Дэд сайдын марафон эхлэв

Хуучирсан мэдээ: 2014.12.09-нд нийтлэгдсэн

Дэд сайдын марафон эхлэв

Засгийн газарт ажиллах сайдууд тодорсноор дэд сайдын марафон эхэллээ.

Нэрс эхнээсээ тодорч, хэвлэлүүд өөр өөрсдийн эх сурвалжаар дамжуулан олсон мэдээлэлдээ тулгуурлан бичиж байна. Хэдийгээр хэн дэд сайд болох тухай нь алагтай цоогтой ч парламент дахь суудлынхаа тоогоор намуудад квот ногдох нь тодорхой болжээ.

Ингэхдээ Засгийн газрын бүрэлдэхүүнээс хасагдсан ИЗНН-ыг илүү харж үзнэ гэх мэдээлэл байна

Өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрыг удирдан, барилга, нефть, банк, гар утасны оператор компаниудыг “дуэльд” дуудсан О.Магнай дарга Засгийн газрын бүрэлдэхүүнд багтаж ажиллахаар бэлтгэлээ хангаж эхэлсэн сураг дуулдана. УИХ-ын гишүүн Х.Баттулга тэргүүтнүүд ажиллаж, яамдыг тоочиглосон гэх. Гэхдээ энэ нь УИХ дахь намын бүлгүүдээс байгуулагдсан ажлын хэсгийн зөвшилцлөөс тодорхой болох зүйл.

Ажлын хэсгүүд одоогоор дэд сайд нарыг сөөлжүүлж томилох уу, үгүй юу гэдгийг эцэслээгүй байгаа аж.

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс байгуулагдсан ажлын хэсэг УИХ дахь МАН-ын бүлэгтэй зөвшилцөх хүрээндээ өмнөх жишгийг дагаж, дэд сайд нарыг сөөлжүүлж томилох санал тавьсан ч Ц.Нямдорж нарын гишүүд эсэргүүцжээ. Тэд “Сайд, дэд сайд нарыг нэг намаас томилохгүй бол ажил унагаж, бие биенээ дэгээдсээр таарна” гэсэн юм байна. Тиймээс МАН-ын бүлгээс тавьсан дээрх саналыг Ардчилсан нам хүлээж авбал Хууль зүй, Эрчим хүч, Аж үйлдвэр, Хүнс хөдөө аж ахуй, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Гадаад хэргийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам зэрэг нийт есөн яамны дэд сайд Ардчилсан намын угшилтай гишүүд байх нь.

Түүнийг батлах мэт Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаярыг Эрчим хүчний дэд сайд болгох тохироо хийгдсэн тухай дуулдлаа.

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг УИХ-аар батлах үед Цөмийн энергийн газрыг татан буулгах шийдвэр гарснаар цацрагийн хяналт нь Мэргэжлийн хяналтын газарт, ураны асуудал Уул уурхайн яаманд шилжих нь тодорхой болсон.

Хуулиараа агентлагийг удирдаж байсан албан тушаалтныг шууд “лааз өшиглүүлдэггүй”, дүйх албан тушаалыг санал болгодог учраас дэд сайд болохыг үгүйсгэх газаргүй аж.

Мөн Уул уурхайн сайдаар тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид томилогдох нь нэгэнтээ тодорхой болсон тул дэд сайд О.Эрдэнэбулган хуучин албаа залгуулна гэх яриа хүчтэй түгэж байна.

Түүнчлэн Хөдөлмөрийн дэд сайдаар тус яамны Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Б.Баттүвшинг, Батлан хамгаалахын дэд сайдаар Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөх байсан М.Хүдэрбаатарыг сойхоор ярьсан гэж байгаа ч дэд сайд нарыг сөөлжүүлж томилохгүй гэх тохиролцоондоо хүрвэл өөр яамны дэд сайд болгох, эсвэл бүр өөрчлөгдөж мэдэшгүй байна.

Харин МАН, МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн дэд сайд нарын тухайд нэр нь хараахан тодроогүй байна.

Гэхдээ МАХН Эрүүл мэндийн сайд, Батлан хамгаалахын сайд нарыг тодруулсан жишгээ барьж мэдэх аж. Энэ тохиолдолд өмнө нь дэд сайдын алба хашсан эрхмүүд зайгаа тавьж, өгнө гэсэн үг.

Г.НАРАН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж