Өнөөдрийг эхлэл цэгээ болгоё

Хуучирсан мэдээ: 2014.12.09-нд нийтлэгдсэн

Өнөөдрийг эхлэл цэгээ болгоё

-Бүх л үл ойлголцол, хар бараан бодол санаагаа ард үлдээгээр урагшаа харж алхвал нийтдээ хожих гаргалгаа байна. Үнэхээр л улс орны эрх ашиг, ард иргэдийн эрх ашиг гэж амтай болгон ярьж байгаа бол өнөөдрийг эхлэл цэгээ болгоё. Үүнийг л тоглоомынхоо дүрэм болгоё-

Огцорсон Ерөнхий сайд Н.Алтанхуягийн халуун намраар хийсэн “Засгийн газарт бүтцийн өөрчлөлт хийнэ” гэсэн мэдэгдлээс хойш улс орон хүлээлтийн байдалд өдөр хоногуудыг өнгөрөөж байна.

Засагт бүтцийн өөрчлөлт хийх асуудал тэртэй тэргүй УИХ-д хүрч шийдэгдэх учраас есдүгээр сараас хойш УИХ-ын чуулган эхлэхийг хүлээж сар боллоо, дараа нь засагт бүтцийн өөрчлөлт хийх Ерөнхий сайдаа огцруулчихаад төсвөө батлах гэж бас нэг сар боллоо. Одоо харин засагт бүтцийн өөрчлөлт хийх биш өрхийн тэргүүнийг нь хөөгөөд гаргачихсан гэрээ нураагаад гэрт байсан хүмүүс бүгд хамтарч гэрээ босгоё гэлээ.

Хүн болгон ядаж нэг унь өлгөх юм уу даа. Харин одоо хэн хэдэн унь өлгөх вэ гэдэг зөвшилцөл үргэлжилсээр

Хайран цаг хугацаа гэж халагламаар. Өнгөрөх цаг мөч болгон мөнгөөр тоологддог бизнес эрхэлдэгсэн бол өдийд дампуурлаа зарлахад хүрсэн нь ойлгомжтой.

Үнэндээ улс орны байдлыг компанийн засаглалын үүднээс аваад үзэх юм бол аль эрт дампуурчихсан. Ялгаатай нь компани дампуурлаа гэхэд ажиллагсад нь шууд гудманд гарч, ар гэр нь хоногийн хоолны мөнгөгүй болдог бол улс орноо дампууруулсан улстөрчид иргэд, бизнесийнхний төлсөн татварын мөнгөөр бүрдсэн төсвөөсөө цалингаа бэлэн авсаар суугаа.

Ер нь бодоод үзэхэд 2000 оноос хойш төрийн эрх мэдлийг 200 хүрэхгүй хүн зэрэглэл зиндаа нь өөрчлөгдөн барьсан тооцоо байна. Энэ 200 нь дотроо шар руугаа нэг шарваж, улаан руугаа ч нэг урвасан байх юм. Нэгэнт л нэмэгдэхүүний байрыг солиод нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүйгээс хойш зөвшилцөл нэртэй наймаагаа ил тод, бусдад хал балгүйгээр хийгээд, эрх мэдэл, мөнгөө хуваалцаад суувал доодсуудад ивээлтэй байх юм.

Суудлаасаа буусан Ерөнхий сайдын УИХ-аар батлуулсан Засгийн газрын бүтэц хэнд ч падлийгүй болж өөрчлөгдөв. Шийдвэр гаргуулах гэж байгаа нь ч, шийдвэр гаргаж байгаа нь хэний эрх ашгийг эхэнд эрэмбэлж байгааг үүгээр нотлогдоно.

Харъяалагдаж байгаа яам, агентлаг нь маргааш байх үгүй тодорхойгүй байхад өнөөдөр төрийн албыг чин сэтгэлээсээ гүйцэлдүүлээд суудаг хар хүн ховор.

Энэ бүх замбараагүй, эрүүл ухаанаар ойлгохын аргагүй бартаат зам дээр хуучин орос 69-тэй сэгсчүүлж яваа мэт байдлаа одоо цэглэвэл ямар вэ.

Залбираад ч, суварга бариулаад ч, хүчтэй багшид шавь ороод ч ариусахаа өнгөрсөн 200 дотроосоо л сэлгэхээс хойш эрх мэдлийн төлөөх тэмцлээ ухамсартайгаар зогсоож өнөөдрийг эхлэл цэгээ болговол яасан юм бэ гэсэн санал тавьж байна.

Өнгөрсөн цаг үеэ бидэнд ухаарал хайрладаг ч манай 200-д ухаарал ирэхээс өнгөрсөн. Тиймээс бүх л үл ойлголцол, хар бараан бодол санаагаа ард үлдээгээр урагшаа харж алхвал нийтдээ хожих гаргалгаа байна. Үнэхээр л улс орны эрх ашиг, ард иргэдийн эрх ашиг гэж амтай болгон ярьж байгаа бол өнөөдрийг эхлэл цэгээ болгоё.

Үүнийг л тоглоомынхоо дүрэм болгоё. Яагаад гэвэл хэзээ ч юм эхэлсэн эхлэл цэг буруу байсан нь өнөөдөр хэнд ч ойлгомжтой байна.

Алдааг давтах биш, залруулах алтан боломжийн өмнө бид иржээ.

Д.НАРАНТУЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж