Рублийн уналтаас болж Уралд биеэ үнэлэгчид хөлсөө 50-100 хувь нэмсэн тухай Оросын нэгэн сайтад бичжээ. Ам.долларын эсрэг рубль унаж буйгаас тус улсад биеэ үнэлэгч авах үйлчилгээг улам үнэтэй болж байгаа аж. ОХУ-д биеэ үнэлэхийг хуулиар хориглодог ч энэ төрлийн үйлчилгээ үргэлж байсаар ирсэн юм. Биеэ үнэлэгчид ОХУ-д дээд тал нь 2000 хүртэл рублиэр торгох эсвэл торны цаана суулгадаг аж. ОХУ-ын Дотоод хэргийн дэд сайд 142 сая хүн амтай тус улсад ойролцоогоор нэг сая орчим биеэ үнэлэгч бий гэж ярьж байсан удаатай.
Ам.долларын эсрэг рублийн ханшийн уналт цаашид ч үргэлжлэх төлөвтэй байгаа юм. ОХУ-ын эсрэг чиглэсэн барууны эдийн засгийн хоригийн нөлөөгөөр өнгөрсөн нэгдүгээр сараас хойш рубль ам.долларын эсрэг 40 хувь буураад байна.
В.Путиныг ерөнхийлөгч байсан 2000-2008 оны хооронд тус улсын эдийн засаг жилд дунджаар 7 хувиар өсч, өсөлт хоёр дахин нэмэгдсэн бөгөөд түүний ачаар В.Путин огцрохдоо ажил үйлдвэрлэлийн уналтын жилүүд төгсгөл болж, ОХУ дэлхийн 10 том эдийн засгийн нэг боллоо гэж ярьж байсан билээ.
Тэр үед Оросын удирдагчийн цээж нүцгэн зураг гадны хэвлэлүүдийн нүүрэнд гарч эхэлсэн нь үнэн хэрэгтээ Оросын иргэдийн дунд удирдагчийн нэр хүнд өссөнийх байв. Гэвч Украины хэрэг явдлаас үүдсэн АНУ, барууны орнуудын эдийн засгийн хориг арга хэмжээ болон эдийн засгийн доройтол, рублийн ханшийн уналт нь Оросын толгойн өвчин болоод байна.
Газрын тосны үнийн тогтворгүй байдал үүний гол фактор билээ. ОХУ-ын газрын тосны бүтээгдэхүүн 1999-2004 оны хооронд 50 хувиар нэмэгдсэн нь тус улсын эдийн засгийг өсгөсөн бол 2008 онд нэг баррель газрын тосны үнийг 140 ам.долларт хүргэж байв. (Өнөөдрийн нэг баррель газрын тосны үнэтэй харьцуулахад хоёр дахин их).
Гэвч өнгөрсөн хугацаанд ОХУ-ын макроэдийн засгийн үзүүлэлтүүд өндөр байсан ч эдийн засгийн хөдөлгөгч хүчнүүд нь туйлдсан гэж болно. 2014 оны эхээр, бүр Крымийг өөртөө нэгтгэхээс ч өмнө ам.долларын эсрэг рублийн ханш 10 хувиар буурч, хөрөнгийн гадагш урсгал 50 тэрбум ам.долларт хүрч байсан нь ОХУ-ын эдийн засгийн доройтлын эхний шинж тэмдэг байв.
Гэвч өнгөрсөн зун, намар АНУ, болон барууны орнууд Украиныг өөртөө нэгтгэсний хариу болгож, ОХУ-ын эсрэг эдийн засгийн хэд хэдэн хориг арга хэмжээ авснаас газрын тосны үнэ 30 хувиар буурч, В.Путины эхний 10 жилийн амжилтыг хөөс болгож мэдэхээр байна.
ОХУ-ын Сангийн сайд 2015 онд тус улсын эдийн засгийн өсөлтийг 1.2 хувьд хүрнэ гэж таамагласан. ОХУ-ын Төв банк өнгөрсөн хугацаанд рублийн уналтыг бууруулахын тулд 70 тэрбум ам.доллар зарцуулсан боловч ам.долларын эсрэг рубль 50 хувиар буураад байна.
ОХУ-ын Сангийн сайд 2015 оны эдийн засгийг өөдрөгөөр харж буй авч газрын тосны үнэ цаашид ч буурах төлөвтэй байгаа юм. ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин өнгөрсөн пүрэв гаригт сонсгосон илгээлтдээ “Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр. Эдийн засгийн хориг бүгдэд хор хөнөөлтэй, тэр дундаа хориг тавьсан орнуудад ч ялгаагүй” хэмээн мэдэгдсэн нь тус улсын эдийн засгийг онилсон АНУ, барууны эдийн засгийн хориг байгаа оносныг харуулж байна.
Оросын лидер тус улсын эсрэг явуулж буй эдийн засгийн хоригийг Украины хэрэг явдлаас үүдэлтэй АНУ болон түүний холбоотон барууны орнуудын арга барсан үйлдэл хэмээгээд тэд өөрсдийн эрх ашгийн төлөө ОХУ-ын нөлөө, боломжийг хаахын тулд эдийн засгийн хориг биш юмаа гэхэд өөр зүйл бодож олох нь гарцаагүй байсан” гэсэн юм.
Орчуулсан Н.ЭНХ