Монголчууддаа Луврын музейг үнэгүй тайлбарлана

Хуучирсан мэдээ: 2014.12.09-нд нийтлэгдсэн

Монголчууддаа Луврын музейг үнэгүй тайлбарлана

Дэлхийн хамгийн их урын сантай, гайхалтай баялаг үзмэртэй Луврын музейг 2015 оны дуустал монгол тайлбарлагчаар үнэ төлбөргүйгээр тайлбарлуулан үзэх азтай завшаан тохиожээ.

Г.Оюунтунгалаг гэх бүсгүй 2012 оны тавдугаар сард Луврын музейг монгол хэлээр тайлбарлах эрхээ авсан юм байна.

Тэрээр “2012 оны 5 сард Франц улсад монгол хэлтнүүдийн хувьд нэгэн тэмдэглэлт үйл явдал тохиолж, Версалийн хааны ордон болон Луврын музейн нандин үзмэрүүд миний биеэр монгол хэл дээр тайлбарлагдахаар зөвшөөрөгдлөө.
(2012 оныг хүртэл би орос хэл дээр тайлбарлаж байсан билээ)
Тиймээ, би Франц улсын музейнүүд, cүм хийдүүд болон хааны ордууд түүний ойр орчмын дурсгалт газруудыг дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүмүүст танилцуулах мэргэжилтэй анхны монгол хүн.
Би энэ үйл явдлаа тэмдэглэн Парис хотод зочлон ирж буй Монгол ахан дүү нартаа, Версалийн хааны ордон болон Луврын музейг 2015 оныг дуустал үнэ төлбөргүйгээр тайлбарлан өгөх болно.

Намайг Парис хот руу хөтөлсөн алсын харгуй Санкт-Петербург хотоос эхтэй. Агуу Орос орны түүх соёлын гайхамшигт энэ хот надад хүүхдийн сурган сэтгэл судлалын мэргэжлээ түүх соёл урлагийн судлалаар баяжуулах эрмэлзлийг төрүүлсэн юм.
Парис хот дахь Европын Их сургуулийн соёл урлаг судлал, Луврын сургууль мөн Алдарт Сорбонны Их сургуулийн сүрлэг танхимуудад францын түүх судаллаа.
Би аялал бүрээ түүхийн гарцаагүй үнэн баримт нотолгоогоор чимэглэн, хэрхэн гайхалтай, өвөрмөц, давтагдашгүй, мартагдашгүй үйл явдал болгох жорыг мэддэг боллоо. Мэргэжил дээшлүүлэх давтан сургалтуудад байнга хамрагдаж, эртний болон үнэт эдлэлийн шинжээчийн мастер класс дүүргэсэн маань аялал бүрийг онцгой байлгах жороо тааруулахад минь тусладаг юм.
“Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эрдэм өвөрлөн ирнэ” хэмээх их зохиолчын хэлсэнчлэн буурал Парисын талаар сурсан мэдсэнээ Та бүхэнтэйгээ хуваалцахыг хүсч байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.

Т.АНУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж