-Энэ компанийг Монголын аль нэгэн аж ахуйн нэгж, албан тушаалтнаас биш ОХУ-ын иргэн Паушокоос худалдаж авсан бүх баримт бичиг хадгалагдаж байгаа-
Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин твиттер хуудсаараа 4 сая ам.долларын гүйлгээний баримтыг дэлгэж, энэхүү гүйлгээг "Алтан дорнод Монгол” компанитай холбоотой гэх асуудал хэвлэлээр гарч байгаа. Үүнтэй холбогдуулан тус компаниас өнөөдөр мэдээлэл хийлээ. Хурлын дараа "Алтан дорнод Монгол" компанийн тэргүүн дэд захирал Н.Цогтгэрэлээс дараах асуултад хариулт авсан юм.
-4 сая ам.долларыг танай компани хэн нэгэн рүү шилжүүлсэн гэх мэдээлэл гараад байна. Үүнд хариулт өгнө үү?
-Х.Тэмүүжингийн дэлгэсэн гүйлгээний баримт бол "Алтан дорнод Монгол" компанийн хүсэлтээр хамаарал бүхий компаниас бусад руу шилжүүлсэн төлбөрийн даалгаврууд байгаа. Энэ шилжүүлсэн мөнгийг ямар зорилгоор, хэнд шилжүүлсэн гэдгийг ерөнхий захирал Т.Ганболд өөрөө тайлбарлах болов уу. Энд нэг зүйл тодруулахад Алтан Дорнод Монгол компанийг худалдаж авсан мөнгө гэх тайлбар явж байгаа. Энэ бол ор үндэсгүй мэдээлэл.
-"Алтан дорнод Монгол" компанийг худалдан авахад манай улсын хэн нэгэн эрх мэдэлтэн оролцсон уу?
-Компанийг худалдан авах саналтай олон компани байсан болов уу. Тухайн үед хэвлэлээр ч энэ тухай гарч байсан. Харин жинхэнэ худалдаж авсан хүн нь иргэн Т.Ганболд. Гэхдээ энэ компанийг зуучлагчаар дамжуулж биш ОХУ-ын иргэн Паушокоос худалдан авсан. Энэ компанийг үүсгэн байгуулагч С.В.Паушокоос худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гарын үсэг зурж, Элчин сайдын яамаараа баталгаажуулж, бүх зүйлийг хууль дүрмийн дагуу хийсэн. Өөрөөр хэлбэл энэ компанийг ямар нэгэн улс төрийн албан тушаалтан, эрх мэдэлтэн, Монгол Улсын иргэнээр дамжуулан худалдан авсан асуудал байхгүй.
-Тус компанийг яг хэдэн төгрөгөөр, хэрхэн худалдаж авсан юм бэ?
-"Алтан дорнод Монгол" нь 1999 онд С.В.Паушокийн байгуулсан ОХУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани байсан. Алтны татвартай холбоотойгоор С.В.Паушоктой холбоотой иргэний болоод эрүүгийн багагүй маргаан үүсч, энэ асуудлаар олон улсын Арбитрийн шүүх шийдвэрээ гаргасан байдаг.. Арбитрийн шүүхээс татварын өрийг энэ компани Монгол улсад төлөх нь зүйтэй гэсэн шийдвэр гарсны дараа С.В.Паушок компаниа худалдсан. 2011 оны есдүгээр сард худалдагч талаас С.В.Паушокоос худалдан авагч Т.Ганболд нар гарын үсэг зурж, хоорондоо гэрээ хийсэн. Монголын ОХУ-д суугаа ЭСЯ-ны Консулаар "Алтан дорнод Монгол" компанийг хуулийн дагуу иргэн Ганболд худалдан авсныг нотолж нотариатжуулсан. Нийт 300 гаад сая ам.долларыг зарцуулсан. Энэ мөнгөн дүнд улсад төлөх их хэмжээний өр, нийгмийн даатгалын өр, ажиллагсдад дөрвөн жил өгөөгүй цалин, "Иточу" корпорацид төлөх өр, ОХУ-ын банкинд төлөх өр болон манай улсын арилжааны банкуудаас авсан өр төлбөр багтсан байсан.
Д.ЖАРГАЛ