Урт наслалтын нууц – илчлэг багатай хоол хүнс

Хуучирсан мэдээ: 2014.12.08-нд нийтлэгдсэн

Урт наслалтын нууц – илчлэг багатай хоол хүнс

Хэдхэн хоногийн өмнө дэлхийн хүн амын тоо 7 тэрбумд хүрлээ. Хүний түүхийн ихэнх хугацаанд хүн амын тоонд томоохон өөрчлөлт гараагүй байсан бол үйлдвэржилтийн хувьсгалаас хойш эрс нэмэгдэн энэ зууны эцсээр 10 тэрбумд хүрэх төлөвтэй байна. Үүнд нөлөөлсөн гол хүчин зүйлийг анагаах ухааны хөгжлийн үр дүн хэмээн эрдэмтэд дүгнэж байгаа юм. Энэ нь сүүлийн хагас зуу гаруй жилийн хугацаанд эмчилгээний чанар эрс дээшилж, хүнийг үхэлд хүргэх өвчин эмгэгүүдийг амжилттай эмчилж, улмаар хүмүүс харьцангуй урт наслаж байгаатай холбоотой юм. 1950-аад оны үед дэлхийн хүн амын дундаж наслалт 48 байсан бол одоо 69 болж 20-оод жилээр уртасчээ. Эрдэмтэд урт наслалтын нууцыг цуцалтгүй эрж хайсаар ирсэн бөгөөд шинжлэх ухааны сүүлийн үеийн ололтууд хүмүүст илүү урт наслах боломжийг олгож, урт наслах, залуужих илүү үр дүнтэй аргуудыг санал болгож байгаагийн нэг нь бага илчлэгтэй хоол тэжээл хэрэглэх арга (calorie restriction) юм.

1934 онд Cornell-ийн их сургуулийн эрдэмтэд хоол тэжээлийн илчлэгийн хэмжээ лабораторын хулганы наслалтад хэрхэн нөлөөлж байгааг судалжээ. Уг судалгаагаар бага хэмжээний илчлэг бүхий хоол тэжээл өгч байсан хулганы нас дундаж хэмжээний илчлэг бүхий тэжээлээр хооллож байсан хулгануудаас 2 дахин илүү байгааг анх ажигласан байна. Сүүлд удаан хугацаагаар хоол сойх туршилтад оруулсан микро организмуудаас авахуулаад өт, жимсний ялаа, зарим төрлийн загас зэрэг янз бүрийн амьтдын насыг 30-60% уртасч байгааг тогтоосон байдаг.

Харин физиологийн хувьд хүнтэй хамгийн ойр гэгддэг сармагчинд хийгдсэн судалгааны үр дүн 2009 онд Sciense сэтгүүлд нийтлэгдсэн юм. Wisconsin их сургуулийн Ricki J. Colman and Richard Weindruch нарын удирдсан судалгааны баг 1989 онд, насанд хүрсэн 30 сармагчинтайгаар туршилтаа эхэлсэн бол, 1994 онд 46 сармагчинг нэмж оролцуулан 20 хүртэлх жилийн турш өөр өөр хэмжээний илчлэг бүхий тэжээл өгч туршсан байна. Туршилтаар эхний бүлэг сармагчингуудад хоол тэжээлийг хүссэн хэмжээгээр нь, бусад сармагчингуудад дундаж хэмжээнээс 30% бага илчлэг бүхий хоол тэжээл өгч байжээ.

Сармагчингийн хөгшрөлтийн гадаад шинж тэмдэг хүнтэй төстэй хэлбэрээр илэрч нас өтөлсөн сармагчингийн нүүр болон биеийн арьс унжиж үрчлээтэн, үс нь гууждаг байна. Туршилтын үр дүнгийн жишээ болгон танилцуулсан сармагчингууд (фото зураг) 27, болон 29 настай бөгөөд хүнээр зүйрлэвэл 80 орчим настай юм. Хоол тэжээлийн илчлэгийн ялгаа сармагчингийн зөвхөн гадаад дүр төрхөнд нөлөөлсөнгүй. Хөдөлгөөний идэвхтэй байдал, булчингийн хүч чадал, насжилтаас шалтгаалах өвчлөл зэрэг олон шинж тэмдэгээр хоол сойсноос хөгшрөлт удааширч залуужин, улмаар урт наслаж байгаа нь нотлогджээ. Үүгээр ч зогсохгүй чихрийн шижин, хорт хавдар, тархи, зүрхний хүнд хэлбэрийн өвчлөлүүдийн эрсдэл эрс багасч байгааг илрүүлсэн байна. Туршилтын хугацаанд хүссэн хэмжээгээр нь хооллож байсан сармагчингуудийн 50 % нь үхэж үрэгдсэн бол бага илчлэг бүхий хоол өгч байсан сармагчингуудын 80% нь амьд үлджээ.

Дэлхий дээр хамгийн урт насладаг хүмүүсийн тоонд Японы Окинава арлын оршин суугчид ордог. Америк, Японы эрдэмтэд хамтран окинавачуудын хооллолтын байдлыг судлаж үзээд оновчтой хэмжээний калор бүхий хоол хүнс хэрэглэж байгаа нь урт наслалтын голлох шалтгаан гэж дүгнэсэн байдаг. Хонолулугийн Анагаахын сургуулийн John A. Burns-ын судалгаагаар Окинавагийн оршин суугчдын хоол тэжээлийн илчлэгийн хэмжээ хүний биеийн жин болон өндөртэй харьцуулан гаргадаг дундаж хэмжээнээс 11% бага байгааг тогтоожээ. Тэдний дундаж наслалт америкчуудтай харьцуулахад 5 жилээр, япончуудын дундаж наслалтаас 18 сараар тус тус өндөр байдаг байна.

2009 онд Германы Munster их сургуулийн эрдэмтэд 52-68 насны хүмүүсийг 30%-ын бага илчлэг бүхий хоол хэрэглэх туршилтад оруулахад оролцогчдын ой тогтоолтын хэмжээ 30 орчим хувиар нэмэгдэж байсан байна. Эдгээр болон бусад олон туршилт, судалгааны үр дүнд амьтадтай адил хүн ч бас илчлэг багатай хоол хүнс хэрэглэснээр насжилттай холбоотой элдэв өвчинд нэрвэгдэх магадлал багасч, урт наслах боломжтой гэдгийг тогтоосон юм. Харин дээр дурдагдсан туршилтын амьтадтай харьцуулахад харьцангуй урт насладаг хүнийг оролцуулсан удаан хугацааны туршилт хараахан хийгдээгүй байгаа учир илчлэгийн хэмжээг ямар хэмжээгээр багасгаж хэдэн жилээр урт наслаж болох вэ гэдэг талаар одоогоор тодорхой хариулт өгөх боломжгүй юм. Зарим эрдэмтэд 15% бага илчлэгтэй хоол хэрэглэдэг хүний нас 10-20 жилээр уртасна гэх мэтээр таамаглах тохиолдол байдаг байна.

Урт наслахын тулд хоол тэжээлийн илчлэгийн хэмжээг бага байлгах шаардлагатай. Гэтэл хэт багасгаснаас бие махбодод шаардагдах энергийн дутагдалд орвол эргээд хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх асуудал гарна. Мөн хоол сойх нь олон хүнд сэтгэлзүйн хувьд даван туулахад бэрхшээлтэй санагддаг. Хоол тэжээлийн илчлэг хүний биеийн BMI үзүүлэлтээр тооцон гаргадаг хэмжээнээс яг хэдэн хувиар бага байх нь зохистой вэ гэдэг талаар эрдэмтэд хүн дээр туршилт хийж үзсэн байна. Илчлэгийг 40% хүртэл хэмжээгээр бууруулах нь урт наслахад нөлөөлөх хамгийн сайн үзүүлэлт боловч сэтгэлзүйн хүчин зүйлийг тооцож үзээд дундаж хэмжээг 10-35% бага байхад хангалттай гэж үзжээ.

Бага илчлэгтэй хоол тэжээл хэрэглэх арга нь (calorie restriction) нь бие махбодын хувьд дундаж болон тарган хүмүүст тохиромжтой гэж үздэг. Харин жин барих зорилгоор бага хэмжээгээр хооллож хэвшсэн эмэгтэйчүүд, хөгшрөлтөөс үүдэн хоол боловсруулах эрхтэний үйл ажиллагаа алдагдсан өндөр настангуудад нэмж хоолоо сойх нь тэдний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө гэдгийг мэргэжилтнүүд анхааруулж байна. Мөн хэсэг хугацаанд хоолоо сойгоод орхих бус амьдралын туршид бага илчлэг бүхий хоол хүнс хэрэглэж хэвших нь урт наслахад илүү эерэг нөлөө үзүүлдэг байна. Бага илчлэгтэй хоол хэрэглэхэд заавал махнаас татгалзах, цагаан хоолтон болох шаардлагагүй бөгөөд хэрэглэж заншсан хоол тэжээлийнхээ илчлэгийг тооцож, түүний үндсэн дээр орц хэмжээг багасгахад хангалттай гэгддэг. Харин ус болон хүний биед шаардлагатай эрдэс бодисын хэрэглээг багасгахгүй байхыг зөвлөдөг байна.

Цусан дахь холестерины хэмжээ ихэсч, судасны хананд өөхлөг давхрага хуралдах, улмаар цусны даралт ихсэж, гэнэтийн үхэлд хүргэх нөлөөтэй зүрх судасны системийн хүнд өвчлөлд нэрвэгдэх магадлал эрс ихэсдэг гэх мэтээр хэт их идэх, буруу хооллолттой холбоотой олон сөрөг нөлөөг бид мэддэг. Энэ бүхнээс зайлсхийхийн тулд спортоор хичээллэх, хорт зуршлаас ангижрах зэргийг зөвлөдөг боловч уураг, эрдэс бодис, илчлэгийн зохистой харьцаа бүхий, зохистой хооллох нь голлох нөлөөтэй гэдгийг эрдэмтэн мэргэд ч зөвлөсөөр ирсэн, бид бүхэн ч тэгж ойлгож, хэрэгжүүлэх гэж оролдсоор байгаа билээ. Харин бага илчлэг бүхий хоол хэрэглэхэд хүний бие махбодид ямар ямар процесс явагдсаны үндсэн дээр урт наслах нөхцөл бүрддэг тухай огт дурдаагүйг уншигч та анзаарч байгаа байх.

2000 онд Massachusetts-ийн технологийн хүрээлэнгийн эрдэмтэд Sirtuin хэмээн нэрлэгдэх бүлэг генийг нээсэн байдаг. Энэ бүлэгт хамаарагдах Sir2 гени хүнийг урт наслахад голлон нөлөөлж урт наслалтын ген гэж нэрлэгдэж байгаа юм. Энэ генийн тухай, мөн урт наслахын тулд зөвхөн хоолоо сойх бус, биотехнологи, генетикийн шинжлэх ухааны сүүлийн үеийн ололтуудын үр дүнд илүү хялбар аргаар уг генид нөлөөлж урт наслах боломж бүрдэж байгаа тухай дараачийн удаад танилцуулах болно.

Эх сурвалж: robomec.blogspot.jp

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж