25 жилийн өмнө Монголын анхны англи хэл дээрх “The Mongol Messenger” сониныг үүсгэн байгуулж байсан сэтгүүлч Ч.Бүрэнбаяр “The Mongolian Observer” нэртэй мөн англи хэл дээрх шинэ сэтгүүлийг гаргажээ. Монголын улс төр, нийгэм, эдийн засаг, соёр урлагийн үйл явдлын долоо хоногийн тоймыг өгөх зорилготой шинэ сэтгүүлийн нээлт өнгөрсөн Пүрэв гаригт боллоо.
Сэтгүүлийн эхний дугаар Монгол Улсын гадаад бодлого, геополитикийн асуудалд зориулагджээ. Энэ дугаараас та тоймч Д.Баярхүүгийн “Монгол ба геополитикийн шинэ загвар” нийтлэл, сэтгүүлч Г.Ганболдын “Олон улсын хамтын ажиллагаагаар дамжуулан олж авсан эрх чөлөө ба тусгаар тогтнол” нийтлэл,сэтгүүлч Т.Төмөрхүлэгийн “Хамтаар хөгжих онол” нийтлэл, доктор Д.Шүрхүүгийн “Ази Европыг холбох гүүр” нийтлэл, мөн УИХ-ын гишүүн Р.Амаржаргалын булан, Гадаад харилцааны сайд асан Ц.Гомбосүрэнтэй хийсэн ярилцлагыг сонирхон унших болно.
Сэтгүүлийн дугаар болгон тодорхой нэг сэдэвт зориулагдах болно хэмээн сэтгүүлийн эрхлэгч Ч.Бүрэнбаяр хэллээ.
А.ТУЛГА