Догшин “соёолонгуудын” ир

Хуучирсан мэдээ: 2014.12.08-нд нийтлэгдсэн

Догшин “соёолонгуудын” ир

-Үндэсний бөхийн залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээний сурвалжлага-

Сүүлийн хэдэн жил Дархан-Уул аймагт уламжлал болгон хийгдэж байгаа үндэсний бөхийн залуучуудын улсын аварга шалгаруулах барилдаан энэ амралтын өдрүүдэд болж өнгөрөв. 1994, 1995 онд төрсөн үндэсний бөхийн дэвжээнд тодорч байгаа шилдэгүүд маань алдарын их овооныхоо оройд чулуу нэмэхээр өгсөж байна. Тэд доод тал нь дөрөв цаад тал найман жил зодог шуудаг өмссөн өөрийн арга барилтай, бас улс аймгийн цолтнууд шиг хаялцах барьцанд хүртлээ удахгүй, урамтай, уран билээ. Ёстой л соёолон морьдын уралдаан.

Д.Аззаяа-Б.Серик хоёр өрлөө

Багшийн заасан мэх

Улсын аваргад газар газрын 168 хүчит бөх зодоглон барилдлаа. Тэд 15 зоонд сугалаа татан хуваагдсан. Тэмцээн эхлээд хэдэн тойрог явсны дараа ерөнхийдөө шилдэгүүд ялгарч эхлэв. Аваргын М.Отгонбат өөрийн сургуулийн Өмнөговийн Мөнхбаярын ганган гар ачаанд шороодсон. Мөнөөх хоёрын багш Б.Адъяахүү “Мэх ганцддаггүй л юм байна даа. Ганц гар ачаатай…” гэж суув. Орхоны О.Мөнх-Эрдэнийг өнөө жил Чадраабалын Бямбадорж заан дасгалжуулж авчирчээ. Увс аймгийн Наранбулаг сумын харьяат Шонхор дээд сургуулийн оюутан Б.Батбаян аргагүй улсын аваргын медальтай бөх гэдгээ харуулж тал талын авьяаслаг барилдаанаар даваагаа ахиулж, Завханы Их-Уулын Г.Бямбажаргал унаагүй зоогоо хошуучилж, Энхбатын Жүгдэрнамжил догшин барилдаанаа үзүүлж, Э.Өлзийсайхан ганцхан солгой тонгороотой бөх биш гэдгээ нотолж, Эрхэмээ аваргын Т.Лхагвасүрэн элдэвтэй барилдаанууд хийж, Баянмөнхийн Гаажадамба нягтарч, Б.Серик хий зай өгөлгүй өрсөлдөгчдөө дарсаар, Будаагийн Батсайхан бярдаж, Я.Бумбаяр баруун зүүн хөлийг сурамгай аван гялалзаж тэмцээн ерөнхийдөө тааврын дагуу өрнөж байлаа. Харин тэдэн дунд эрүүндээ сахалтай хөх далбаатай урьд хожид хараагүй нөхөр шоволзож байсан нь Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат Цогтгэрэлийн Билэгжаргал байлаа.

Харин наймдугаар тойрогт Б.Сериктэй учраа таарсан Аварга дээд сургуулийн оюутан М.Отгонбат зүүн хөлийг нь алдалж аван ямар ч зай өгөлгүй шороодуулж заалыг шуугиулав. Түүний багш Дундговийн М.Отгонбат, Дорноговийн Б.Бадрал нарыг хөл авдаг болгоно хэмээн ярьдаг нь оргүй үг биш бололтой. Эхний зооноос Аваргын Б.Бямбачулуун нэг унаатай, Б.Серик мөн нэг унаатай, М.Отгонбат хоёр унаатай болж, эцсийн мөчид Б.Бямбачулуун Б.Сериктэй хүч үзэв. Хэрэв Б.Серик хаявал шууд нэгээр гарах, Б.Бямбачулуун давбал Өлгийн найдвар тасарч, Аваргын хоёр зооноосоо гарах болоод байв. Хашир арслан хий гаргалгүй даваагаа авч хэсгээ тэргүүлэв. Хоёр дахь зооноос Архангайн Эрдэнэмандалын Зоригтын Мөнх-Эрдэнэ, Дэлгэрхааны Даваасүрэнгийн Аззаяа нар унаагүй явсаар эцсийн тойрогт хүч үзэж Азаа начин тумбарайнаас орхиж хэсгээ тэргүүлцгээв. Гурав дахь зоог Увсын начин Очирын Баярцогт тэргүүлж чигээрээ гарч, Дарханы Б.Төрбат удаалав. Дөрөв дэх зооноос Батбилэгийн Батбаян унаагүй тэргүүлж, аймгийн начин Сарангэрэлийн Буянсүрэн Өмнөговийн Л.Отгончулууныг мулталснаар дагах эрхийг олов. Тав дахь зоог Аваргын Х.Ариунбаатар (Ж.Бат-Эрдэнэ гарьдын хамаатан) мөн л унаагүй тэргүүлж, төрийн наадмын түрүү бөхийн садан Э.Лхамхүү хоёроор гарч ирлэ. Зургаа дахь зоонд олон сайчууд багтаж ядан байв. Энэ хэсгээс өсвөр үеийн улсын аварга Б.Зоригтбаатар хоёр унаатай нэгээр гарч, Аваргын Г.Гүнсумъяа, И.Мандах, Мөнх-Эрдэнэ, Б.Эрдэнэбаяр Шонхорын Б.Данзанрагчаа нар ижил долоон даваатай бие биенээ тойрч хаясан байлаа. Нэмэлт барилдааны дүнд Эрдэнэсантын Идэрийн Мандах хоёроор гарсан.

Я.Бумбаяр Б.Серикийг хутгаад ингэж унасан

Долоо дахь хэсгийг Аваргын Ядамсүрэнгийн Бумбаяр төвөггүй тэргүүлж, Ш.Зоригтын шавь Э.Энхтүвшин хоёроор гарлаа. Найм дахь хэсгээс Будаагийн Батсайхан, Ховдын Л.Цэнд-Аюушийн дүү Л.Ням-Очир нар шалгарчээ. Ес дэх хэсгийг Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат Шонхор сургуулийн оюутан Баяржаргалын Очирхуяг тэргүүлэн гарч, мөн сургуулийн оюутан Энхбатын Жүгдэрнамжил хоёроор гарлаа. Арав дахь хэсгээс Хөвсгөл аймгийн Рашаант сумын харьяат Шавь клубийн бөх Гансүхийн Буянбат шалгарч, Сэлэнгийн Б.Ганбаяр удаалав. Энэ хэсэгт сайн барилдсан аймгийн харцага Ж.Бадралын дүү Ж.Оргил хараахан шалгарч чадалгүй мултрав. Арван нэгдүгээр зоог Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат сумын заан Энхмэндийн Өлзийсайхан итгэл төгс тэргүүлж, Шонхорын Тодсайханы Төгсжаргал хоёроор шалгарч хагас шигшээд үзэх эрх оллоо. Арванхоёрдугаар хэсэгт Чойрын Энхтөрийн Мөнхбаатар, Аваргын Улаандалайн Цэнпүрэв, Төв аймгийн Батмөнийн Содхүү, Сэлэнгийн Товуусүрэнгийн Лхагвасүрэн нар багтсан байлаа. Сонирхолтой нь хэний ч тааварлаагүй Хэнтийн П.Цагаан-Өвгөн нэгээр шалгарч, Зүүнхараагийн Т.Лхагвасүрэн хоёроор шалгарав. Э.Мөнхбаатар энэ хэсгээс хоёр унаатай мултрав. Арвангуравдугаар хэсгээс Булганы Цогтгэрэлийн Билэгжаргал төвөггүй шалгарч, Орхоны О.Мөнх-Эрдэнэ удаалав. О.Мөнх-Эрдэнэ урт мөртлөө унаа холтой, уян барилдааны үзүүллээ. Арвандөрөвдүгээр хэсгээс Шонхорын Г.Бямбажаргал, Алдартаны Т.Эрхэмбаяр, Шонхорын Б.Сэр-Од нар нэг унаатай тойрон барилдаж Б.Сэр-Од нэгээр, Т.Эрхэмбаяр хоёроор шалгарав. Завхан аймгийн Их-Уул сумын харьяат Г.Бямбажаргал найман тойрог дараалан давж, эцсийн мөчид Б.Сэр-Одод унаснаар шигшээд шалгарч чадсангүй. Арвантавдугаар хэсгээс Б.Серикийн багийн нөхөр Баянмөнхийн Гаажадамба тэргүүлэн гарч, Сэлэнгэ аймгийн харьяат Оргодол хоёроор шалгарч хагас шигшээд хүч үзэж 30 бөхийн нэр тодров.

Б.Серик Б.Батсайхан хоёрын хүч шавхсан барилдаан

Хагас шигшээ

Хагас шигшээд шалгарсан 30 бөхийг дахин гурван хэсэгт арваар нь бүсчилэв.Гурван хэсгийг маш товчоор дүгнэвэл нэгдүгээр хэсэг Б.Зоригтбаатар, Э.Жүгдэрнамжил нарын догшин барилдаантнуудын, хоёрдугаар хэсэг Д.Аззаяа, Б.Гаажадамба, Т.Төгсжаргал гээд нягт барилдаантнуудын, гуравдугаар хэсэг өндөр О.Мөнх-Эрдэнэ, өчүүхэн Т.Лхагвасүрэн, баялаг барилдаантай Б.Батбаян, бяртай Б.Батсайхан, нягт Б.Серик, нээлт болсон Ц.Билэгжаргал гээд холимог бүрэлдэхүүнтэй байлаа. Барилдаан эхлээд удаагүй байхад А хэсгээс С.Буянсүрэн, Б хэсгээс Б.Сэр-Од, С хэсгээс П.Цагаан-Өвгөн нар тэмцээнийг орхисон юм. Эдгээр хүчитнүүдийн оронд дээр дурдсан хүчитнүүд шалгарсан бол тэмцээний үр дүнд нэлээд өөрчлөлт гарах байсан болов уу. Харин тэмцээний явцад хэсгээс дөрөв биш таван хүн шалгаруулах болж тэмцээн зохион байгуулагчид болоод багш нарын хооронд багагүй маргаан өрнөөд авсан билээ. Шигшээд 15 хүн шалгарах болсноор тэмцээн цааш үргэлжлэв. Нэгдүгээр хэсгийг Архангайн Б.Зоригтбаатар нэг ч уналгүй галзуурсаар тэргүүлж, О.Баярцогт зургаан унаатай удаалж, Т.Эрхэмбаяр, Э.Лхамхүү, Э.Жүгдэрнамжил нар хэсгээс гарч шигшээд хүч үзэх болов. Хоёрдугаар хэсгээс Э.Өлзийсайхан Д.Аззаяаг нааж хавирах мэхээрээ орхиж найман даваатай тэргүүлэв. Э.Өлзийсайхан заан Дарханы Г.Буянбатад суйлуулж унаад дахиж өвдөг шороодоогүй юм.

Хагас шигшээгийн сугалаа татахаар

Д.Аззаяа начин мөн найман даваатай удаалж, Я.Бумбаяр, Т.Төгсжаргал, Г.Буянбат нар шигшээд үлдэв. Гуравдугаар хэсгээс Б.Серик арслан төвөггүй 9 давааг золгооноос авч, О.Мөнх-Эрдэнэ, Б.Батбаян, Б.Батсайхан нар ижилхэн зургаан даваатай, Булганы Ц.Билэгжаргал таван даваатай шалгарч аваргын төлөө үзэх эрхийг олцгоов.

Өлгийнхөн аварга өлгийдөв

Шигшээд Алдартнаас дөрөв, Шонхороос хоёр, Аваргаас хоёр, Шавь клуб хоёр, Хангарьдаас хоёр, Хөвсгөлөөс нэг, Аврагчаас нэг, Булганаас нэг бөх үлдээд байв. Тойрог эхлэсэн цагаас Э.Жүгдэрнамжил салхилж Ц.Билэгжаргалыг зүүн хонгодож, Б.Батсайханыг ард гарч, О.Мөнх-Эрдэнийг баруун тонгорч, Г.Буянбатыг шуудагнаас татаж, Э.Лхамхүүг барьцгүй хавирч дараалан таван давааг нүд ирмэхийн зуур авсан юм. Түүнийг зургадугаар тойрогт Т.Эрхэмбаяр өвдөг шоруудуулснаар ир нь нэлээд дарагдах шиг болсон. Энэ хоёр хүчтэн хагас шигшээгээс эхлэн гурван удаа хоорондоо хүч үзсэн юм. Ядамсүрэнгийн Бумбаяр эхний гурван тойрог дараалан унаж медальтнаас хасагдаж эхлэв бололтой. Гуравдугаар тойрогт Д.Аззаяа Булганы Ц.Билэгжаргалын солгой хутгаанд тонгойж үзэгчдийг шуугиулав. Б.Серик даваагаа авсаар, Э.Лхамхүү гарын бэртлийн улмаас төдий л хүч шавхсан барилдаан хийхгүй байлаа. Б.Зоригтбаатар эхний тойрогт О.Баярцогтод тонгоруулж, хоёрдугаар тойрогт Б.Серикт тохуулж унасан ч цаашаа урамтай сайхан барилдаан үзүүлсээр байв. Д.Аззаяа зургадугаар тойрогт нэг сургуулийн Я.Бумбаярт унав. Орхоны О.Мөнх-Эрдэнийг Б.Батбаян, Э.Өлзийсайхан, Э.Жүгдэрнамжил нар дараалан тонгорч давлаа. Эндээс үзэгчид “Өндөрийг тонгор…” хэмээн шуугилдах болсон юм. Э.Өлзийсайхан Я.Бумбаяртай дөрөвдүгээр тойрогт маргаж тахим буулгасны дараа барилдааны идэвх илт сулрах шиг санагдсан. Аравдугаар тойрогт Б.Серик Д.Аззаяа нар хүч үзэв. Энэ хоёрын барилдаан дуулиантай болох болов уу хэмээн үзэгчид таамаглаж байсан ч хүлээлтэд хүрэх барилдаан гарсангүй.

2013 оны өсвөр үеийн улсын аварга Батсүхийн Зоригтбаатар

Даваасүрэнгийн Аззаяа начин давхар шуудагнаас мөргөж орхин арслангийн шигшээ барилдааны анхны унааг өгөв. Харин энэ жилийн улсын аваргын оргил гэмээр барилдаан арваннэгдүгээр тойрогт гарлаа. Барилдсан цаг, урсгасан хөлс, шалгасан тэвчээр, үзэгчдийн уухай шуугиан, барилдааны үр дүнгийн нөлөөлөл нь хамгийн лут байсан юм. Энэ бол Б.Серик, Архангай аймгийн Цэнхэр сумын заан Будаагийн Батсайхан нарын тулаан байв. Хэрэв Б.Серик унавал хоёр унаатай болж, хоорондын барилдаандаа Д.Аззаяад унасан тул өнгөрсөн жилийн гашуун түүхээ давтаж мэдэх байдалд ороод байлаа. Хүч шавхан удтал хүч үзээд дан, давхар золгооноос задарч хаялцах барьцнаас барилдаан үргэлжлэх болов. Б.Серик арслангийн талаар шоо буужээ. Бередемуратын Серик бяртай зааны алсын сүвээнээс атгасаар ард нь гарч мэхээ гүйцээсэн юм.

Уран барилдааны шагнал авсан Энхбатын Жүгдэрнамжил

Д.Аззаяа догшин ширүүн барилдаантай үеийн нөхдөө өөрийн дархан тумбарайнд оруулж алдаа хийгүй барилдаж даваагаа ахиулсаар хамгийн сүүлийн тойрогт Т.Төгсжаргалыг орхисон юм.

Ингээд эцсийн дүн гарахад:

  1. Б.Серик Аврагч
  2. Д.Аззаяа Аварга
  3. Т.Төгсжаргал Шонхор
  4. Б.Батсайхан Шавь клуб
  5. Я.Бумбаяр Аварга
  6. Б.Зоригтбаатар Хангарьд
  7. Э.Өлзийсайхан Хөвсгөл
  8. Т.Эрхэмбаяр Алдартан
  9. Б.Батбаян Алдартан
  10. Э.Жүгдэрнамжил Шонхор
  11. О.Баярцогт Алдартан
  12. О.Мөнх-Эрдэнэ Хангарьд
  13. Ц.Билэгжаргал Булган
  14. Г.Буянбат Шавь клуб
  15. Э.Лхамхүү Алдартан

Уран барилдааны шагналыг Э.Жүгдэрнамжил, өсөх ирээдүйтэй бөхийн шагналыг О.Мөнх-Эрдэнэ нар гардлаа.

Өнөө жилийн үндэсний бөхийн залуучуудын улсын аварга урд урдынхаас онцлууштай нь догшин омголон барилдаантай хүчитнүүдийнх байв.

Багийн дүнгээр мөнгөн медаль, тавдугаар байртай Б.Адъяахүү дасгалжуулагчтай Аваргын баг тэргүүлж, Б.Батбаатар дасгалжуулагчтай Шонхор удаалж, Д.Бумбаяр дасгалжуулагчтай Алдартан клуб хүрэл медалийн болзол хангасан юм.

Н.ТЭНГЭР

Эх сурвалж: www.horom.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж