иргэдийн дунд зохион байгуулна. Яг одоогоор арга хэмжээ зохиоё гэхээр цас орохгүй юм. Хүслээр болдог бол маргааш ч гэсэн өвлийн спортын нээлтээ хиймээр л байна. Эхлээд дүүргийн хэмжээнд нээлтээ хийгээд, дараа нь бүх нийтийг хамруулна даа.

-Удахгүй танай дүүргийн хэмжээнд спортын гала тоглолт болох гэж байгааг сонссон. Энэ талаар мэдээлэл өгөх үү?

-Тийм ээ, энэ сарын 22-нд болох юм. Чингэлтэй дүүргийн хийсэн ажлыг анх удаа спорт гала тоглолт маягаар зохион байгуулах гэж байна. Бэлтгэл ажил ид үргэлжилж байгаа. Манай дүүргийн 19 хороо, хороодын хамтлаг, ахлагч нарын спортын тайлан тоглолт болох юм. Ерөнхийдөө 3 цагийн арга хэмжээ болох төлөвтэй байна.

-Нийслэлийн Засаг захиргааны байгууллагын бүтцэд бага зэрэг өөрчлөлт орж байна. Жишээлбэл, спортыг, соёл урлагтай нэгтгэх тухай санал асуулгыг явуулж эхэлжээ. Энэ тал дээр спортын хүний хувьд ямар бодолтой явна вэ?

-Спортын хүн, иргэний хувиар бол буруу л гэж бодож байна. Урлаг, спорт бол хоёулаа л том салбар. Тиймээс нийлүүлж болохгүй байх. Хэрвээ нийлүүлэх юм бол аль нэг салбарынх нь ажил орхигдох магадлал өндөртэй. Тиймээс тусдаа байсан дээр болов уу.

-Ярилцсанд баярлалаа. Сүүлийн асуултыг танд үлдээе?

-Баярлалаа. Чингэлтэй дүүргийнхээ спортын байгууллага, спортыг дэмжин ажилладаг Засаг дарга болон Засаг даргын Тамгын газар, Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн биеийн тамир, спортын газарт талархаж явдгаа илэрхийлье. Хамгийн гол нь нийт иргэдээ спортлог байлгахын тулд Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спортын хороо хүлээсэн үүргээ биелүүлэхийн төлөө та бүхэнд тогтмол тасралтгүй үйлчлэх болно. Та бүхэнд Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спортын хорооны хаалга үүд нээлттэй. Мөн спортоор хичээллэхийг хүссэн дүүргийн нийт хүүхэд багачуудад бид нээлттэй байна гэдгийг хэлхэд таатай байна.

Б.ЗУЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж