Их Британи Каир дахь ЭСЯ-аа хаажээ

Хуучирсан мэдээ: 2014.12.08-нд нийтлэгдсэн

Их Британи Каир дахь ЭСЯ-аа хаажээ

 

Египетийн нийслэл Каир хот дахь Их Британийн Элчин сайдын яам өчигдөр /XII.7/ аюулгүй байдлын улмаас хаалгаа барьжээ. Мөн Австралийн Засгийн газар иргэдээ Египет рүү аялах талаар сайтар тунгааж үзэхийг анхааруулсан байна. Ийнхүү Барууны бусад орны зүгээс Каирт оршин сууж буй иргэдийнхээ аюулгүй байдалд санаа зовниж буйгаа илэрхийлснээр Египетийн албаныхан хамгаалалтаа нэмэгдүүлжээ.

 

Египетийн Засгийн газраас мэдээлснээр исламын зэвсэгт босогчид тэсрэх бөмбөг бүхий халдлага үйлдэх нь эрс нэмэгдсэн гэнэ. Египетийн Засгийн газраас экс Ерөнхийлөгч Мухаммед Мурсийн “Мусульман ахан дүүс” хөдөлгөөнийг исламын террорист байгууллага хэмээн зарлаад буй. “Мусульман ахан дүүс” хөдөлгөөн Египетийн арми цэргийн эргэлт хийж төр, засгийн эрхийг булаасныг эсэргүүцсэн тэмцсэнээс террорист бүлэглэл гэж нэрлэгдэх болжээ. Египетэд “Мусульман ахан дүүс” хөдөлгөөний тэргүүн, гишүүд, дэмжигч олон мянган хүнийг хомроглон баривчилж, түрүүчээс нь олон жил шоронд хорих, цаазаар авах ялаар шийтгэж эхэлсэн билээ.

 

Каирт Их Британийн Элчин сайдын яам АНУ-ын консулын газрын замын эсрэг талд байрладаг байна. Каирт АНУ-ын Элчин сайдын яамны өмнүүрх замаар автомашин явахыг өнгөрсөн жил хориглосон аж.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: ABC news, Dailymail.co.uk

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж