“Нийслэл лиг”-ийн нэгдүгээр тойргийн тэмцээн дуусахад цөөхөн тоглолт үлдлээ. Лиг эхэлснээс хойш нэг ч хожилгүй явсан зургаан удаагийн аварга “Эрчим” клуб сүүлийн жилүүдэд өндөр амжилттай яваа “Улаанбаатар” дээд сургуулийн багийг 2:1-ээр буулган авснаар таван оноотой болж жаахан ч гэсэн амьсгаа авахаар боллоо. Багтаа сэргэлт авчирсан гоолыг японы легионер Минами Ёсүкэ, Э.Пүрэвсүрэн нар оруулжээ. Харин эсрэгээрээ лигийг амжилттай эхлүүлсэн “Улаанбаатар” дээд сургуулийнханд багийн гол тоглогчдын бэртэл гэмтэл шууд нөлөөлж байна. “Эрчим”-д хожигдсоныхоо дараа тэд гуравдугаар байрт жагсах болов. Лигийн 23 дахь тоглолтод “Хүлгүүд”-ийн талбайдаа “Улаанбаатарын мазаалайнууд”-ыг хүлээн авч 3:0-ээр бут ниргэлээ. “Гоолын машин” хэмээн нэрлэгдэх болсон Б.Нямжигжид энэ тоглолтод дубль хийсэн бол олон улсын хэмжээний мастер Д.Баярзориг үүнд нь хачир нэмлээ. Ингэснээр тэд мэргэн буучдын жагсаалтын тэргүүлэгчдийн эгнээнд орж ирлээ. Тоглолтоос тоглолтод “Хүлгүүд”-ийн тоглогчдын ойлголцох чадвах нэмэгдэж байгаагийн тодорхой жишээ энэ байлаа. Өнгөрсөн жилийн аварга “Хангарьд” энэ удаагийн лигт тун тааруу тоглож хомоол хамагчдын тоог нэгээр нэмсэн. Тэд өчигдөр орой лигийн шинэ цэрэг “FC Ulaanbaatar”-ыг талбайдаа хүлээн авсан байна. Хөлбөмбөг сонирхогчдод дуулгах сонирхолтой мэдээ гэвэл “FC Ulaanbaatar”-ынхан солилцооны цонхоор 2010 оны ДАШТ-д оролцож байсан БНАСАУ-ын хоёр тамирчинг багтаа авах гэрээ байгуулаад амжжээ. Ингэхээр тэд хоёрдугаар тойргоос эхлэн нэлээд хүчирхэг бүрэлдэхүүнтэй болох нь. Монголын хөлбөмбөг сонирхогчид ч ДАШТ-д хүчээ өгсөн тамирчдын ур чадварыг нутагтаа үзэх боломжтой болж байна. Солилцооны цонхыг долдугаар сарын 1-нд нээх бөгөөд 14 хоног үргэлжлээд хаагдах юм.
Лигийн тэмцээний хүснэгт:
Лигийн тэмцээний хүснэгт:
Хоромхон /Сүхбаатар дүүрэг/ 6 тоглолт 14 оноо
Хүлэгүүд /Сүхбаатар дүүрэг/ 6 тоглолт 12 оноо
Улаанбаатар Дээд Сургууль /Баянзүрх/ 6 тоглолт 8 оноо
Сэлэнгэпресс /Баянзүрх/ 6 тоглолт 8 оноо
Улаанбаатарын мазаалайнууд /Хан-Уул/ 6 тоглолт 6 оноо
Хангарьд /Орхон аймаг/ 5 тоглолт 5 оноо
Эрчим /Баянгол/ 6 тоглолт 5 оноо
FC Ulaanbaatar /Чингэлтэй/ 5 тоглолт 4 оноо
Зохиогчийн эрх: “Спортын шуудан” сонин